Төрийн ордон төрлийнх болох уу?

Хуучирсан мэдээ: 2016.06.10-нд нийтлэгдсэн

Төрийн ордон төрлийнх болох уу?

УИХ-ын сонгуулийн сурталчилгаа маргааш албан ёсоор эхэлнэ. Сонгуулийн ерөнхий хороо энэ удаагийн сонгуульд өрсөлдөх боломжтой хэмээн үзэж, 12 нам гурван эвсэл, 69 бие даагч буюу нийт 498 нэр дэвшигчийг бүртгээд байгаа. Ингэснээр УИХ-ын 2016 оны сонгуульд өрсөлдөж буй нэр дэвшигчийн 215 нь хөдөө орон нутагт, 283 нь нийслэлд өрсөлдөхөөр нэр дэвшжээ.

Дээрх 498 нэр дэвшигч дунд дуучин, тамирчин, сэтгүүлч, хөтлөгчөөс гадна ямар нэгэн эрхэлсэн ажилгүй хүмүүс ч багтсан. Өөр нэг онцлог нь гэр бүлийн гишүүд нэрээ дэвшүүлсэн явдал. Жишээ нь, МАХН-ын дарга Н.Энхбаярын эхнэр О.Цолмон Сонгинохайрхан дүүргийн 75 дугаар тойрогт өрсөлдөнө. Н.Энхбаяр нэр дэвших боломжгүй болсон учраас түүнийг төлөөлж эхнэр нь улстөрч болохоор бэлтгэлээ базааж эхэлжээ.

“Ард түмнээ хайрлая” намын дарга Л.Гүндалай эхнэр Б.Аззаяагийн хамт нэр дэвшихээр болж, Сонгуулийн ерөнхий хорооноос батламжаа авсан. “Та нар битгий чацга царайл” гэж орхончуудыг зандран, “Монголоороо байгаасай” дуугаар "хүчээ авсан" тэрбээр усалж байсан тойргоо эхнэртээ орхин, өөрөө Баянзүрх дүүрэгт очжээ.

Өнгөрсөн сонгуульд Завхан аймагт “хүч үзээд” өвдөг шороодсон ч энэ жил даагаа нэхэж яваа Д.Балдан-Очир дахин өрсөлдөхөөр шийдэж, Завхан аймгаас УИХ-ын 17-р тойрогт нэр дэвшжээ. Харин түүний хүү Дархан-Уул аймгийн иргэдийн хуралд дэвшиж байгаа гэх мэдээлэл байна.

“Нарантуул” захын “босс” Ш.Сайхансамбуу өөрийн төрсөн дүү болох Ш.Батсамбуутай Завхан аймаг 18-р тойрогт тулж байна. Ах дүү хоёрын аль аль нь гишүүн болох сонирхолтой байгаа тул тохиролцооны гэж болох тэдний тулааныг завханчууд хагалж таарах нь. Харин Сайхансамбуугийн охин С.Эрдэнэтуул нь Баянзүрх дүүргийн ИТХ-д нэр дэвшиж байгаа. Улстөрчид одоо хүүхдүүдээ хөтлөн, төр рүү гүйдэг болсны бодит жишээ бол энэ. 

Өнгөрсөн сонгуульд Завхан аймагт “хүч үзээд” өвдөг шороодсон ч энэ жил даагаа нэхэж яваа Д.Балдан-Очир дахин өрсөлдөхөөр шийдэж, Завхан аймгаас УИХ-ын 17-р тойрогт нэр дэвшжээ. Харин түүний хүү Дархан-Уул аймгийн иргэдийн хуралд дэвшиж байгаа гэх мэдээлэл байна.

УИХ-ын гишүүн Г.Батхүү тойргоо сольж, нийслэлийн Хан-Уул дүүргийг эзэгнэхээр сэтгэл шулуудсан бол түүний төрсөн дүү Г.Батчимэг НИТХ-д өрсөлдөхөөр зэхжээ. Мөн Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.Отгонбаяр АН-аас Увсад, түүний дүү С.Амарсайхан МАН-аас НИТХ-д тус тус нэр дэвшиж байгаа.

Мөн Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнгийн охин, хүү хоёр УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байна. Хүү Б.Хүдэр-Ян нь Тусгаар тогтнол эв нэгдлийн намаас Хэнтий аймгийн 41-р тойрог, охин Б.Энхбайгаль нь Ардчилсан намаас Төв аймагт дэвшиж, бас л аавынхаа араас улстөрд замнажээ. 

Ховд аймагт УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Д.Батцогт нар нэг тойрогт өрсөлдөхөөр болсон. Тэд бол баз хүргэн, эгч дүү хоёр бүсгүйг авч суусан хүмүүс бөгөөд энэ удаа базуудын дунд өрсөлдөөн ширүүснэ. 

УИХ-ын гишүүн Б.Наранхүү АН-аас Дундговьд дэвшсэн бол түүний дүү Б.Саранчимэг МАН-аас Баянзүрх дүүргийн 51 дүгээр тойрогт нэр дэвшинэ. 

Төрийн эрх мэдлийг эхнэр, хүүхэдтэйгээ хамтраад барьж болохгүй гэх зүйл заалт байхгүй ч нөгөө талаар алга ташаад дэмжихэд хэцүүхэн л асуудал. УИХ-ын 2016 оны сонгууль болоход гурван долоо хоног үлдээд байна. Иймд иргэн таны мэргэн сонголт мэдэг ээ.

С.Амарсайхан, С.Отгонбаяр

Г.Батхүү, Г.Батчимэг

Б.Энхбайгаль, Б.Хүдэр-Ян

Л.Гүндалай, Б.Аззаяа

Б.Наранхүү, Б.Саранчимэг

Ш.Батсамбуу, С.Эрдэнэтуул, Ш.Сайхансамбуу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж