Д.Энхбат: АТГ-т тайлбар хүргүүлсэн

Хуучирсан мэдээ: 2011.07.06-нд нийтлэгдсэн

Д.Энхбат: АТГ-т тайлбар хүргүүлсэн

УИХ-ын гишүүн Д.Энхбатыг Авлигатай тэмцэх газрынхан шалгаж эхэлсэн тухай мэдээлэл дуулиан дагуулаад байна. Энэ асуудалтай холбогдуулж, түүнтэй ярилцлаа.


-Таныг улсаас олгосон мөнгөн дэмжлэгээс 70 гаруй сая төгрөг хувьдаа авч ашигласан гэж МНН-ынхан Авлигатай тэмцэх газарт өгсөн байна. Үүнд та ямар тайлбар хийх вэ. Үндэслэлгүйгээр ийм гомдол гаргамааргүй юм?

 -Авлигатай тэмцэх газар аливаа өргөдлийг 19 хоногийн дотор шалгах хуультай.  Хуулийн дагуу надаас тайлбар хүссэн. Хариултыг нь өгсөн. УИХ- д суудал бүхий намд төрөөс үзүүлэх нэг удаагийн мөнгөн дэмжлэг болох 134 сая төгрөгийг Иргэний эвслийн Удирдах зөвлөлөөс тохиролцон шийдвэрлэснээр нам тус бүрт тухайлбал, Иргэний хөдөлгөөний намд 32 сая 754 мянган төгрөг, Монголын социал демократ намд 13 сая төгрөг хуваарилсан. Үлдсэн хэсгийг нь МНН өөрийн дотоод болон УИХ-ын үйл ажиллагаандаа зохих журмын дагуу зарцуулан, цаг хугацаанд нь тайландаа тусган, аудитаар баталгаажуулж ирсэн. Өнгөрсөн гуравдугаар сард хийсэн намын ээлжит их хурал дээр ч үүнийгээ нээлттэй тайлагнасан. Үүнийгээ л  Авлигатай тэмцэх газар болон, Улсын дээд шүүхэд тус бүр хүргүүлээд байна.

-Улсын дээд шүүхэд бас тайлбар хүргүүлсэн гэхээр дан ганц Авлигатай тэмцэх газарт өгөөд зогсоогүй болж таарах нь ээ?

-Тийм ээ. ИЗ-НН хоёр нэгдэхэд манай гишүүдийн 90 гаруй хувь нь дэмжсэн, 10 хүрэхгүй хувь нь эсэргүүцэж байсан. Тэр хүмүүс энэ бичгийг Авлигатай тэмцэх газар төдийгүй Улсын дээд шүүхэд хүртэл өгсөн байна лээ. Улсын дээд шүүхээс намын эд хөрөнгө, материалыг лавлаж үзсэн. МНН Монголын хамгийн авсаархан, цэгцтэй нам. Хэдэн ширээ сандал, компьютертэй. Асуугаад лавлаад,  бужигнаад байх юм үгүй. Яахав тэр хэдэн гишүүд бидний үйл ажиллагаанд саад болъё гэж бодож байгаа учраас бүх л аргаа хэрэглэнэ шүү дээ. Магадгүй 2012 оны УИХ-ын сонгуульд орохыг хүсч байж магадгүй. Тэгээд тэр улстөрөө хийж яваа ч юм уу. Бид ажлаа хийж байна, Авлигатай тэмцэх газрынхан ажлаа хийж байна. Гомдол гаргасан хүмүүсийн хувьд ч ажлаа хийж байгаа бололтой. Хэд хоногийн дараа бүх юм тодорхой болно. Миний хувьд тайлбар гаргахад ердөө 30 минут зарцуулаад л бичгийг нь хийчихлээ. Нэг их бужигнаад нуугаад, хянаад байх юм байхгүй шүү дээ.

-УИХ-ын гишүүн Д.Энхбат Авлигатай тэмцэх газарт шалгагдаад эхэллээ гэхээр олон нийтийн дунд сөрөг мессеж өгч байна. Нөгөө талдаа таны нэр хүндэд халдаж байна. Та нэр төрөө сэргээлгэхээр тэднийг шүүхэд өгөх үү, гүтгэсэн гэсэн үндэслэлээр?

-Өгөхгүй. Сөрөг мессеж очуулах нь тэдний зорилго шүү дээ. Нөгөө талаас би улстөрд орсон хүн ийм юм болно гэдгийг тэртэй тэргүй мэддэг. Манай намын гишүүд хардах эрхтэй. Хэдийгээр энэ тайланг чөлөөтэй үзэх эрхтэй ч гэсэн. МНН-ын Их хурал хуралдахад энэ тайланг тараасан. Гэсэн ч тэд Авлигатай тэмцэх газарт очих хүсэлтэй байна. Тэр хүмүүсийг юу ч зогсоохгүй. Хэн ч байсан муу хэлээд л явна, би мэдэж байна. Энэ бол өнөөдрийн Монголын улстөрийн бодит байдал. Ойлгох хүмүүс нь ойлгоно биз, ойлгохгүй нэг нь ойлгохгүй л биз. Харин энэ нөхдүүдэд нэг л зүйл хэлмээр байгаа юм. Улстөрийн нам гэдэг олонхи цөөнхөөрөө шийдвэр гаргадаг. Тэр тусмаа 90 хувиараа гаргасан шийдвэрийг эсэргүүцэж явах нь өөрсдөд нь ямар ч хэрэггүй. Өөрсдөө олон түмний элэг доог болоод явж байгаа. Бусдын гар хөл болоод, долоо хоногийн өмнө өөр намын хэвлэлийн бага хурал дээр сууж л байна лээ. Нэгэнтээ л зам нийлэхгүй учраас харамсаад байх ч юм алга.

Авлигатай тэмцэх газар, Улсын дээд шүүх өөрсдөө учраа олно биз. Харин улстөржүүлээд нэг зүйл хэлчихье. Үнэхээр манайд газар нутгаа зардаг, тендер луйварддаг, хотын бүх газрыг зардаг,  замбараагүй миллиардаар нь иддэг улсууд байна шүү дээ. Тэгэхэд Монголын хамгийн цэгцтэй, цэвэрхэн, бараг мөнгөгүй ийм улстөрийн намтай зууралдаж байх нь хэрэггүй. Бидний зорилго бол энэ бүхнийг өөрчлөхийг хүсч байгаа. Харамсалтай нь, өнөөдөр Авлигатай тэмцэх газар ямар хэрэгтэй зууралдаж байна, Улсын дээд шүүх өнөөдөр ямар намуудыг бүртгэж байгаа билээ. Өчнөөн хөгийн нам бүртгэж байгаа шүү дээ. Тэгэхэд ИЗ-НН нэг нь арван жил, нөгөө нь 20 жил болчихсон. Хоёулаа УИХ-д суудалтай нам. Хоёр намынх нь бүх гишүүд хурлаа хийж нэгдэх шийдвэр гаргачихаад байхад ийм хүмүүсийн өргөдөлтэй зууралдаад явж байна гэдэг. Тэгээд дээрээс нь ийм их авлигын хэрэг, газар нутгийн наймаа байхад ийм өргөдөл барьчихаад явж байна гэдэг утгагүй. Гэхдээ үүнд Авлигатай тэмцэх газар, Улсын дээд шүүхийг буруутгаад байх юм алга. Монголын дүр зураг ийм л байна.

-Монголын газар нутгийг зардаг, тендер будилуулдаг том “идэштнүүд” байхад гэж та хэллээ. Тэднийг нэр зааж хэлэх боломжтой юу?

-Би бол улстөрийн хууль ойлгодог учраас баримтгүйгээр ярихгүй л дээ. Гэхдээ өнөөдөр Монголын эрүүл ухаантай хүн бүхэн хэвлэл мэдээллээр хараад л мэдэж байгаа шүү дээ. Хоёрдугаарт, хүнийг заавал баримтаар нь хайх албагүй. Дэлхийн бүх оронд авлигыг баримтаар хайдаггүй, хэрэглээгээр нь хайдаг. Жишээлбэл, хувийн онгоцтой болчихсон, асар том хувийн байшингууд барьчихсан төрийн албан хаагчийг хаанаас хөрөнгөтэй болов гэдгийг энэхүү хэрэглээгээр нь баримтжуулж, шалгадаг байх жишээтэй.

-Та өөрийгөө Авлигатай тэмцэх газраас шалгаж эхэллээ гээд бусадтай барьцаад байна уу, үгүй юу?

-Хэн нэгэн хүнтэй барьцаад байгаа юм алга. Гэхдээ улстөрийн намын даргын хувьд нэг зүйлийг хэлэхэд Монголд энэ бүхэн өнөө цагийн дүр төрх. Үүнийг өөрчлөхийн төлөө явна. Харамсалтай нь, энэнээс маш олон дайсантай болно. Тэд нарын нэг л явж байна. Тийм учраас энэ бол байх л зүйл. Нэгэнт чи том өөрчлөлтийг хүсч байвал том дайсантай байна. Үл бүтэх этгээдүүд олон дайралдана гэдгийг мэдэж байгаа юм чинь.

-Тэгвэл сэдвээ өөрчилье, Сонгуулийн хуулиас үүдэлтэй гацаа өнөөдөр ч үргэлжилж байна. Өчигдөр ИЗ-НН байр сууриа илэрхийлсэн. Цаашид яах вэ. Ер нь ард түмний дунд санал асуулга явуулахыг яагаад танай нам эсэргүүцээд байгаа юм бэ. Ард түмнээс санал авна гэдэг жинхэнэ утгаараа ардчилал ажиллаж байгаагийн нэг хэлбэр биш гэж үү?

-Өнөөдрийн ард түмний санал асуулга бол өөрөө маш мухардмал зам. Ард түмний санал асуулгыг Сонгуулийн хуулиар хийж болохгүй учраас Үндсэн хуулийн асуудлыг сөхөж тавьсан. Үндсэн хуулийн асуудал ард түмний санал асуулгаар ороод унавал хуулийн дагуу энэ асуудлыг найман жил дахиж хэлэлцэх эрхгүй. Гэтэл Үндсэн хуультай холбоотой сонгуулийн гол маргаантай юм оруулахаар хоёр нам, гурван нам бие биенээ муу хэлсээр ард түмний 50 хувь санал өгөхгүй байвал яах вэ. Энэ тохиолдолд Монгол Улсад улстөрийн шинэчлэл арван жил зогсох аюултай, нэгдүгээр шалтгаан бол.

Хоёрдугаарт, дэлхийн аль ч оронд улстөрийн намууд тохирсон зүйлээрээ ард түмний дунд санал асуулга явуулдаг. Өөрөөр хэлбэл, өөр өөрсдийнхөө эсрэг суртал ухуулга хийсэн зүйлээр санал асуулга хийдэггүй. Улстөрийн шийдэл гарчихсан зүйлийг зөвлөдөг болохоос биш улстөрийн шийдэл гараагүй өнөөдрийн хоёр нам гэрийн даалгавраа хийгээгүй байж, бид хоёрын хэрүүлийг шийдэж өгөөч гэж хүсдэггүй. Гуравдугаар онцлог бол, ард түмний санал асуулгыг хүн бүрийн мэддэг асуудлаар тавьдаг. Пропорцианаль уу, можариатор уу гэж асуух нь  дотоод сонгуулийн технологийн асуудал. Хүний бөөрийг дурангаар эмчлэх үү, гэдсийг нь хагалж эмчлэх үү гэж асууж байгаатай адилхан. Ийм зүйлийг ард түмний санал асуулгаар асуудаггүй.

-Асуух зайлшгүй шаардлагатай байвал яах юм?

-Тэгвэл түүнийгээ гурван жил сурталчлах хэрэгтэй. Бас нэг шалтгаан нь, 1995 оны УИХ-ын Сонгуулийн тухай хууль. Тэр үед 2008 оны долдугаар сарын 1-н болж байгаагүй, энэ олон сонгуулийн будилаан ч байгаагүй. Тэгэхээр тэр хуульд хяналтын,  хариуцлагын тогтолцоо ч тусаагүй. Тийм хуулиар одоо санал асуулга явуулна гэдэг чинь ямар ч хариуцлагагүй, үнэмшилгүй харагдана.

-Тэгээд одоо яах юм, асуудал шийдэгдэхгүй шүү дээ?

-Хуулиа өөрчлөх хэрэгтэй. Нөгөө талаас асуултаа зөв тавих ёстой. Ард түмний санал асуулгад ямар асуулт тавих вэ гэдэг бол өөрөө 26:50 гэдгээс том маргаан болно. Товчоор хэлбэл, маш жижигхэн өөрсдийн шийдэх асуудлыг үндэсний том асуудал болгож хувиргах байхгүй юу. Тэгээд Үндсэн хуулийн өөрчлөлт бүх юм унана. Хамгийн төгсгөлд нь үнэн чанартаа сонгууль явна. Энэ чинь өөрөө маш том ирээдүйгээрээ тоглосон замбараагүй явдал. Ганцхан улстөрийн намууд өөрсдөө 2012 онд дахин сонгогдохын тулд 2.7 сая хүнээр тоглож болохгүй, улс орны ирээдүйгээр тоглож болохгүй. Монгол Улсын Үндсэн хуулийн реформыг эрсдэлд оруулж болохгүй. Манайд нутаг дэвсгэрийн асуудал байна, хот суурин,  газрын дарга нарыг сонгох асуудал байна. Орон нутгийн сонгуульд улстөрийн намууд орох тухай асуудал байна. Зөндөө л проблемууд байна. Гэтэл энэ бүхнийгээ сонгуульд ялахын тулд эрсдэлд оруулж, тэгээд тохироогүй асуудлаар санал асуулга явуулах нь өөрөө ёс зүйгүй асуудал.

Дүгнээд хэлбэл, УИХ дахь хоёр намын бүлэг өөрсдөө эрсдлээ хүлээгээд хариуцлагаа хүлээгээд шийдэх ёстой. Ард түмэн мандатыг нь өгчихсөн. Тэр бүү хэл МАН 44 суудалтай, хүсвэл ганцаараа Сонгуулийн хуулиа батлаад явж чадна. Яахав Ерөнхийлөгч дээр очоод унана, тэгвэл 2008 оны сонгуулиараа явна. Ардчилал ингэж л ажилладаг. 2000 оны Үндсэн хуулийн өөрчлөлтийг одоогийн МАН олонхиороо байхдаа баталсан. Ямар ч сөрөг хүчингүй, ард түмнээс асуухгүйгээр. Одоогийн хамтарсан Засгийн газар стандарт бус Засгийн газар гэсэн статустай. Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчиж байгуулагдсан. Энэ асуудлын хүрээнд өчигдөр их том маргаан өрнөсөн. Хуульч Б.Чимэд гуайн тайлбарыг би интернэтэд тавьсан. МАН-ын дарга нь ч өөрөө стандарт бус Засгийн газар гэж нэрлэсэн. Ийм засагтай үед Үндсэн хуулийг өөрчлөх эрх өгч болохгүй. Энэ чинь өөрөө төрийн эргэлтийн шинж чанартай болно. Нэг үгээр хэлбэл, парламентыг Үндсэн хуулийн бус болгоод, Засгийн газрыг Үндсэн хуулийн бус болгоод араас нь Үндсэн хуулийг засна гэвэл магадгүй өнөөдөр УИХ-д байгаа гишүүд муу юм санаагүй байж болно. Тэгэхдээ Монголын ард түмнээр тоглож болохгүй. Аль ч тохиолдолд бодсон энэ санал асуулга хоёр намын өөрсдийнх нь шийдвэрлэж болох жижигхэн асуудал. Үүнийг шийдэхийн тулд Монголын ард түмэн ийм эрсдэл хүлээж хэрэггүй. Бид энэ хоёр намын тоглоом биш.

-Танай нам пропорцианаль давамгайлсан 50:26 хувилбар дээр хатуу зогссоор л байна уу?

-ИЗ-НН 50:26 гэдэг хувилбарыг хатуу барих ёстой гэж үзэж байгаа. Энэ хувилбарыг МАН анх ярьж байсан, дараа нь Ардчилсан нам ярьж байсан. Бид бол энэ хоёр намыг эрүүл ухаантай зөв байхдаа ярьж байсан асуудлыг нь сануулсан. Анхлаад энэ хоёр нам 100 хувь пропорцианаль гэж ярьж байсан. С.Баяр дарга сонгуулийн өмнө пропорцианаль болъя гэж уриалж байсан. Дараа нь 2008 онд гарын үсэг зурж байсан.  Хоёрхон жилийн өмнө УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын тэргүүтэй хүмүүс пропорцианаль сонгуулийн тогтолцоо оруулж ирсэн. Дараа нь Л.Болд сайд пропорцианль тогтолцоо оруулж ирсэн. Тэгтэл дараа нь нутаг дэвсгэрийн онцлогийг тусгах хэрэгтэй юм байна гээд жоохон холимог болгоё гэсэн. Гурав дахь жилээс нь техникийн асуудлаа шийдье гэж байсан, наадам болоод УИХ завсарлах болтол тэр бүхэн худлаа байжээ гэж байгаа байхгүй юу.

Тийм учраас ИЗ-НН ын байр суурь тодорхой.  Бид энэ хоёр намаас нэг л зүйл хүлээж байгаа. Бензин ч алга, Солонгосууд онгоц саатуулж байна, Тавантолгойн асуудал хүнд байна, улс орны байдал хүнд байна. Ийм үед өөрсдийнхөө ярьж, амлаж байсан зүйлийг хийхэд юу нь хүнд байгаа юм бэ. Эрүүлээр сэтгээд юмаа хийгээд урагшаа явъя л гэж байна. Түүнээс МАН, Ардчилсан намыг муу хэлэхийг хүсээд байгаа даа ч биш. Гагцхүү тэд муу хэлүүлэх зүйлээ өөрсдөө хийгээд байна. Яг нөгөө өргөдөл өгөөд явж байгаа нөхдүүдтэй ижил. Тэр хэдээр бидний хэн нь ч оролдоогүй. Тэр бүү хэл шинэ намдаа ороод байгаль орчноо хамгаал гэсэн. Тэр байтугай одоогийн энэ асуудал дээр бид гомдол мэдүүлээгүй л байна.

Өмнө бол шүүхэд өгөхөөр зөндөө л юм болсон, манайхны бичиг баримтыг авч тасдаж хаяаад л. Намайг онц их хурал дээр очиход чирч гаргаад л… УИХ-ын гишүүний биед халдах ёсгүй. Эцсийн эцэст бол эд нар ингээд ялахгүй. Бид тэдний төвшинд орж байлдахгүй. Өөрөөр хэлбэл, жингийн цуваа явж л байна, жингэр нохой хуцаж л байна. Хэн ч жингээсээ буцаж очиж, нохойтой зодолддоггүй. Тэгээд ч хүмүүс тодорхой хугацааны дараа харна. Өнөөдөртөө сонин байж магадгүй. ИЗ-НН-ын гишүүд бидний хувьд арав, 20 жилийн амьдралаа зориулж орж ирсэн. Дараагийн 15 жилд идэвхитэй явна. Бид л харин гэрийн даалгавраа сайн хийх хэрэгтэй.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж