ОХУ-ын тамирчин, алдарт теннисчин Мариа Шарапова мелдониум эм хэрэглэж, Допингийн эсрэг дүрэм зөрчсөний улмаас хоёр жилийн хугацаанд тэмцээн, уралдаанд оролцох эрхээ хасууллаа.
Энэ талаар Мариа Шарапова “Олон улсын теннисийн холбоо намайг санаатайгаар допингийн эсрэг дүрмийг зөрчсөн гэдгийг нотлох гэж их хугацаа зарлаа. Олон улсын теннисийн холбоо дөрвөн жилээр эрх хасах санал гаргасан. Харин шүүхээс намайг зориудаар дүрэм зөрчөөгүйг санал нэгтэйгээр хүлээн зөвшөөрч, хоёр жилээр эрх хасах шийдвэр гаргасан. Гэсэн ч тэмцээнд оролцох эрхийг хоёр жилээр хассан нь шударга бус гэж би үзэж байна. Тэд намайг зориуд дүрэм зөрчөөгүйг мэдсээр байж хоёр жилээр эрх хаслаа” хэмээн мэдэгджээ. Мариа Шарапова “Facebook” хуудсаараа дамжуулан Олон улсын теннисийн холбооны шийдвэрийг эсэргүүцэн, Арбитрын шүүхэд хандахаа мэдэгдээд байна. Учир нь хоёр жилээр эрх хассан нь Мариа Шараповагийн хувьд 11 жилийн карьер нь төгсгөл болоход нөлөөлөхүйц ноцтой шийдвэр юм.
Мариа Шарапова эрхээ хасуулсны дараа Оросын теннисийн холбооны тэргүүн Шамиль Тарпишев “Рио-де-Жанейрогийн Олимпийн наадамд түүний оронд Орос улсыг Екатерина Макарова төлөөлөх болно" гэж мэдэгджээ.
Мариа Шарапова допингийн шинжилгээнд бүдэрсэн дуулиан анх дэгдэх үед Серена Уильямс тэргүүтэй теннисчид түүний талаар үг дугарч байсан бол энэ удаад тэд чимээгүй байна.
АНУ-ын теннисчин Серена Уильямс өнгөрсөн гуравдугаар сард “Шарапова шударга байж буруугаа хүлээснийг олон хүн сайшааж байна. Тэр хариуцлага хүлээхэд бэлэн байгаагаа хэлсэн. Түүний хэрэг сайнаар шийдэгдээсэй гэж хүсч байна” хэмээж байв.
Францын теннисчин Кристина Младенович “Тэр 10 жилийн турш энэ эмийг хэрэглэсэн гэж байна. Мелдониум бол хүчтэй эм” хэмээн мэдэгджээ.
Румын улсын теннисчин Симона Халеп “Би өмнө нь Шараповатай ярилцаж байгаагүй. Тэгэхээр одоо түүний талаар ярих шалтгаан байхгүй” гэж байв.