Ч.Сайханбилэгийн муухай бэлэг

Хуучирсан мэдээ: 2016.06.10-нд нийтлэгдсэн

Ч.Сайханбилэгийн муухай бэлэг

Ердөө долоохон хоногийн өмнө, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх шийдвэрийг гаргасан эрх баригчид УИХ-ын 2016 оны сонгуулийн босгон дээр иргэддээ дахин гэнэтийн бэлэг барихаар шийджээ. Тэр нь Монгол Улсын хоёр сая 858 мянган иргэнд эзэмшүүлсэн “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 ширхэг хувьцааны 30 хувьтай тэнцэх буюут 323 ширхэг хувьцааг Шийдлийн Засгийн газар 300 мянган төгрөгөөр худалдан авахаар болов. Хувьцаагаа зарах эрх ирэх долоо хоногийн даваа гаригт иргэдэд нээлттэй болох юм. Эдгээр өдрүүдэд брокер диллерийн компаниуд болон арилжааны банкуудын өмнө бэлэн мөнгөний хомсдолд орсон монголчууд хэрхэн дугаарлан зогсох дүр төрхөөс Монголын эдийн засаг ямар байдалд орсныг харж болно.

2011 онд Засгийн газраас 98 дугаар тогтоол гарган 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө төрсөн Монгол Улсын бүх иргэнд “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 ширхэг хувьцааг үнэ төлбөргүй шилжүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Засгийн газрын албан ёсны сайтад тавигдсан мэдээнээс харахад нийтдээ хоёр сая 858 мянган иргэн хувьцаа эзэмшсэнээс давхардсан тоогоор 278 мянган оюутанд нийт 138 тэрбум төгрөг, 2011 онд эрүүл мэндийн даатгалын шимтгэл хэлбэрээр 615 мянган иргэнд нийт 4,8 тэрбум төгрөгөөр, ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй 322 мянган иргэнд 322 тэрбум төгрөгөөр давхардсан тоогоор 1 сая 216 мянга 734 иргэнд 464,8 тэрбум төгрөгөөр хувьцааг нь мөнгөжүүлсэн байна. Харин үлдсэн 1 сая 650 мянган иргэний хувьцаа мөнгөжөөгүй байгаа агаад өөрийн эзэмшлийн хувьцаагаа худалдах хүсэлт гаргавал эхний ээлжинд 323 хувьцааг нь нэрлэсэн үнээр нь Засгийн газар худалдаж авахаар болж байна. Нэг сая 650 мянган хүн 30 хувиа зарж, 300 мянган төгрөгөө авна гэж тооцох юм бол Засгийн газарт дор хаяж 400 сая ам.доллар байх ёстой. Улсын данс нь улайж, үзээд өгье гэхнээ мөнгөгүй болчихоод байгаа Монголын төрд бэлнээр тарааж, эдийн засгийн хямралд сульдаж яваа иргэдээ “баярлуулах” энэ хэмжээний их мөнгө бий юу?

Цалин тэтгэвэр тэтгэмжээ тавьж чадахгүйд хүрэх дөхөөд буй Засгийн газар өнгөрсөн хавар 750 сая долларыг гаднаас өр тавьж авчирснаа өнөөдөр халамж болгоод тараах гээгүй байлтай. Нөгөөтэйгүүр төв банкаар их хэмжээний төгрөгийг үйлдвэрлүүлж, "Эх орны хишиг" болгон өгөхөөр төлөвлөө юу. Ингэснээрээ “живж” яваа эдийн засгаа түлхэн унагааснаас ялгаагүй харагдаж байна.

Өнгөрсөн 2012 оны УИХ-ын сонгуулийн өмнө С.Батболдын Засгийн газар “Эх орны хишиг”, “Эрдэнийн хувь” нэрээр сая, сая төгрөг цацсанаас болоод Монголын эдийн засаг хямрах гол үндсэн болсон гэж эдийн засагчид тайлбарласан.

“Бид халамж тарааж биш бүтээж чадсан” хэмээн ердөө нэг хоногийн өмнө бахархаж суусан Ардчилсан намын дарга З.Энхболд, “эдийн засаг, эдийн засаг, эдийн засаг” гэж хашгиран байж гарч ирсэн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар ангийнхаа “поп”-уудаас, С.Ганбаатар, Г.Уянга нараас, МАН-ынхнаас ялгарах юм даанч алга.

“Бид халамж тарааж биш бүтээж чадсан” хэмээн ердөө нэг хоногийн өмнө бахархаж суусан Ардчилсан намын дарга З. Энхболд, “эдийн засаг, эдийн засаг, эдийн засаг” гэж хашгиран байж гарч ирсэн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар ангийнхаа “поп”-уудаас, С.Ганбаатар, Г.Уянга нараас, МАН-ынхнаас ялгарах юм даанч алга.

Бэлэн мөнгө тараах нь эдийн засагт эрсдэл дагуулдаг гэдгийг өнгөрсөн гурван жилд бид яс махаараа мэдэрсэн. Энэ тохиолдолд өнөөдөр “Сайн хувьцаа” нэрээр, хувьцааг мөнгөжүүлэх хэлбэрээр Сонгуулийн хуулиа зөрчин байж амлалт өгөх Ардчилсан нам ч, Ардын намд ч эдийн засгаа гэх эрүүл ухаан байна уу, ингэхэд. Учир нь МАН-ын нэр дэвшээгүй үлдэж байгаа нэр бүхий дөрвөн гишүүн, УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, Су.Батболд, Ж.Батсуурь, Ё.Отгонбаяр нар "Эрдэнэс Таван толгой" хувьцаат компанийн иргэдэд үнэ төлбөргүй эзэмшүүлсэн 1072 хувьцааг мөнгөжүүлэх асуудлаар УИХ-ын тогтоолын төсөл боловсруулснаа Засгийн газарт хүргүүлж буйгаа өчигдөр мөн зарласан билээ.

Бэлэн мөнгө тарааснаар хүмүүс бэлэнчлэх сэтгэлгээтэй ажил хийх сонирхолгүй болдогийг бид сайн мэднэ. Ердөө дөрвөн жилийн өмнө Монголд архидалт, гэмт хэргийн зөрчил ямар байлаа даа. 

Гадаадын хөрөнгө оруулалтыг үргээж, эрх ашгийнхаа төлөө томоохон төслүүдээ уяж, гацааж, иргэдийн амьдрал, эдийн засгаа доройтуулчихаад одоо ядарсан иргэдээ бэлэг тарааж баярлуулах гэж байгаа чинь хүртэл сонгуулийн шоу болж харагдаад байна.

Намууд бэлэн мөнгө тарааж, амлалт өгөхгүй гэж хуульчилж өгсөн атлаа сонгуулийн өмнө ядарсан иргэдээрээ тохуурхаж, хямралд орсон эдийн засгаараа даажигнах ямар шаардлага байгаа юм бэ. Өмнөх сонгуулиар тараасан бэлэн мөнгөний үр дагавар нь эдийн засагт тод томруунаар илэрчихсэн байхад өнөөх попуудаасаа ялгарах юмгүй амлалт өгөөд зогсч байгаа Ардчилсан намын, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн бэлэг муухай байна.

Уг нь Ардчилсан нам ч, Ардын нам ч амлалтаар биш, бодлогоор, халамжаар биш ажлаар уралдсан бол илүү бодитой, илүү эрүүл харагдах байлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж