Газар усны нэрийг уг сурвалжийг нь тайлалгүй ул суурьгүй тайлбарлагч, түүнд итгэгч их байна аа. Жишээлбэл, Галдан бошготын цэргүүд Хөгнөхан уулын элгэнд байсан лам нарыг хөгнөж хядсан учир уг уулыг ийн нэрэлэсэн гээд байна. Энэ уулын нэр хэн нэгний хийсвэр сэтгэлгээнд биш Тариатын “Орхон” бичгийн дурсгалын “кокмон”, “когмэн” гэсэн үгэнд бий. Энэ үгийг ихэнх эрдэмтэн түрэг хэлнээс улбаалан “Хөх хан уул” гэж тайлдаг нь үнэнд ойртоно. Үүнийг Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Гурван хөгнө буюу Гурван хөх уул давхар батална.
За тэгээд Архангайн Өгийн нуур бол Үгүй нуур биш, Өхүйн буюу Хатан нуур. Увс аймгийн Алтны унхраг алт мөнгөтэй газар биш, Арвайн өлгий буюу Арвайн уурхай. Улаанбаатарын Сэлбийн гол Туул голыг сэлбэдгээрээ ийн нэрлэгдээгүй. Төвөд хэлний сэрүүн утгатай Сил-бү юм. Монголын умарт хэсгийн хамгийн том гол Сэлэнгэ мөрөн сэлж барахгүй гол биш. Манж хэлний “төмөр” гэсэн утгатай “сэлэ”, хамтрахын тийн ялгалын утгатай дүйх “-нггэ” хоёроос бүтсэн “Төмөрт” гол юм. Энэ мэт олон ташаарлыг тайлбарлан залруулах хэрэгтэй байна.
“Егөөтэй 99 тайлбар” номын
“Улиас ургуулсан чонын улиа”
өгүүллийн хэсгээс