Блаттэр өнгөрсөн сард болсон дэлхийн хөлбөмбөгийн удирдах байгууллагын тэргүүнийг сонгох сонгуульд ялан, 4 дэх удаагаа уг албан тушаалд сонгогдсон билээ. Түүний өрсөлдөгч нь авилгын хэрэгт холбогдсон нь илчлэгдсэн учраас Блаттэр 100 хувийн ялалт байгуулсан. Зимбабид ч иймэрхүү асуудал газар аваад байгаа юм. Хараре хотноо ФИФА-н 4 албаны хүн ирсний 2 нь тоглолтын үр дүнд нөлөөлснийг шалгадаг ажилчид байсан. Учир нь өнгөрсөн жил Зимбаби улсын шигшээ багийн ахлагч Мэтод Мванжали, багийнхаа 4 тоглогчийн хамт авилга авч, 2009 онд Тайланд Малайзын эсрэг хийсэн тоглолтонд албаар хожигдсон нь тогтоогдсон билээ.
Зимбаби Тайландад 3-0, Сирит 6-0-р хожигдсон. Улмаар тоглогч бүр 500-1500 америк долларыг авсан нь илэрсэн. Тус улсын спортын яамны сайд Дэвид Колтарт улсад айлчилсан ФИФА-н багийнханд эдгээр асуудлыг шийдвэрлэж, үнэн зөвийг ялгаж өгөхийг хүссэн байна. Блаттэр Зимбабид хийж буй 2 өдрийн айлчлалынхаа хүрээнд тус улсын ерөнхий сайд Морган Цвангирайтай уулзсан юм.
Морган Цвангирайтай хийсэн уулзалтын үеэр энэ жил 75 настай Швейцарь эрхэм 4 жилийн хугацаатай хөлбөмбөгийн хөтөлбөрт зориулж 1 сая ам долларын хөрөнгө оруулалт хийхээ амласнаас гадна ФИФА-н дэлхий даяар хийж буй “Гоол” төслийн хүрээнд бэлтгэлийн талбай барихад зориулж 500 мянган ам долларыг ч өгөх болно гэдгийг дурдсан байна. Блаттэр цаашид Африк тивд илүү их хөрөнгө оруулалт хийх болно гэдгээ цохон тэмдэглэлээ. Мөн тэрээр шахуу хуваарийн дагуу ирсэн ч, Хараре дахь бэлтгэлийн талбайг хүүхдүүд хэрхэн ашиглаж буйг сонирхсон байна.