Дэлхийн аваргын дараа орохуйц нэр хүндтэй Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн өнөө шөнө Францад нээлтээ хийнэ. Бүтэн сарын турш үргэлжлэн явагдах тус тэмцээний нээлтийн тоглолт өнөө шөнө Улаанбаатарын цагт 04.00 цагаас Франц-Румыны тоглолтоор эхэлнэ.
“Евро-2016”-д нийт 51 тоглолт болох бөгөөд МҮОНРТ-ийн “Монголын мэдээ” суваг HD форматаар эх орон даяар шууд дамжуулах гэж байна
Бид өнөөдрөөс хоёр хуваагдана. Гэхдээ хоёр намд биш. “Сонгууль 2016”, “Евро 2016” гэсэн хоёр өөр сонирхол, хоёр өөр хандлагад хуваагдах гэж байна. Сонирхолтой нь дээрх үйл явдлууд нэгэн зэрэг эхэлж, бараг нэгэн зэрэг дуусна. Нэг сарын хугацаанд бид ер нь аль зүгт яваа нь тодорхой болох болов уу. Их энгийн. “Хандлага бүхнийг тодорхойлно” гэж хүндэлж явдаг профессор эгч минь хэлж билээ. Тэгвэл Монголд аль хандлага нь жинтэй байна вэ. Улс төр үү, спорт уу? Мэдээж эх орныхоо төлөө санаа зовдог хүмүүс, ер нь томчууд эхний хэсгийг буюу “Сонгууль 2016”-д гол анхаарлаа хандуулах байх. Тэд нам, улс төрчдийн шоу, ярилцлага, мэдээлэл, сурталчилгааг цаг алгасахгүй үзнэ. Харин 2 дахь хэсгийг буюу “Евро 2016”-г ердөө л залуучууд, шуудхан хэлвэл банди нар голдуу сонирхох байх гэж үү? Үгүй ээ. Би л хувьдаа тэгэж бодохгүй байгаа юм. Миний хувьд 2 дахь хэсэг нь гайхамшигтай. “Дэлхийн өндөр хөгжсөн орнуудад хамгийн уйтгартай сэдэв нь улс төр, хамгийн халуун сэдэв нь спорт. Зарим улсын иргэд ерөнхийлөгчөөсөө бусад улстөрчдийг бараг танихгүй шахуу, харин спортын багууд, тоглогчдын тухай ярилцвал ёстой хүүрнэн өгүүлнэ дээ” гэж ярихыг олон удаа сонсож билээ. Ажиглаад байхад нээрээ ч тийм. Улстөрчид од биш. Ерөнхийлөгч ч бай, Ерөнхий сайд ч бай тэр бол төрийн албан хаагч, жирийн л иргэн, зүгээр л хүн. Харин спортын амжилт гаргаж байгаа тамирчин бол жинхэнэ супер од. Тэр бол бурхан. Яг ийм хандлага нь өөрөө хөгжлийн хэмжүүр юм уу даа гэж бодогдох. Учир нь спорт бол шудрага ёс. Усэйн Болт 100 метр замыг 9,5 секунтад туулахын тулд хэнд ч авлига өгөөгүй. Спорт бол эв нэгдэл. 7 сарын 1-ний улс төрийн хэрүүл тэмцэл эцэстээ онц байдал зарлахад хүргэсэн бол Найдангийн Түвшинбаярын олимпийн алтан медаль Монгол хүн бүрийг хүүхэд шиг хөөрүү болгож, гудамжинд танихгүй хүмүүс тэврэлдэхэд хүргэж байсан. Спорт бол эрүүл мэнд. Хураасан бүх хөрөнгөө хорт хавдрын эмчилгээнд зарцуулаад дуусгахгүй байх, ёоо ч гэх өвчингүй байх боломж. Спорт бол аз жаргал. Өрөөлийг болон өөрийгөө ялж чадсаны аз жаргал. Ийм болохоор л спортод дурлах хандлага дэлхийн ихэнх оронд төлөвшиж, мянга мянган цэнгэлдэх, спорт зал, дугуйлан, гүйлтийн замууд, тэмцээн уралдаан, алдартнууд хөвөрч байгаа байх.
Спорт бол эв нэгдэл. 7 сарын 1-ний улс төрийн хэрүүл тэмцэл эцэстээ онц байдал зарлахад хүргэсэн бол Найдангийн Түвшинбаярын олимпийн алтан медаль Монгол хүн бүрийг хүүхэд шиг хөөрүү болгож, гудамжинд танихгүй хүмүүс тэврэлдэхэд хүргэж байсан. Спорт бол эрүүл мэнд. Хураасан бүх хөрөнгөө хорт хавдрын эмчилгээнд зарцуулаад дуусгахгүй байх, ёоо ч гэх өвчингүй байх боломж. Спорт бол аз жаргал. Өрөөлийг болон өөрийгөө ялж чадсаны аз жаргал. Ийм болохоор л спортод дурлах хандлага дэлхийн ихэнх оронд төлөвшиж, мянга мянган цэнгэлдэх, спорт зал, дугуйлан, гүйлтийн замууд, тэмцээн уралдаан, алдартнууд хөвөрч байгаа байх.
Харин манайд 76 гишүүн од. Тэдний хэрүүл уруул бол сенцаци. За одоо бол бүр бух тулаан эхэлж байна. Үнэндээ тэдний үсэргэсэн шүлс бидэнд юу авчирав. Нэг гэр бүлийн 2 хүртэл намаар талцах нь тэгээд хэнд хэрэгтэй юм бүү мэд. Уг нь УИХ-ын гишүүн гэдэг чинь зүгээр л хууль санаачлагч. Тэр ядаж сайд биш. Тэр зам, байшин баригч биш. Мөнгө тарааж гишүүн болдог тэр эрхэмээс мөнгөгүй ч гэлээ дэлхийн тэмцээнд орно доо гэсэн мөрөөдөлтэй нэг тамирчин хүүхэд илүү. Тийм болохоор л “Сонгууль 2016” эсвэл “Евро 2016” юу гэж асуугаад байгаа юм. Өнөөдөр хүн төрөлхтний спортын хамгийн том баяруудын нэг эхэлж байна. Цэнхэр гаригийн 7 тэрбум хүний дийлэнх нь “Евро 2016”-г, “Рио-2016”-г хүлээж байна. Бүх спортын “хаан” хөлбөмбөг ногоон талбайдаа гарах гэж байна. 4 жилд нэг удаа болдог хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зуны олимпоос 2 дахин их хүн үздэг гэдэг. Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн ч бас үзэгчдийг байлдан дагуулалтаараа бараг л илүү гарна уу гэхээс дутахгүй. Өнөөдөр хөлбөмбөгийн холбоо нь НҮБ-аас ч олон гишүүн орнуудтай гээд бод. Ер нь спорт байгаагүй бол дэлхийн 3, 4, 5-р дайн гарах байсан биз. Харин Монголд спорт, спорт сонирхогчид хөгжөөд, тэдний уухайн дуунд улс төрийн дайн дарагдах биз ээ. Франц улсын Парис хотноо манай цагаар өнөө шөнө “Евро 2016” нээлтээ хийнэ.
“Евро -2016” тэмцээн 2016 оны зургаадугаар сарын 10-аас долоодугаар 10-ны өдрүүдэд Франц улсын Парис, Сен-Дени, Марсель, Лион, Бордо, Сент- Этьен, Тулуз, Ланс, Лилль и Ницце хотуудад болох юм. Сая сая хүн хөлбөмбөг үзэхээр цэнгэлдэх, спорт бар явж, тэрбум тэрум хүн гэртээ үзэх гэж байна. Монголын Мэдээ HD суваг энэ тэмцээнийг шууд дамжуулах албан ёсны онцгой эрхийг худалдан авсан. 21 аймаг, 330 суманд цацахад бэлэн болж, Б.Батзаяа тэргүүтэй шилдэг тайлбарлагчдын баг ажилдаа ороод байна. Хэрэв та 2 дахь хандлагын хүн бол Монголын Мэдээтэй хамт байгаарай.
Б.ПҮРЭВ /Монголын Мэдээ HD суваг/