ҮЭ-ийн авдаг татварыг Ц.Энхцэнгэл болиулсан гэв

Хуучирсан мэдээ: 2016.06.09-нд нийтлэгдсэн

ҮЭ-ийн авдаг татварыг Ц.Энхцэнгэл болиулсан гэв

Өнөөдөр “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ –ын үйлдвэрчний хорооныхон нийтийн тээврийн салбартай холбоотойгоор мэдээлэл хийлээ. Үйлдвэрчний хорооны дарга Н.Төрбатын хэлж буйгаар нийслэлийн Засаг даргын нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл хууль бус шийдвэрээр нийтийн тээврийн ажилчдын ажиллах боломжийг хаасан, үйлдвэрчний эвлэлийн гишүүнчлэлийн татварыг зогсоосон хэмээн үзэж байгаа гэв. Тэрбээр “Ц.Энхцэнгэл гэж хүн өөрийн албан тушаалыг ашиглан үйлдвэрчний эвлэлийн байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож хамтын гэрээгээр тохирсон заалт, эдлэх эрх, үйлдвэрчний эвлэлийн гишүүнчлэлийн татварыг зогсоосон” хэмээн мэдээллээ.

Мөн “Бүтэц орон тооны цомхотголоор ажилчдыг олноор халсан. Нийслэлийн Засаг даргын 2014 оны наймдугаар сарын захирамжаар нийслэлийн Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын орон тоог батлахдаа 635 мөнгө хураагчтай байхаар заасан. Гэтэл өнөөдөр 370 мөнгө хураагч ажиллаж байна. 265 мөнгө хураагчийг ажлаас нь халж, хүний эрхийг зөрчиж байна” гэж мэдээлсэн юм.


Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс энэ асуудлаар  нийслэлийн Засаг даргын нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлээс тодруулга авсан юм.

Ц.Энхцэнгэл: Ажилчдад мэдэгдэхгүйгээр татвар авдаг байдлыг зогсоосон

Тэрбээр “Үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн албан татварыг иргэдийн цалингаас авдаг тогтолцоо бол Монгол Улсын хууль тогтоомжоор зохицуулагдаагүй. Хамтын гэрээ гэдэг зүйлд тусгах байдлаар тухайн ажилчдад  нь мэдэгдэхгүйгээр авдаг хэмээн иргэдийн зүгээс ч гомдол ихээр гаргаж байсан. Зарим байгууллагаас авсан судалгаагаар оролцогчдын 90 гаруй хувь нь цалингаасаа суутгал өгмөөргүй байна гэж хэлсэн байдаг.

Монгол Улсын Хөдөлмөрийн тухай болон бусад хууль тогтоомжид зааснаар ажил хийж буй хүний цалингаас хувь хүний орлогын албан татвар, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал, шүүхийн шийдвэрийн журмаар тогтоогдсон тодорхой төрлийн төлбөр гаргах үйл ажиллагаа л зөвшөөрөгддөг. Тиймээс энэ хуулийг биелүүлэх чиглэлийг нийслэлийн Засаг даргын нийгмийн хөгжил асуудал хариуцсан орлогчийн хувьд салбар байгууллагуудад үүрэг өгсөн. Нийслэлээс дүүргийн Засаг даргатай байгуулсан гэрээнд энэ асуудлаар тодорхой заалт орсон. “Ажилчдын цалингаас зөвхөн хуулийн дагуу суутгал авна” гэж заасан.

Үүний хариуд үйлдвэрчний эвлэлийн зүгээс шүүхэд хандсан. Шүүхийн анхан шатны шийдвэрээр энэ шийдвэр нь хууль зөрчөөгүй гэж гарсан. Давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр хууль зөрчсөн гэж гарсан. Гэхдээ шүүхийн шийдвэр хуультай зөрчилдвөл хуулиа л дагадаг. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн дагуу хэрэгждэг. Түүнээс биш үйлдвэрчний эвлэл шиг жагсаал цуглаан хийж, шаардлага хүргүүлж хэрэгждэггүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмын дагуу хэрэгждэг. Ингээд тухайн шийдвэр нь хуулийн дагуу хэрэгжих үндэс бий юу гэдгийг Монгол Улсын хуулийн дагуу тогтоогддог” хэмээн тайлбар хийлээ.

Б.ЗАЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж