“Үндэсний лиг-2016” 21 аймгийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн зургадугаар сарын 5-ны өдөр өндөрлөсөн. Тус тэмцээнд Сүхбаатар аймгийн шигшээ баг тамирчид амжилттай оролцож энэ жилийн лигийн аварга болж сагсан бөмбөгийн спортод хайртай нутгийн зон олноо баярлуулж бахдам амжилтыг үзүүлсэн юм. Үндэсний лигийн шинэ аваргууд зургадугаар сарын 7-ны өдөр төрөлх нутагтаа ирж, аймгийн удирдлагууд нутгийн зон олон Сүхбаатарын төв талбайдаа угтан авч шигшээ багийн шилдэг тамирчддаа халуун баярыг хүргэлээ. Сүхбаатарчууд аваргуудаа хүлээн авсны дараа шигшээ багийхан аймгийн Засаг дарга Ж.Батсуурьд аваргын цом болон 21 аймгийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах “Үндэсний лиг- 2016” тэмцээний логотой подволк, малгайг алтан медалын хамт гардуулан өгсөн юм.
Олон хүний дэмжлэгээр, багагүй цаг хугацаанд, хичээл зүтгэлийн хүч, эв нэгдлээр Сүхбаатар аймгийн шигшээ баг "АНХДУГААР ҮНДЭСНИЙ ЛИГ 2016"-д анх удаа түрүүллээ. Багийн эзэн, биднийг хүчтэй дэмжсэн Сүхбаатар аймгийн засаг даргадаа баярлаж талархаж байгаагаа илэрхийлж байсан юм.
Аймгийн засаг дарга Үндэсний лигийн аваргуудыг угтаж авах үеэр хэлсэн үгэндээ:
Сүхбаатар аймаг сүүлийн жилүүдэд нийгэм, эдийн засаг, урлаг спортын бүхий л салбарт түүхэн амжилтыг хамтдаа тогтоож шинэ түүхийн хуудсыг хамтдаа бичилцэж ирсэн нь сайн баг санаа нэгдсэж чадаж байгаагийнх гэдгийг онцоллоо. Бэлтгэл хичээл зүтгэл хамтын хүчээр амжилтанд хүрч болдогыг бид хамтдаа харуулж чадаж байна. Өнгөрөгч жилүүдэд нийтийн биеийн тамир, спортын бүхий л төрлийг хөгжүүлэхэд онцгой анхаарч ажилласныг тодотголоо. Тун удахгүй олон улсын тэмцээн зохион байгуулах бүрэн боломжтой орчин үеийн стандартын шаардлагад нийцсэн хөл бөмбөгийн талбай ашиглалтад орох гэж буйг онцолж байсан юм.
Өнгөрсөн жил Сүхбаатар аймгийн шигшээ баг Үндэсний лигээс хүрэл медалын болзол хангаж байсан бол энэ удаа амжилтаа ахиулж аваргын болзлыг хангаж алтан медалыг хүртэж цомын эзэд боллоо. Ийнхүү Сүхбаатар нутгаас анх удаа сагсан бөмбөгийн анхны аварга шигшээ баг төрж чансаагаараа улсдаа дээгүүр бичигдэж байна. Тэмцээнд оролцоход дэмжин оролцсон спортод хайртай нутгийн олондоо дэмжин тусалж, олон асуудлуудыг шийдэж өгсөн “Альянс Тех” ХХК-ийн захирал н.Баясгалан болон маш бага хугацаанд чиглүүлж, зөв тактикаар удирдсан н.Алтан-Очир дасгалжуулагчдаа чин сэтгэлийн талархлын үгээ илэрхийлж байлаа. Уухайлан дэмжсэн дэмжигчид, нутгийнхандаа баярласан сэтгэлээ төрөлх нутгийнхаа төв талбайд хамтдаа хуваалцлаа.
СҮХБААТАР АЙМГААС “АНХДУГААР ҮНДЭСНИЙ ЛИГ”-ИЙН АВАРГУУД ТӨРЛӨӨ
МҮСБХ-оос зохион байгуулсан 21 аймгийн аварга шалгаруулах “Үндэсний лиг -2016” сагсан бөмбөгийн тэмцээнд нийт 16 аймгийн шигшээ баг тамирчид оролцсон байна. Эдгээр багууд тэргүүн, дэд хэсэгт 8, 8-н баг болон хуваагдан тогложээ. Сүхбаатар аймгийн шигшээ багийн хувьд тэргүүн хэсэгт тоглосон бөгөөд 12 удаагийн тоглолт хийснээр 9 хожил 3 хожигдолтойгоор хүчирхэг багуудын өрсөлдөөнөөс феналын шатанд Архангай аймгийн шигшээ багтай тунаж үлдсэн.
Аваргын цуврал тун тэнцүүхэн өрнөсөн бөгөөд цувралын эхний тоглолтод сүхбаатарчууд хожсон ч ОУХМ Г.Баттөрөөр удирдуулсан Архангайн баг амархан бууж өгөхгүй гэдгээ харуулж хоёр дахь тоглолтод хожсон. Ингээд шийдвэрлэх гурав дахь тоглолт Сүхбаатарын залуучуудын ялалтаар өндөрлөсөн юм. Энэхүү тоглолтод Сүхбаатарын залуучууд хамгаалалтаа тун нямбай гүйцэтгэсэн бөгөөд дасгалжуулагч А.Алтан-Очир багаа бүрэн удирдаж чадсанаар Архангайг 97:84-өөр хожсон. Э.Дөлгөөн 25 оноо 14 самбараар багаа тэргүүлсэн бол Б.Золбаяр 21 оноо, Н.Энхтөр 15 оноо авсан. Харин Архангай аймгийн шигшээ багаас Г.Баттөр 21 оноо 6 оновчтой дамжуулалт, Н.Уранхүү 17 оноог авсан юм.
МҮСБХ-оос зохион байгуулсан 21 аймгийн АШТ-ий Тэргүүн хэсгийг Сүхбаатар аймгийн баг тэргүүлсэн. Улмаар хагас шигшээд 2015 оны мөнгөн медальт Орхоны багийг 2:1-ээр, финалд Архангайн хүчтэнүүдийг мөн 2:1-ээр хожин АВАРГАЛЛАА.
Сүхбаатар аймгийн шигшээ баг Монгол дарханы гараар бүтсэн Аваргын цом, алтан медаль зургаан сая төгрөгийн эзэд болж, түүхэн амжилтын эзэд болж чадлаа.
Хоёр дахь удаагийн “Үндэсний лиг-2016”-ын аварга Сүхбаатарын шигшээ баг хагас шигшээд Орхон аймгийн багийг хожсон юм. Харин анхдугаар тэмцээний дэд аварга Орхон энэ жил хүрэл медаль хүртлээ.
ДҮН: /“Үндэсний лиг-2016” 21 аймгийн АШТ/
ТЭРГҮҮН ХЭСЭГ:
- Алтан медаль: Сүхбаатар – Архангай 95:94, 79: 87, 97:84 /Цуврал 2-1/
- Хүрэл медаль: Орхон – Увс 79:69
ДЭД хэсэг:
- Алтан медаль: Ховд – Хэнтий – 101:86
- Хүрэл медаль: Сэлэнгэ – Баяхонгор 87:72
ХАГАС ШИГШЭЭ:
Сүхбаатар – Орхон 2:1
- Сүхбаатар VS Орхон 61:47 /VI.02/
- Сүхбаатар VS Орхон – 78:73 /V.27/
- Сүхбаатар VS Орхон 76-75 /V.26/
Увс – Архангай 1:2
- Увс VS Архангай 74:84 /VI.02/
- Увс VS Архангай – 87:83 /V.27/
- Увс VS Архангай – 77:88 /V.26/
Ч.БОЛОР