“Шинэ ном” булангийнхаа энэ удаагийн дугаараар залуу зохиолч Х.Дуламсүрэнгийн шинэхэн бүтээл “Хүсэл, хясал” туужийг танилцуулж байна. Х.Дуламсүрэн нь кино, жүжгийн зохиолч, сэтгүүлч мэргэжилтэй. “Зүрхэнд унасан нүд”, “Сэтгэлийн зүйдэл”, “Учрах тавилан”, “Нүцгэн ирсэн, нүцгэн буцна” зэрэг зохиол бүтээл туурвижээ. Энэ удаа түүний “Хүсэл, хясал” туужийн хэсгээс уншигчдадаа хүргэе.
4-р хэсэг “ХАРУУСАЛ”
Өнөөдөр Саруул Амирлан хоёрын хуримын өдөр. Аз жаргалтай хосууд хөөрхөн үрс, хүргэн бэрийн талын олон арван хүмүүс цугларсан харагдана. Хуримын ёслол арай эхлээгүй байсан энэ мөчүүдэд хос хоёрыг тойрсон найз нөхөд, хамаатан саданууд нь
-Манай Саруул ийм сайхан залуу байж, яаж яваад дөрвийн дөрвөн хүүхэдтэй хүүхэнтэй суух болчихдог байнаа…
-Энэ Амирлан ямар залуугаараа олон хүүхэд гаргачихсан юм бэ…
-Харахад гайгүй хөөрхөн л хүүхэн байна ш дээ, харин ч Саруул азтай юм. Ганцаараа байсан бол одоо гэнэт л зургуулаа болчихлоо. Хоёр ихэр охин нь ямар хөөрхөн юм бэ…
-Үгүй ээ, тэгээд эхнэр нь нас бараад жил гаруйн л хугацаа өнгөрч байхад юун ч хурдан хүнтэй суух болчихдог байнаа.. .
-Энэ хоёр чинь онгоцонд танилцсан гээ биз дээ. Амирлан ч азтай хүүхэн юм…Сайхан өнөр өтгөн хосууд …гэх зэргээр жиг жуг гэцгээж. Тэдний дэл сул яриа чих дэлсэх нь дэлсэж, агаарт замхрах нь замхарч байв.
Амирлангийн гурван охин ээжтэйгээ ижил даашинзаар гангарсан бол дунд хүү Тэлмэн аавтайгаа ижил хослол өмсжээ. Бусдын хайр хүндлэл, нүд сэтгэлийг булаасан тэдний хурим аз жаргал дүүрэн болж өнгөрлөө.
Саруул нэгэн барилгын компанид орлогч захирлын алба хашдаг. Хэдэн жилийн өмнө найзтайгаа нийлж тавь тавин хувийн хөрөнгө оруулалттай барилгын компани байгуулсан нь амжилтад хүрч, хэдийн ашгаа өгч эхэлжээ.
Мөн төгрөгөөр дутагдах гачигдах зүйлгүй, өөрийн гэсэн хэдэн өрөө байртай. Халамжтай сайн хүнтэй учирсандаа Амирлан хувь заяандаа талархаад ч барахгүй сууна.
Эдэлж хэрэглэх, өмсөж зүүх, хоол ундаар тасрахгүй ч хамгийн чухал нь Саруул хүүхдүүдийг нь яг л өөрийн үр хүүхэд шиг хайрлан эрхлүүлж, энхрийлэн өсгөлцөж байгаа нь Амирланд юу юунаас илүү эрхэм байлаа. Хүний дөрвөн үрийг өөрийн юм шиг хайрлан эрхлүүлж суун гэдэг хэр баргийн хүнээс гарамгүй өгөөмөр нинжин сэтгэл, уужуу тайван ухаан билээ. Тэгээд ч чин үнэнч хайр , бие биенээ гэсэн сэтгэл байхад үр хүүхдийн хэд байх, хүний өөрийн ялгаагүй байдаг ажээ.
Амирлан өдөр ирэх тусам Саруулыг улам ихээр хайрлаж, ийм их аз жаргал бэлэглэсэн хайртай ханьдаа бүхнээ зориулахад бэлэн байв.
Саруулд ч сайхан байлаа. Хэдхэн сарын өмнө орчлон дээр орь ганцаараа үлдсэн мэт гутран ганьхарч, үгүйлэн санагалзаж явсан бол одоо өхөөрдөм хөөрхөн үрс, өөрийг нь хайрлан энхрийлэх гэргийтэй болсон.
Ажилдаа явахдаа хацар дүүрэн үнсэлт, ажлаасаа ирэхдээ өвөр дүүрэн нартай амьдрах болсон . Үүнээс илүү жаргал гэж хаа байх билээ.
Өдөр хоног харвсан сум шиг өнгөрч, аз жаргалтай хоног өдрүүд үргэлжилсээр…
Харин энэ үед Солонгост үлдсэн Билигээ цор ганцаараа болсон байлаа. Хамт амьдардаг байсан бүсгүй нь визгүй хууль бусаар амьдарч байсан учраас санамсаргүй байдлаар баригдан нутаг буцжээ. Хүүгээ аваад явсан тэрээр Билигээтэй байнга холбоотой байдаг ч, хүний нутагт ганцаараа үлдсэн эр хуучин эхнэр хоёр хүүхдээ үгүйлэн санагалзаж эхлэв. Тэр нэг болчимгүй бардам, амиа бодсон хүний мөсөөр тааруу өдөр өөрийг нь гээд зориод ирсэн Амирланд “ Амьдралаа бодоорой, би өөр хүнтэй хамт амьдрах болсон “ хэмээн хэнэгч үгүй хэлчхээд хаалга саван гарч одсон. Түүнээс хойш нэлээдгүй цаг хугацаа өнгөрчээ.
Өнгөрсөн саруудад эхнэр хүүхдүүддээ хэн хүнээс гарамгүй дэндүү муухайгаар гомдоосон түүнд “ Та нар минь сайн байна уу” гэж утсаар залгаад асуучих зориг зүрх ч байсангүй.
Хүний нутагт өөрийг нь гэх хүнгүй гунигт сар жилүүдийг үдэх энэ л цаг үедээ өнгөрсөн амьдралаа эргэн дурсаж үр хүүхдээ санагалзсан нь харамсалтай. Цаг хугацаа урсан өнгөрч амьдралын хүрд эргэдэгээрээ эргэнэ. Зовлон жаргал дунд гэр бүлээс үнэтэй, үр хүүхдээс илүү утга учиртай зүйл гэж хаа байх билээ.
Толгойгоо дотроос нь тоншиж, сэтгэлээ зүхэж суусан Билигээ хэдэн өдөр шаналсны эцэст Амирлангийн найз Номинг олж уулзахаар шийдэв.
Сөүлийн Канбуггү дүүргээр нэлээн явсны эцэст орой бүрий болсон хойно сая л нэг Номингийн гэрийг олж ирэв. Азаар Номин гэртээ байлаа. Номин Билигээг хараад, … яг л эвэртэй туулай үзсэн мэт гайхан шагширч зогсоно.
Хөөрхий, жирэмсэн болоод хүний нутгаас ижий ааваа тосон хүлээх нялх үрсдээ юу гэж хэлэхээ мэдэхгүй аньсга дүүрэн нулимстай буцсан найзыгаа санан, уур бухимдал нь цээжин дээр багтаж ядан оволзоод ирэхэд , Билигээ гэртээ оруулсангүй. Хаалганы цаад уруу түлхэж орхив.
-Чи ямар нүүрээрээ манайд ирээ вэ, найзыг минь гомдоож дөрвийн дөрвөн үрээ өнчрүүлчхээд. Чамд санаа зовохгүй ингэж айлаар үзэгдэж явах нүүр бас байнаа,…чи ингэж явах нь бүү хэл, хорвоо дээр мөрөө үлдээж явахаас ч ичих хэрэгтэй!. хэмээн уур омгоо барьж ядан чанга дуугаар хэлэхэд нь, Номинг ингэж уурлана хэмээн төсөөлөөч үгүй Билигээ, айж сандран хойш хэд алхсанаа,
– Уучлаарай Номин минь, би тэднийхээ сургийг чамаас л гаргаж магадгүй гээд ирлээ. Эхнэр хүүхдээ гомдоосон минь үнэн. Гэхдээ одоо намайг уучлах болов уу гэж бодоод, чи сая дөрвөн хүүхэд гээд юу ярьчихаваа. Амирлан бид хоёр чинь Тэлмэн, Хулангоо гэсэн хүү охин хоёртой ш дээ. Чи андуураад байгаа биш биз дээ?
– Андуурах аа!.. бас уучлах болов уу …гэнэ шүү, амнаас чинь яаж давж гардаг байнаа ийм эрээ цээргүй үгс,…чиний ирсэн тэр гайтай өдөр Амирлан чамаас дахиад жирэмсэн болсон. Учир байдлаа хэлэх гэж чамруу зөндөө залгаад, интернетээр холбогдох гээд чадаагүй. Чи утасныхаа дугаарыг солиод хаана ч байгаагүй. Усанд хаясан чулуу шиг алга болсон. Амирлан Солонгост ирээд ердөө хэдхэн л хонож байлаа.
Газар мэдэхгүй, хэл мэдэхгүй хүний бүсгүй үрийг чи яана гэж бодов. Муу ч гэсэн чамтай тав зургаан жил амьдарсан хань чинь байсан шүү дээ…чи бол хувиа хичээсэн, өөдгүй сул дорой арчаагүй эр…
-Амирлан надаас дахиад жирэмсэн болсон хэрэг үү, бид ганцхан шөнө л танайд уулзсан шүү дээ. Найзыгаа өмөөрөөд надад уурлаж болноо. Би буруу зүйл хийсэн. Гэхдээ юу яриад байгааг чинь нэг л сайн ойлгохгүй байна, хэмээн гайхан эргэлзсэн нүдээр Номинг цоргих мэт харахад,
-Ойлгохгүй байна гэнэ шүү,.. тийм ээ,… чамаас болж бие давхар болсон. Аргаа бараад үр хөндүүлэх гэж эмнэлэг ороод, хоёрын хоёр үр хэвлийдээ тээж яваагаа мэдээд миний найз яаж ч чадаагүй. Учраа олохгүй уймарч яваад буцсан. Гэхдээ чи одоо санаа зоволтгүй…Амирлан зөв шийдвэр гаргасан…зөв ч амьдарч яваа…чамтай чамгүй чадсан…чи одоо түүгээр яах гээ вэ… дөрвөн хүүхэдтэйгээ сайхан амьдарч яваа. Гэрэлт-Солонго, Гэгээн-Солонго гэсэн дахиад хоёр хөөрхөн охинтой болсон. Чиний хүрч чадаагүй…хүрч чадах ч үгүй өндрөөс амьдралаа цэгцэлж яваа.
Чи битгий дараа болоод бай… гэсээр Номин хаалга тас хийтэл хаалаа.
Билигээгийн сэтгэл нь давчдан, толгой нь эргэж ухаантай ухаангүй алин болох нь үл мэдэгдэн гуйвж дайвсаар шат уруудав. Гутарсан сэтгэлээ чирсээр арай гэж гэртээ ирсэн тэрээр маргааш өглөө Монголруугаа буцахаар билетээ захиалав.
Үргэлжлэл бий…
“Хүсэл, хясал” туужийг Аз хур, Интер ном, Мир, Билиг их дэлгүүрээс худалдан авч болно.