“Эрдэнэс Тавантолгой”-н 323 ширхэг хувьцааг нэрлэсэн үнээр нь иргэдээс худалдаж авна

Хуучирсан мэдээ: 2016.06.09-нд нийтлэгдсэн

“Эрдэнэс Тавантолгой”-н 323 ширхэг хувьцааг нэрлэсэн үнээр нь иргэдээс худалдаж авна

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Засгийн газрын шийдвэртэй холбоотойгоор Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдээлэл хийлээ.


“Эрдэнэс Тавантолгой”-н 323 ширхэг хувьцааг нэрлэсэн үнээр нь иргэдээс худалдаж авна

Монгол Улсын иргэдэд эзэмшүүлсэн “Эрдэнэс Тавантолгой” ХК дахь өөрийн эзэмшлийн хувьцаагаа худалдах хүсэлт гаргасан иргэний эзэмшиж байгаа 1072 хувьцааны 30 хувьтай тэнцэх буюу 323 ширхэг хувьцааг нэрлэсэн үнээр нь иргэдээс худалдаж авах шийдвэрийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргалаа. “Сайн хувьцаа” арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээнд цаашид иргэдийн гарт үлдэх буюу 70 хувьтай тэнцэх хувьцааг нь Монголын хөрөнгийн биржээр дамжуулан худалдан авахаар төлөвлөж байна.

Иргэдийн 1072 хувьцааг худалдан авах эрх зөвхөн Засгийн газарт нээлттэй. Өнгөрсөн хугацаанд Засгийн газар иргэдийн тодорхой хэсгээс “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг нь нэрлэсэн үнээр худалдан авсан. Нийт 2 сая 858 мянган иргэн хувьцаа эзэмшсэнээс давхардсан тоогоор 278 мянган оюутанд нийт 138 тэрбум төгрөг, 2011 онд эрүүл мэндийн даатгалын шимтгэл хэлбэрээр 615 мянган иргэнд нийт 4,8 тэрбум төгрөгөөр, ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй 322 мянган иргэнд 322 тэрбум төгрөгөөр давхардсан тоогоор 1 сая 216 мянга 734 иргэнд 464,8 тэрбум төгрөгөөр хувьцааг нь мөнгөжүүлсэн байна.

Эдгээрээс бусад 1 сая 650 мянган иргэний хувьцаа мөнгөжөөгүй байгаа юм. Эдгээр иргэд өөрийн эзэмшлийн хувьцаагаа худалдах хүсэлт гаргавал эхний ээлжинд 323 хувьцааг нь нэрлэсэн үнээр нь  худалдаж авахаар болж байна.

“Сайн хувьцаа”  арга хэмжээ энэ сарын 13-наас эхлэн хэрэгжинэ.


“Сайн хашаа” хөтөлбөрт хамрагчдад олгох зээлийн хэмжээг нэмэгдүүллээ

Засгийн газраас хот, суурин газрын гэр хорооллыг хэсэгчилсэн болон бие даасан инженерийн дэд бүтэцтэй амины орон сууцны хороолол болгон хөгжүүлж, иргэдийн эрүүл, тав тухтай, аюулгүй амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилготой“Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад тодорхой хүндрэл үүссэн байна. Тухайлбал, хөтөлбөрт хамрагдагч зээлдэгчээс газрын гэрчилгээг нь зээл олгож байгаа банк шаардаж байгаа. Гэтэл цөөнгүй тохиолдолд иргэд барьцаа хөрөнгө болох газрынхаа гэрчилгээг арилжааны банк, банк бус санхүүгийн байгууллага болон ломбардад зээлийн барьцаанд тавьсан байдаг байна. Ийм тохиолдолд газрын гэрчилгээгээ суллаж авахад иргэдэд туслах зорилгоор  “Сайн хашаа” хөтөлбөрт хамрагдсан иргэдийн санхүүжилтийн зээлийг нэмж олгохоор  боллоо.

Сайн хашаа хөтөлбөрт хамрагдах нэг зээлдэгчид 10 сая төгрөг олгоно. Харин дахин санхүүжилтийн зээлийн хэмжээ 5 сая төгрөг хүртэл байх юм байна. 


“Сайн оюутан” хөтөлбөрт хамрагдаж зээл авахад улам хялбар болно

“Сайн оюутан” хөтөлбөрийн зээлийн ерөнхий журамд дахин санхүүжилтийн зээлд хамрагдахын тулд зээлдэгч сургалтын төлбөр төлсөн санхүүгийн баримтыг банкинд гаргаж өгөхөөр заасан нь ийм баримтаа хадгалаагүй зээлдэгчдэд зээл олгоход хүндрэл үүсгэж байгаа юм байна. Ийм уг заалтыг зээлийн ерөнхий журмаас хасахаар Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэлээ.

Ингэснээр сургалтын төлбөр төлснийг нотлох сургуулийн тодорхойлолт болон сургуулийн дансны хуулгыг банкинд гаргаж өгснөөр оюутан зээл авахад саадгүй боллоо.


Товч мэдээ

Гадаад хэргийн яамны балансад бүртгэлтэй “Дипломат-95 цогцолбор”-ын төрийн өмчийн 80 айлын орон сууцыг одоо эзэмшиж байгаа иргэдэд нь хувьчлахаар шийдвэрлэлээ.

Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж