Монголын волейболын холбооноос зургадугаар сарын 11-18-ны өдрүүдэд Хүүхэд хөгжлийн “Янзага” зусланд ОУХМ Ж.Хаянхярваагийн нэрэмжит Мини волейболын Улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах гэж байна. Ингээд тус холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Бат-Энхтэй ярилцсанаа хүргэе.
-Монголын волейболын холбооны өсвөрийн шилдэг тамирчдыг тодруулдаг тэмцээн болох гэж байна. Тус тэмцээний талаарх мэдээллээс яриагаа эхлэх үү?
-Холбооны зүгээс зохион байгуулдаг идэрчүүд болон насанд хүрэгчид гээд гол тэмцээнүүд болсон. Одоо өсвөрийн тамирчдын дунд болдог Мини волейболын улсын аварга шалгаруулах тэмцээн болох гэж байна. Манай хамгийн анхан шатны, хамгийн том тэмцээн бол ОУХМ Ж.Хаянхярваагийн нэрэмжит Мини волейболын тэмцээн юм. Монгол Улсын эрэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүнд 1956 оноос эхлэн тоглож, 1962, 1966, 1970 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гурван удаа дараалан оролцсон тамирчин бол Ж.Хаянхярваа. Тиймээс ахмад тамирчнаа алдаршуулах, ирээдүйн волейболчдоо бахархан дуурайх ахмад үетэй нь залгамж холбоотой байлгах, хүмүүжил, ёс суртахууны төлөвшлийг олгох зорилгоор түүний нэрэмжит болгон зохион байгуулж, 20 жилийг үдсэн байна.
-20 жилийн түүхтэй энэхүү тэмцээнээс олон тамирчид төрсөн гарсан байна?
-Тиймээ. Энэ тэмцээн жил бүр тогтмол болоход багш, дасгалжуулагчид ихээхэн ач холбогдлыг өглөө. Үүний үр дүнд энэхүү тэмцээнээс өнөө цагийн олон шилдэг тамирчид төрөн гарсан. Анх энэхүү тэмцээнд оролцож, волейболын спортын гараагаа эхэлж байсан тамирчид өнөөдөр ОУХМ цолыг автлаа өссөн байна. Тиймээс энэ тэмцээн ихээхэн ач холбогдолтой болдог юм.
Монгол Улсын эрэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүнд 1956 оноос эхлэн тоглож, 1962, 1966, 1970 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гурван удаа дараалан оролцсон тамирчин бол Ж.Хаянхярваа. Тиймээс ахмад тамирчнаа алдаршуулах, ирээдүйн волейболчдоо бахархан дуурайх ахмад үетэй нь залгамж холбоотой байлгах, хүмүүжил, ёс суртахууны төлөвшлийг олгох зорилгоор түүний нэрэмжит болгон зохион байгуулж, 20 жилийг үдсэн байна.
-Энэ жил оролцогчид багууд олон болсон байна?
-Өнгөрсөн онд 131 багийн 700 гаруй өсвөрийн тамирчид оролцож байсан. Энэ жил үүнээс олон баг оролцохоор мэдүүлгээ ирүүлээд байна. 1996 онд хүүхэд багачуудыг волейболын спортод дур сонирхолтой болгох зорилгоор зуны амралтаар зохион байгуулж байсан тэмцээн өнөөдөр хэдийнэ тэдний хүсэн хүлээдэг тэмцээн болжээ. Өдгөө 80 насыг зооглоод байгаа Ж.Хаянхярваа гуай энэхүү тэмцээнийг санаачилж, өнөөг хүртэл тасралтгүй зохион байгуулж ирсэн юм. Тиймээс 20 жилийн түүх гэдэг асар их түүх. Энэ түүхийн хугацаанд олон шилдэг тамирчид төрөн гарлаа. Цаашид ч төрөх болно.
-2016 он спортоор амьсгал жил. Тэр дундаа Монголын Бүх ард түмний XIV их наадам тохиож байна. Волейболын спортын хувьд онцгой жил байлаа.
-Дөрвөн жилд нэг удаа явагддаг Бүх ард түмний наадам бол Монголын олимп юм. Мөн энэхүү наадмын хүрээнд зохион байгуулагдсан волейболын тэмцээн дөрөвдүгээр сард Улаанбаатарт боллоо. Клубүүдэд нээлттэй болсон нь ихээхэн давуу байдлыг авчирлаа. Нийт эрэгтэй 27, эмэгтэй 18 буюу нийт 45 баг өрсөлдсөн. Бүсчилж, хязгаар тавьсан. Ард түмний наадам учраас нээлттэй зохион байгуулсан юм. Ямар нэгэн мэргэжлийн, сонирхогчийн гэж ангилсангүй. Тиймээс оролцогчдын хувьд нээлттэй байж чадсан. Спортын төв ордонд үе үеийн тамирчид маань цугларч сайхан тоглолтууд гарсан наадам болсон. Нэг дэвжээн дээр олон зэрэглэлийн тамирчид тоглосон нь зарим зүйлийг гаргаж өглөө. Клубын зэрэглэл гэж ямар байх, тамирчин хувь хүн өөрөө ямар бэлтгэлтэй байх ёстой вэ гэдгийг харуулж чадсан.
-Тэгэхээр XIV наадмын нэг онцлог бол клубт нээлттэй болжээ. Энэ бас их давуу тал болсон байна?
-Өмнө нь 21 аймаг, дүүрэг, хүчний хороодыг багтаасан социалист уралдаан зарладаг хүснэгт гэж байдаг байлаа. Тэгвэл энэ байдал засагдсан. Клубүүдийн хувьд нээлттэй оролцох болсон юм. Урьд “Эрчим” клуб Баянгол дүүргийн нэр дээрээс орох ч юмуу хандлага байлаа. Тэгвэл энэ жил тийм юм байсангүй. Клуб бүр өөрсдийн нэр дээрээс орох боломжтой болсон. Тэмцээний дүн гарахад клубын амжилт ямар түвшинд байгаа нь харагдлаа шүү дээ.
ЭРЭГТЭЙ БАГТ НУРУУЛАГ ТАМИРЧИД ОЛОН БАЙГААГААС ГАДНА УР ЧАДВАР ӨНДӨР БАЙНА
-2015 онд Зүүн Азийн волейболын эрэгтэйчүүдийн АШТ-нийг амжилттай зохион байгуулсан Монголын Волейболын холбоо шилдэг менежменттэй холбоогоор шалгараад удаагүй байна.?
-Монгол улсын Засгийн газрын ивээл дор 2015 онд олон улсын чанартай спортын 15 тэмцээн зохион байгуулагдсан. Үүний нэг нь бол Зүүн Азийн волейболын тэмцээний эрэгтэйчүүдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн юм. Энэ тэмцээнд БНАСАУ-ын баг ирж, анх удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ буюу найман баг оролцсон түүхтэй. Бидэнд өнгөрөгч дөрөвдүгээр сард ЭМСЯ-аас шилдэг менежменттэй холбоогоор шалгарсан Хүндэт өргөмжлөлийг өгсөн. Энэхүү хүндтэй шагналыг авахад манай сайн дурын баг маш сайн ажиллаж чадсан. Тэдний хичээл зүтгэл тэмцээнийг амжилттай явуулахад ихээхэн дэмжлэг болсон юм. Бид энэхүү тэмцээнийг Монгол Улсад дөрөв дэх удаагаа зохион байгуулсан. Тиймээс Олон улсын тэмцээнийг зохион байгуулахад бэлтгэл сайн байж, тэр хэрээр өгөөж ирсэн байх. Бидний зүгээс энэхүү хүндтэй шагналыг авсандаа баяртай байгаа.
-Манай эрэгтэй, эмэгтэй багийн хувьд Олон улсад гарах түвшинд хэр байна вэ?
-Энэ тал дээр дүгнээд хэлье. Сүүлийн жилүүдэд БНСУ-ын иргэн Жан Жи Хунг Монголын волейболын спортод ихээхэн хувь нэмрийг оруулж явна. Түүний бэлтгэсэн эмэгтэй баг олон жил сайхан амжилтыг үзүүлсэн. Тухайн үед Монголын эмэгтэй баг нурууны өндөрөөр Азийн 18 баг дундаа эхний дөрөвт бичигдэж байсан. Өнөөдөр энэ багийн дараагийн үе гараад ирлээ. Магадгүй одоо урьдынх шигээ тийм нуруулаг тамирчидтай багийг гаргахын тулд дахин олон жилийн хугацаа хэрэгтэй байх. Харин эрэгтэй багт цаашид ихээхэн найдлага тавихаар харагдаж байна. 17-21 насны 1 метр 90 см-ээс дээш өндөртэй 20 гаруй залуучууд байна. Тэдний ур чадвар өндөр болж, орчин үеийн волейболын ур чадварыг эзэмшсэн нь өнгөрсөн тэмцээнүүдэд харагдлаа. Өнгөрсөн онд ЭМСЯ-аас зарласан байнгын бус шигшээ багийн сонгон шалгаруулалтад волейболын спортын төрөл тэнцсэн. Харамсалтай нь өнөөг хүртэл яамнаас баталгаажаалж, зарлаагүй байна. Уг нь байнгын бус шигшээ багт багтчихвал тодорхой хэмжээний санхүүжилтыг авах боломжтой болж, бэлтгэлжилт үр дүнтэй болох юм. Тэр бүр цуврал тэмцээнүүдэд орж чадахгүй байгаа болохоор чансаа бага байна. Одоо тэмцээнд олон баг оруулахаас илүүтэй чансаа өндөр 16 багийг оруулах бодлоготой болсон. Өмнөх байдал бол өөрчлөгдсөн. Тэгэхээр цуврал тэмцээнүүдэд сайн оролцож, Азийн чансаанд өндөр байх хэрэгтэй болоод байна. Энэ жил 20 хүртэлх насны залуучуудын Азийн аваргад оролцох саналаа хүргүүлсэн. Гэвч чансаа хүрэхгүй байх шалтгаан гараад байна. Өнөөдөр 20 хүртэлх насны нуруулаг, сайн техниктэй залуус 3-4 жилийн дараа ур чадвар нь улам сайжраад ирнэ. Тэр үед бид Азийн аваргад өрсөлдөх хэмжээнд очих болов уу гэсэн итгэлтэй сууна.
Ч.БОЛОРЧУЛУУН