Монголын волейболын холбооноос ОУХМ Ж.Хаянхярваагийн нэрэмжит Мини волейболын УАШТ-ийг зургадугаар сарын 11-18-ны өдрүүдэд “Янзага” зусланд зохион байгуулах гэж байна. 20 дахь удаагийн УАШТ хөвгүүд, охидын 12 хүртэлх, 13-14 нас гэсэн ангилалд болох бөгөөд өмнөхөөсөө илүү олон баг, байгууллага, тамирчид оролцохоор мэдүүлгээ ирүүлээд байгаа аж. Тэмцээний нээлтийн ажиллагаа ирэх ням гариг буюу зургадугаар сарын 12-д 11:00 цагаас Хүүхэд хөгжлийн Янзага зусланд болно.
Анх 1996 оноос хүүхэд багачуудыг волейболын спортод дур сонирхолтой болгох зорилгоор хүүхдийн зусланд зохион байгуулж байсан тус тэмцээн энэ жил 20 жилийн ойтойгоо золгож байна. Тус тэмцээнийг ОУХМ Жаргалын Хаянхярваа гуай өөрийн нэрэмжит болгон санаачилж, өнөөг хүртэл тасралтгүй зохион байгуулсаар ирсэн юм. Тэрээр 1935 онд Төв аймагт төрсөн бөгөөд Монгол Улсын эрэгтэй багийн бүрэлдэхүүнд 1656 оноос эхлэн тоглож, 1962, 1966, 1970 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дараалан оролцсон ганц тамирчин гэдгээрээ алдаршсан ахмад тамирчин, спортын зүтгэлтэн, буянтай буурал билээ.
Дашрамд дуулгахад, Мини волейболын УАШТ-2015-д нийт 131 багийн 700 гаруй өсвөрийн тамирчид оролцож байжээ.
Ч.БОЛОР