Mines and Money Australia уул уурхайн хурал болно

Хуучирсан мэдээ: 2011.07.06-нд нийтлэгдсэн

Mines and Money Australia уул уурхайн хурал болно

Уул уурхайн хөрөнгө оруулагчид Монголыг сонирхох нь илт нэмэгдсээр байна. Ирэх аравдугаар сарын 10-12-нд Сидней хотноо болох “Mines and Money Australia 2011” хурлаар Монголын стратегийн ордуудыг ашиглахтай зэрэгцэн бий болох боломжуудын талаар хэлэлцэх гэж байна. Энэ хүрээнд Тавантолгой, Оюутолгой төслийн цаадах боломжийн тухай онцлон дэлгэх ажээ. Мөн Монголын эдийн засгийн эрсдэл тухайлбал, инфляц, валютын ханшийн хэлбэлзэл, ложистикийн хүндрэлүүд, улс төр, хууль эрх зүйн тогтвортой байдал зэрэг нь хурлын хэлэлцэх сэдэвт багтаж байна. Энэ удаагийн хуралд Монголоос гадна Африкийг төрөн гарч ирж буй шинэ зах зээлийн хүрээнд авч үзэн, тус улсын боломж, эрсдэлтэй талуудыг ярилцахаар төлөвлөжээ.

Монгол, Африкийн талаар хурлын хоёр дахь өдөр ийн ярилцах бол эхний өдөр буюу аравдугаар сарын 10-нд Хятадын эдийн засгийн төлөв, Австралийн уул уурхайн салбарын байдал гэсэн сэдэвт голлон хэлэлцэх юм.

Хурлын гол илтгэгч нь дэлхий дахинд танигдсан хөрөнгө оруулалтын тэргүүний шинжээч “Casey Research” судалгааны байгууллагын Тэргүүн Doug Casey, мөн “Citic Resources”-ын Гүйцэтгэх захирал Зэн Чен, “Hancock Prospecting” компанийн Гүйцэтгэх захирал Тад Ватроба нар байх юм. Эдгээр мэргэжилтэн дэлхийн эдийн засгийн байдал, эрдэс баялгийн хөрөнгө оруулалтын талаархи өөрийн санал бодлоо хурлын эхэнд хуваалцана.

“Mines and Money Australia”  хурлаар мөн зэс, төмрийн хүдэр, алт, газрын ховор элемент болон ховор метал, уран зэрэг гол гол түүхий эдийн ирээдүйн төлвийн талаар компанийн төлөөллүүд илтгэл тавьж, саналаа илэрхийлэх юм байна.

Mines and Money хэмээх уул уурхайн хөрөнгө оруулалтын чуулга уулзалтыг Австралийн Сидней хотоос гадна Лондон, Хонконг, Бээжинд жил бүр зохион байгуулдаг бөгөөд жил ирэх бүр уг хурлуудад оролцогсдын тоо өргөжиж байна. Уг арга хэмжээний Хонконг, Бээжинд болдог чуулганд нь Монголд үйл ажиллагаа явуулдаг компаниуд хөрөнгө оруулалтын тохиролцоо хийхээр оролцдог туршлага ч жил ирэх бүр улам тодрон харагдаж буй юм.   

Энэ удаа “Мines and Money Australia 2011” хуралд салбарын байгууллагуудын  750 орчим төлөөлөл, мөн хурлын үзэсгэлэнд 80 компани үйл ажиллагаагаа дэлгэн танилцуулахаар бүртгүүлээд буй ажээ.  

Б.Төгс

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж