Мадагаскараас нисэх онгоцны сэг олджээ

Хуучирсан мэдээ: 2016.06.10-нд нийтлэгдсэн

Мадагаскараас нисэх онгоцны сэг олджээ

Мадагаскарын зүүн эргээс Малайзын агаарын тээврийн “Боинг-777” онгоцны сэгүүд олджээ. Мадагаскарын эргээр эрэл хийж явсан Блейн Гибсон гэгч нисэх онгоцны хэд хэдэн сэг олсон байна. Түүний олсон зүйлсэд нисэх онгоцны суудлын арын хавтан, далавч, эх биеийн гадаргуу зэрэг байгаа аж. Тэрбээр “Эдгээр зүйлс “МН370” нислэгийнх гэдэгт бүрэн итгэлтэй байна” хэмээжээ.

Блейн Гибсон өмнө нь Мозамбекийн эргээс МН370 нислэгийг үйлдэгч Боинг-777 онгоцны сэгийг олж байсан юм. АНУ-ын Сиэтл хотноо хуулийн фирмийн өмгөөлөгч Блейн Гибсон Африкийн зүүн хэсэгт хувиараа хайгуул хийж байгаа аж. Одоогоор Австрали улсын тэргүүлсэн олон улсын эрлийн баг Энэтхэгийн далайн өмнөд хэсэгт хайгуул хийж байгаа билээ. Тус баг хувь хүмүүсийн олсон онгоцны сэгийг судлан шинжилж, “МН370” нислэгийнх мөн эсэхийг тодруулна.

Малайзын агаарын тээврийн “МН370” нислэг 2014 оны гуравдугаар сарын 8-нд Энэтхэгийн далайд унаж сүйрчээ. Куала-Лумпураас Бээжин хүрэх нислэгт 239 хүн зорчиж явсны олонх нь Хятадын иргэд байсан юм.

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж