УИХ-ын гишүүд ажлын тайлангаа тавьж буй нэрийдлээр далд сурталчилгаа эхэлж, сонгогчдод хайрын үгээ харамгүй цацаад сүйд, цаагуур чинь. Ардчилсан намынхны хэлж байгаагаар Монгол Улс газрын диваажин болсон юм байх. Зам харилцаа сайжирч, дөрвөн зүг, найман зовхист хатуу хучилттай автозамаар салхи татуулан давхих нөхцөлийг бүрдүүлжээ. Нийслэлийн авто замын уулзваруудаар хөндлөн гулд туучиж байгаа аятай сүлжилдэн давхисан ч болох гэнэ. Дахин төлөвлөлтийн хүрээнд тэнгэр баганадсан өндөр барилгууд ч нар, сарыг хаах шахам сүндэрлэсэн юм байх. Ер нь од хүртэл халхлагдах болсон гэдэг шүү. Гэвч өндөр барилгад амьдрах, автозамаар сүлжилдэх иргэдийнхээ талаар юу хийв гэдэг асуултаар сонгогчид нь эрх баригчдыг булах болов. Өрхийн амьжиргаа дордож, хэвтрийн эдийн засагтай нэг тасагт “эмчилгээ” хүлээж байгаагаа хойш тавъя. Харин “Хүүхдээ цэцэрлэгт өгмөөр байна, сугалаа сугалсаар байх уу” гэх нэгэн байхад “Сургуульд суралцагчид шамбааралдаж, шахцалдсан байдал хэдэн жил үргэлжлэх вэ” гэж асуух нь ч бий.
Цэцэрлэг, сургуулийг нь барьдаггүй юм аа гэхэд багшлах боловсон хүчнийх нь нийгмийн асуудлыг ядаж бодлогынхоо тойрогт багтааж болсонгүй юу гэх асуулт АН-ынхныг ам нээх эрхгүй болгов. Урьд насандаа ямар үйлийн үр хийсэн юм гэлтэй хөөрхий багш нарын цалин сарынхаа хэрэгцээнд ч хүрдэггүй. Өдгөө багшийн цалин 380 мянган төгрөг. Бага болон дунд ангийн ангийн багш нар 25 жил ажиллаж байж 608 мянган төгрөгийн цалин авдгаа Өргөдлийн байнгын хорооноос зохион байгуулсан хэлэлцүүлгийн үеэр хэлж байв. Ийм хэмжээний цалинтай учраас тэдний нийгмийн асуудлын талаар яриад ч хэрэггүй. Юун тэр тэнгэр баганадаж, нар сарыг хааж байгаа орон сууцанд орох. Арилжааны банкуудын өндөр босгод бүдэрч, шалгуурыг давахгүй учир банк руу шагайдаг ч үгүй юм, үнэндээ. Цалин багатай, ачаалал ихтэй энэ мэргэжлээс дайжих хандлага ч бий болж. Энэ байдлаараа Монгол Улс багшгүй болоход хүрч байгааг Ж.Батзандан хэлж байсан. Ямартаа л аргаа барахдаа багш нарын цалинг нэмж чаддаггүй юм бол ядаж нийтийн тээврээр үнэгүй зорчуулах, үгүй дээ л, ямар нэгэн шат дамжлагагүйгээр хүүхдүүдийг нь улсын цэцэрлэг авдаг байх боломжоор хангаж өгөөч гэж цөхрөнгөө барж байна. Энэхүү хүсэлтээ Засгийн газарт хаяглаж, ёстой л нөгөө “шувуунд хүртэл дайгаад” ч үр дүн гараагүй. Ч.Сайханбилэг энэ асуудал дээр хуруугаа ч хөдөлгөөгүй юм.
Хэдийгээр тухайн багшийн хөдөлмөрийн шинж чанар, мэргэжлийн онцлогт тохирсон цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, нөхөх олговор, шагнал урамшуулал авах зэрэг эрх зүйн орчин хуульд заасан байдаг хэдий ч энэ нь бодит амьдралд хүрэлцэхгүй байна. Тэр ч бүү хэл, ерөнхий боловсролын багш нарын анги удирдсан, ур чадварын нэмэгдэл олгогдохоо болив. Шалтгаан нь өнөөх л төсөв мөнгөтэй холбоотой. Улс мөнгөгүй тул тэднийг тэвчиж амьдар гэсэн хатуу шаардлага тулгасан нь энэ. Өнөөдрийн байдлаар нэг багшид 45-50 хүүхэд оногдож байна. Юун ажлын найман цаг. Үргэлж илүү цагаар ажилладаг тэд хүнд үйлдвэрийн ажиллагсдаас ялгарахгүй. Түмний хүүхдийн төлөө хүч хөдөлмөрөө зарцуулж яваа тэд ажлын ачаалал гэж гомдоллож байсангүй. Гагцхүү нийгмийн асуудалд нь төр, засгаас анхаарал хандуулж, цалинг нь нэмэгдүүлэхийг л хүсдэг. Гэтэл цалинг нь нэмэх нь битгий хэл урамшууллыг нь “үгүй” хийсэнд харамсаж явна. “Ядаж нэмэгдлээ авъя” гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт үг дайж суух вэ дээ.
Уг нь хууль эрх зүйг нь уншвал сайхан зүйлүүд бий. Ёстой л үлгэрийн орноор зочилж байгаа гэлтэй, зүүд зэрэглээ шиг үг, өгүүлбэрүүдийг эрх баригчдын амнаас ч олонтаа сонсдог. Гэвч бодит байдал дээр тэнгэр, газар шиг зөрүүтэй байдгийг хэн хүнгүй хэлээд өгнө. Ядаж л холын аймгуудад ажиллаж байгаа багш нарт бүсийн нэмэгдэл олгох, мэргэжлийн боловсролыг нь дээшлүүлэх зорилгоор давтан сургах, сургалтын хэрэглэгдэхүүн ном хэвлэл, гарын авлага худалдан авах зэргийг сургуулийнх нь төсөвт суулгаж өгөх шаардлагыг Ч.Сайханбилэгт салбарынхан нь мөн ч их хэлсэн дээ. Харамсалтай нь, өнөөдрийг хүртэл авч хэрэгжүүлсэн ажил алга.
С.НЭМЭХ