Монгол Улсын Стратеги судлалын хүрээлэнгийн захирал Д.Ганбатын урилгаар Туркийн стратеги судалгааны төвийн төлөөлөгчид Монгол Улсад зургадугаар сарын 7-9-ний өдрүүдэд ажлын айлчлал хийлээ. Бүгд Найрамдах Турк Улсын талаас Туркийн Гадаад хэргийн яамны Стратеги судалгааны төвийн дарга док.проф. Али Ресул Усул, “Коч” Их сургуулийн Хүмүүнлэгийн ухаан, уран зохиолын сургуулийн декан док.проф. Ахмет Ичдуюгу, “Бахчешехир” Их сургуулийн Олон улсын худалдаа, бизнесийн удирдлагын тэнхимийн захирал док.проф Экрэм Татоглу болон гуравдугаар нарийн бичгийн дарга Озан Акан нар хүрэлцэн ирсэн байна.
Туркийн Стратеги судалгааны хүрээлэнгийн төлөөлөгчид хоёр улсын стратеги судлалын салбарыг өргөжүүлэх зорилгоор “Монгол Улсын Гадаад бодлого: Гуравдагч хөрш болон төвийг сахих нь", "Турк-Монголын хоёр талын худалдаа болон хөрөнгө оруулалтын харилцааны өсөлтийн чиг хандлага", "Монгол Улс бүс нутгийн тэлж буй интеграцчилалд нэдэх нь: ЕАБХАБ ба НАТО", "Бүс нутгийн эдийн засгийн санаачлага: Монгол Улсын оролцоо, гурван улсын эдийн засгийн коридор" болон "Сирийн хямралын эргэн тойронд Турк Улсын дүрвэгсдийн бодлого" зэрэг сэдвүүдээр харилцан санал солилцжээ.
Ч.БОЛОР