Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Ерөнхий боловсролын сургуулиудын үйл ажиллагаанд хийсэн хяналт, шалгалтын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Уг шалгалтад боловсролын хяналтын чиглэлээр 81, эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын чиглэлээр 55, хөдөлмөрийн хяналтын чиглэлээр 13, нийгмийн хамгааллын хяналтын чиглэлээр гурав, нийт 106 сургууль хамрагдсан байна.
Хяналт, шалгалтын явцад сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан байхад үйл ажиллагаа явуулсан, зориулалтын бус байранд сургалт явуулсан, мэргэжлийн бус хүн ажиллуулсан, сургуулийн цайны газрууд эрүүл ахуйн шаардлага хангаагүй зэрэг нийтлэг зөрчил илэрсэн аж.
Энэ талаар НМХГ-ын Боловсролын хяналтын улсын байцаагч А.Мөнхзаяа “Шалгалтад хамрагдсан 43 сургуулийн цайны газрын 17 буюу 35% нь зориулалтын бус байртай, хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг хадгалах зориулалтын агуулах байгаагүй. Мөн шалгалтын явцад 30 цайны газраас 292 эрүүл зүйн арчдас шинжилгээ авснаас 76 буюу 26% нь нянгийн бохирдолттой гарч, угаалга, цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хангалтгүй гэсэн дүгнэлт гарсан” гэв. Түүнчлэн шалгалтаар хориглосон хүнсний бүтээгдэхүүн худалдаалж байсан буфетүүд илэрсэн байна.
Тодруулбал, Онон сургууль нь сургалтын зориулалтын бус худалдаа үйлчилгээний төвд байрладаг аж. Тус төвийн 1, 2-р давхарт байрлах мини маркет, түргэн хоол буфетэнд хиамтай ороомог, пирошки, өндөгтэй салат зэрэг хооллох буруу дадлыг бий болгох ширхэгийн хоол, хориглосон хүнсний бүтээгдэхүүн худалдаалж байсан байна.
Эх сурвалж: www.mminfo.mn
Н.БАТЗАЯА