“Хонхны баяраараа гоёлын хувцас өмсч, амралтанд явж, бэлэг сэлт авдаг энэ жишгийг бид өөрчлөхийг хүссэн. Маргааш манай хонхны баяр болно. Манай ангийнхан хонхны баярын үйл ажиллагаандаа оролцоно. Гэхдээ гоёлын хувцас өмсөхгүй, бас амралт, аялалд явахгүй. Харин энэ мөнгөөрөө сувилалд эмчлүүлж буй бяцхан дүү нартаа тусалж байгаадаа сэтгэл сайхан байна” хэмээн ярих энэ хүүг О.Цэцэнбилэг гэдэг. Тэрбээр нийслэлийн 23 дугаар сургуулийн 12Б ангийг энэ жил төгсч байгаа. О.Цэцэнбилэгийн ангийнхан хонхны баяраараа илүү зардал гаргахгүйгээр мөнгө хэмнэнэ. Хэмнэсэн мөнгөө сайн үйлсэд, ялангуяа хорвоод эрүүл энх амьдрахаар тэмцэж буй бяцхан зүрхнүүдэд тусална хэмээн жилийн өмнөөс ярьж эхэлжээ. Тэдний энэ хүсэл өнөөдөр биеллээ олсон байна.
12Б ангийнхан 30 сурагчтай. Гоёлын хувцас өмсч, амралтанд явах мөнгөний оронд нэг хүүхдээс 30 мянган төгрөг хураажээ. Ингээд нэг сая орчим төгрөг цуглуулсан байна. О.Цэцэнбилэгийн хэлж буйгаар энгийн цэцэрлэг гэхээс илүүтэй өвчтэй, зовлонтой, тусламж шаардлагатай гэх утгаараа Хүүхдийн төв сувиллыг сонгожээ.
Тэд цуглуулсан мөнгөөрөө гурил, будаа, памперс, оймс, трико, гарын бэлэг гээд хэрэгцээтэй зүйлс авсан байна. Ингээд өнөөдөр Хүүхдийн төв сувиллынханд гардуулж өглөө.
Хүүхдийн төв сувилал нийтдээ 90 ортой. Одоогоор дутуу төрсөн, хөгжлийн бэрхшээлтэй, асран хамгаалагчгүй, төрөлхийн өвчтэй гээд дөрвөн чиглэлийн 50 гаруй хүүхэд сувилуулж байна. Хүүхдийн төв сувиллын захирал Д.Оюунцэцэгийн зүгээс “Ирээдүй болсон хойч үе маань ийм ухаалаг шийдвэр гаргаж байгаад үнэхээр баярлаж байна. Манай сувилалд мэдээж төсөв, мөнгө тийм ч хангалттай гэж хэлэхгүй. Энэ нөхцөлд нэн тэргүүнд хэрэгтэй зүйлсээр тусалсанд баярлаж байгаагаа хэлье. Хүүхдүүдийнхээ цаашдын амьдралд хамгийн сайн сайхныг хүсье” гэлээ.