Сахаг зорих өсвөрийн тамирчидтай уулзлаа

Хуучирсан мэдээ: 2016.06.10-нд нийтлэгдсэн

Сахаг зорих өсвөрийн тамирчидтай уулзлаа

ОХУ-ын Саха Якутск улсад долдугаар сарын 5-17-нд болох “Азийн хүүхдүүд” олон улсын спортын VI их наадамд оролцох Монгол улсын өсвөрийн баг тамирчдыг Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн дарга МУГД Д.Жаргалсайхан, тус наадмын зохион байгуулах хорооны ерөнхий нарийн бичгийн дарга ОХУ-ын Саха улсын иргэн Хатылыков Сергей Александрович нар хүлээн авч уулзав.

Уулзалтаар өнөө жилийн наадмын онцлог, зохион байгуулалтын талаар ярилцсан ба, Монголын баг тамирчдын бэлтгэлийн хувцсыг танилцуулсан юм. Уулзалтанд БТСХТ-ын хэлтсийн дарга Т.Батзориг, Б.Оюун нар оролцлоо. С.А.Хатылыков уг наадмын сонгогдсон спортын төрлүүдийн мэдээлэл, зохион байгуулалт, наадмын төрлүүд явагдах цэнгэлдэх хүрээлэн, спортын байгууламжууд тамирчдын тосгоны талаар сонирхолтой мэдээ танилцуулга хийлээ. 

“Азийн хүүхдүүд” ОУ-ын наадам нь 1996 оноос эхлэн 4 жил тутам зохион байгуулагдаж, 2010 онд Олон улсын Олимпийн Хорооны болон Азийн Олимпийн Зөвлөлийн ивээлд орж, 2011 онд энэхүү наадмыг ЮНЕСКО-д соёлын өвийн бүртгэлд авсан байна. 

“Азийн Хүүхдүүд” Олон улсын спортын VI их наадам 2016 оны 7 сарын 5-17-нд болж ОХУ-ын Спортын яам, Боловсрол шинжлэх ухааны яам, Саха улсын Засгийн газар, ОХУ-ын Үндэсний Олимпийн хороо, Азийн Олимпийн Зөвлөлийн ивээл дор спортын 21 төрлөөр ОХУ-ын Саха улсын Якутск хотноо зохион байгуулагдаж 39 орны 4500 тамирчид, төлөөлөгчид оролцохоор мэдүүлгээ өгөөд байна. 

Манай улсын тамирчид 1996 оны анхны наадмаас оролцож, энэхүү наадмаас тамирчны гараагаа эхэлсэн жүдо бөхийн Х.Цагаанбаатар, М.Бундмаа, боксын тамирчин Н.Төгсцогт, н.Цэндбаатар, гимнастикийн А.Эрдэнэболд, чөлөөт бөхийн П.Өнөрбат зэрэг олон тамирчин өнөөдөр Монгол улсынхаа нэр төрийг хамгаалж спортын тавцанд өндөр амжилт үзүүлсээр байна. Монголын өсвөрийн тамирчид 2012 оны 7 дугаар сарын 05-16-нд явагдсан V их наадамд 152 хүний бүрэлдэхүүнтэй спортын 17 төрөлд баг тамирчидаа оруулж 12 алт, 10 мөнгө, 20 хүрэл, нийт 42 медаль хүртэн багийн дүнгээр ОХУ, Казахстан улсын дараа III байрт шалгарч байв. 

Манай улсаас энэ удаагийн наадамд спортын 18 төрөлд 176 тамирчин, дасгалжуулагч нарыг оролцуулахаар өсвөр үеийн УАШТ,сонгон шалгаруулах тэмцээнүүдээс бүрдүүлэн авсан юм. Өсвөрийн тамирчид одоогоор наадмын бэлтгэл сургуулилтаа идэвхтэй ханган ажиллаж байна. Наадамд оролцох бүрэлдэхүүний 138 хүн нь 16-гаас доош насны өсвөрийн тамирчид байна.
Тамирчдыг Зам тээврийн яам, МИАТ хувьцаат компани дэмжин тусалж хоёр талын нислэгт онгоц гарган өгч, хөнгөлөлттэй тарифаар аялуулах болсон юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж