Кино бүтээгчид зохиолгүй болов уу?

Хуучирсан мэдээ: 2016.06.10-нд нийтлэгдсэн

Кино бүтээгчид зохиолгүй болов уу?

-Ганц өнөр бүл гэлтгүй өнөөдөр нээлтээ хийж буй “Сайн уу, амьдрал минь-2”, өмнө гарсан “Үргээлэг-2”, “Орхидос-2”, “Ядуугийн зовлон-2”, “Single ladyes-2” гэхчилэн урьд өмнө гарсан киноноосоо санаа сэдэл аван үргэлжлүүлэн бүтээсэн кинонууд цөөнгүй байна-

36 жилийн өмнө бүтээсэн “Өнөр бүл” киноны ахмад уран бүтээлчид өчигдөр /2016.06.09/ ихэд гомдолтой мэдээлэл хийлээ. “Гажиг Гармаа”, “Ягаан Гажид” гэхчилэн бүтээсэн дүрээрээ олны танил болсон МУГЖ Ч.Алтан-Өлзий, Ц.Цэнд-Аюуш нар шинэ цагийн өнөр бүлд тун чиг сэтгэл дундуур яваагаа мэдэгдлээ. Тэдний хувьд киноныхоо хоёрдугаар ангийг бүтээе гэж бодож явсан ч хөрөнгө мөнгөгүйн бэрхшээлээс болж хийж амжаагүй явснаа дуулгав. Шинэ ангийг хийж буй залуу уран бүтээлчид киногоо хийж эхэлсэн хойноо ахмадуудад мэдэгдсэн гэнэ. Ахмадууд татгалзсан хариу өгтөл “Тэгвэл мөнгө өгье” гэж хэлсэнд ихэд бухимдаж байгаагаа МУГЖ Ч.Алтан-Өлзий тодотгожээ.

Амидаа нарыг андуурсан будилаанаас үүдэлтэй өрнөж буй үйл явдлыг харуулсан, хайр сэтгэл, утга уянгын “Өнөр бүл” киног өнөө цагийн залуус огт мэдэхгүй байгаа учраас сэргээн шинэчилж байна гэж “Өнөр бүл-өнөө цагт” киноны уран бүтээлчид мэдэгдэж байсан билээ. Гэвч алтан үеийнхний бүтээсэн “Өнөр бүл”-ийг огт гүйцээгүйн дээр өмнөх киног үг өгүүлбэрээр нь хуулсны дээр ямар ч шинэлэг санаа байхгүй, ур дутсан бүтээл болжээ гэж ахмадууд дүгнэв.

Энэхүү үйл явдал киноныхон сайн киноны зохиолоор ангаж цангаж явааг харуулав бололтой. Монголын кино урлаг сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж, үзэгчдийнхээ хүрээг ч тэлсэн. Үүнийг үгүйсгэх аргагүй. Дээр нь кино бол ашигтай бизнес. Тиймээс ч сар тутам шинэ кино гарч байна. Урин дулааны улиралд бол сард 2-3 кино гаргаад ч амждаг кино урлагийнхны овсгоог гайхалтай.

Харин бүтээлийнх нь тухайд учир дутагдалтай байгааг ахмад уран бүтээлчид бүү хэл эгэл үзэгч ч хэлдэг. Киног бүтээж буй орчин цагийн техник технологийн хувьд жилээс жилд, киноноос кинонд сайжран шинэчлэгдэж байна. Кино зохиол болоод шинэ содон санаа, шийдэл дутмагаас хуучин киноноос санаа авч үргэлжлүүлэх, бүр дуурайж хуулбарлах хэлбэр руу орж байна. Үүний нэг жишээ бол “Өнөр бүл өнөө цагт” кино юм. Ганц өнөр бүл гэлтгүй өнөөдөр нээлтээ хийж буй “Сайн уу, амьдрал минь-2”, өмнө гарсан “Үргээлэг-2”, “Орхидос-2”, “Ядуугийн зовлон-2”, “Single ladyes-2” гэхчилэн урьд өмнө гарсан киноноосоо санаа сэдэл аван үргэлжлүүлэн бүтээсэн кинонууд цөөнгүй байна. Эдгээрээс “Үргээлэг-2” бол үргэлжлэхээс аргагүй байжээ гэж дүгнэж болохоор. Бусад бүтээлийн хувьд өмнөхөөсөө двсан бүтээл болоогүй гэчихвэл өөчилж гоочилсон болохгүй биз ээ.

Залуу уран бүтээлчдийн хийе, бүтээе, мөнгө олъё гэсэн оргилуун сэтгэлийг унтраах гэсэнгүй. Гагцхүү тэднийг ирлэх, ур ухааныг нь тултал гаргах, авьяас билгийг нь шавхахуйц кино зохиол, шинэлэг санаа сэдэл үгүйлэгдээд байна. Сүүлийн үед гарч буй кинонуудаас ажиглахад ихэвчлэн жүжигчид өөрсдөө зохиолоо бичиж, найруулж, жүжиглэж, бүр зургийн даргаа хийж байна. Ёстой л нөгөө даргаасаа цэргээ хүртэлх бүх ажлыг цөөхүүл үүрч байгаа нь уран бүтээлийн хүрээг улам багасгаад байх шиг. “Алимаа дуулж, Алимаа бүжиглэнэ” хэмээн Алимаа зарладаг хүүхэд насыг санагдуулам бүтээл хичнээн шинэлэг байх гээд ч яах билээ. Дээр нь киноны арын алба, аж ахуйн ажлыг давхар амжуулна гэдэг амаргүй. Аяга, тагш, бөгж зүүлтнээс эхлээд тухайн орчин нөхцөлийг харуулах гэж ямар их ажил өрнөдгийг кино бүтээж үзээгүй ч багцаалдаж байна. Нэг толгойноос хоёр толгой заавал илүү байдгийг сануулахад илүүдэх юун. Алтан үеийнхэн жилдээ нэг хоёрхон час хийсэн кино бүтээж байсны учир маш өргөн бүрэлдэхүүнтэй кино багтай холбоотой байхыг үгүйсгэхгүй. Бүхнийг зах зээлийн тооцоололд оруулж, олон ажлыг нэг уран бүтээлч гүйцэтгэх нь эдийн засагт ашигтай ч эргээд үзэгчдээ уйдаах, залхаахад хүргээд байна бус уу. Үзэгчгүй бол кино, киноны уран бүтээлчид юү болох билээ.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж