Хятадад энэ жил 9.4 сая сурагч элсэлтийн ерөнхий шалгалтыг өгч байна. Хятадын албаныхан элсэлтийн шалгалтын үеэр цагдаагийн тусгай албыг дайчилсан байна. Бээжин хотноо элсэлтийн шалгалтын материалыг цагдаагийн тусгай албаны автомашинаар хүргэж, шалгалт авах байр тус бүрийг найман алба хаагч манаж байгаа гэнэ. Түүнчлэн Хятадын сурагчид элсэлтийн шалгалтын үеэр хуулж байгаад баригдвал долоон хүртэл жил шоронд хорих ялаар шийтгүүлэх аж.
Өмнө нь Хэнань муж улсад элсэлтийн ерөнхий шалгалтын хариулт гэж хуурамч материалыг хүмүүст худалдсан есөн этгээдийг цагдаагийн газраас баривчилсан байна. Элсэлтийн шалгалтыг тойрсон луйврын хэргээр Хятадад 20 гаруй хүнийг баривчлаад байгаа аж.
Хятадын элсэлтийн ерөнхий шалгалт энэ долоо хоногт эхэлсэн бөгөөд сурагчид англи хэл, математикийн шалгалтыг заавал өгөх ёстой аж.
Эх сурвалж: Reuters
Б.АНХТУЯА