Сүхбаатар дүүргийн сонгогчид нэг бодлын их азтай хүмүүс. Учир нь сонгууль болгоноор тус дүүрэгт нам намын лидерүүд нэр дэвшиж, нэг нь сонгогдож, нөгөөдүүл нь унадаг. Унаж буй улстөрч нь хүртэл бусад дүүрэг хийгээд аймгуудын ялагчаас хувь илүү “амьтан” байдгаас тун чиг азтай золигнууд л даа. Нэр дэвшигчийн “тэнгэр”-тэй Сүхбаатарчууд энэ жил ч сонголт хийх гэж мөн ч их юм болох шинжтэй.
Тус дүүрэгт УИХ-ын 59,60,61,62 дугаар тойргийн дөрвөн мандат ногджээ. Дээрх дөрвөн тойрогт Ардчилсан нам, Монгол Ардын намаас сойсон “хүлгүүд” нь аргагүй л сүргийн манлайнууд. Хэн нь ч илт давуугаар цойлох боломжгүй эн тэнцүү нэр дэвшигчдийг Сүхбаатар дүүрэгт хуваарилснаас улс төр судлаач, ажиглагчдын зүгээс “гал гарсан тулаан” Сүхбаатар дүүрэгт өрнөнө гэж таамаглаж байна. Ингээд тус дүүрэгт нэр дэвшигчдийн талаарх тойм мэдээллийг хүргэе.
УИХ-ЫН СОНГУУЛИЙН 59 ДҮГЭЭР ТОЙРОГ
Монгол Ардын нам гучаадхан насандаа Ерөнхий сайдын зөвлөхөөр томилогдож олны нүдэнд ил гарсан, хэд хэдэн сайдын сэнтий сэлгээд амжсан Д.Цогтбаатарыг Сүхбаатар дүүргийн 59 тойрогт нэр дэвшүүлжээ. Д.Цогтбаатарыг бага залуу насанд нь сайн дипломатч болно гэж олон хүн хүлээж байсан ч тэрбээр мэргэжлийн карьераасаа илүү улс төрийн карьерийг сонгосон билээ. Гадаад харилцаагаар гаршсан улстөрчийн хамгийн хүчтэй өрсөлдөгч бол эдийн засагч, банкир Б.Мэдрээ. Ардчилсан намаас нэр дэвшсэн Б.Мэдрээ МҮДН гаралтай. Урьд нь сонгуульд өрсөлдөж, унаж босч үзсэн, олны хэлдгээр “халуун чулуу”-ны амтыг мэдэрсэн хүн. 2012 оны УИХ-ын сонгуулийн жагсаалтад Р.Бурмаагийн ард жагсаж байсан ч УИХ-д суух хувь хараахан тохиогоогүй банкир-улстөрч энэ удаад Төрийн ордонд орох виз өвөртлөхийг үгүйсгэх аргагүй.
59 дүгээр тойрогт “ах нам”-ын айхавтар нэгэн эмэгтэй нэр дэвшсэн нь Н.Удвал. Үзэл бодол, үйл хэрэгтээ дэндүү үнэнч, МАХН-ыг орхин одогсдын жагсаалтад яавч орохооргүй энэ дайчин эмэгтэй сүүлийн дөрвөн жилд ах намын хувьд эерэг өнгө болж ирсэн болохоор багагүй хэмжээний санал хуваалцах, хүчтэй өрсөлдөгчдийн нэг.
Түүнчлэн энэ тойрогт авьяас билэгт зураач Ц.Мөнхжинг "Тусгаар тогтнол эв нэгдэл" эвслээс сойсон бол Иргэний Хөдөлгөөний Нам, Бүгд Найрамдах Намууд Б.Баясал, Г.Тэмүүжин гэх бизнесмэн залуусыг, Монголын Социал Демократ Нам Д.Амарсайхан гэдэг эрдэмтэн залууг нэр дэвшүүлжээ. Харин эдгээр акулуудаас үл цочрон бие даан нэр дэвшиж буй бүсгүй бол Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн үндэсний ахлах зөвлөх Б.Мөнхсоёл юм. Урьд нь Нээлттэй нийгэм хүрээлэн, үндэсний стратегийн хүрээлэнд ажиллаж байхдаа өөрийн имидж, төрхөө бүрдүүлж чадсан түүний хувьд энэ удаагийн сонгууль ердөө сунгаа төдий байхыг үгүйсгэхгүй. Харин дараа дараагийн тулаанд тэрбээр хүчтэй өрсөлдөгчийн тоонд орчихсон байхыг хэн мэдлээ.
59-Р ТОЙРОГ /СҮХБААТАР ДҮҮРЭГ/ | |||
1 | Дамдины ЦОГТБААТАР | Монгол Ардын Нам | Сүхбаатар дүүргийн |
2 | Балбарын | Ардчилсан Нам | Худалдаа хөгжлийн банкны ерөнхийлөгч |
3 | Цүлтэмийн | "Тусгаар тогтнол | Чөлөөт уран бүтээлч |
4 | Гэмбэлийн | Бүгд Найрамдах Нам | Хөх тана ХХК-ийн гүйцэтгэх захирал |
5 | Дамдинсүрэнгийн АМАРСАЙХАН | Монголын Социал Демократ Нам | ШУА-ийн салбарын эрхлэгч |
6 | Бадралын | Иргэний Хөдөлгөөний Нам | Либерти ХХК-ийн гүйцэтгэх захирал |
7 | Нацагийн | Монгол Ардын | Монгол Ардын Хувьсгалт Намын |
8 | Баатаржавын МӨНХСОЁЛ | Бие даан нэр дэвшигч | Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн үндэсний ахлах зөвлөх |
УИХ-ЫН 60 ДУГААР ТОЙРОГ
УИХ-ын тойрогт 60 дугаар тойргийн хувьд хувиараа бизнес эрхлэгчээс эхлээд төрийн бус байгууллагын тэргүүн, их сургуулийн багш, компанийн захирал гээд нийгмийн бүхий л давхаргынхан нэр дэвшиж байгаа баялаг сонголттой тойрог. Тус тойрогт төдийгүй Сүхбаатарт дүүргийн хэмжээнд Ардчилсан нам, Монгол Ардын нам доторх хүчтэй хоёр фракцууд тулалдаж байна гэж харж болохоор. Ардчилсан намын "Нэг ардчилал" фракци болон МАН угшилтай МГИМО /Москва хотын Олон улсын харилцааны дээд сургуулийг төгсөгчид/-ийн фракциуд “гардан тулаан”-д бэлтгэж буй билээ.
Гардан тулааны Ардчилсан намын “байлдагч” Х.Тэмүүжин УИХ-д хоёронтаа сонгогдсон мэргэжлийн хуульч. 2012 оны сонгуулиар АН-ын жагсаалтаар УИХ-ын гишүүнээр сонгогдсон гэдгээрээ цөөнгүй хүнтэй өнгө ижил харагдах ч хууль зүйн салбарт суурь шинжтэй шинэчлэлтийг эхлүүлсэн гавьяагаараа ялгарч чадсан улстөрч. Тэрбээр иргэдийг гэмт халдлагаас сэргийлэхэд чиглэсэн Эрүүгийн болон Зөрчлийн хууль, нийгэмд шударга ёсыг тогтоох, Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад чухал үүрэгтэй “эрүүгийн процессийн” гэх тодотголтой 20 гаруй хуулийн төслийг боловсруулан УИХ-аар батлуулсан байдаг. Улстөрчийн хувьд олон нийтийн зүгээс парламентын хууль тогтоох чиг үүргийг нэр төртэй авч яваа мэргэшсэн цөөн хуульчдын нэг. Энэ удаа түүний “учраа” өмнөх сонгуулийн дөрвөн жилд хамгийн их зөрчилдсөн хүний нэг Хууль зүйн сайд асан Х.Мөнх-Оргил болж байна. Сүүлд өгсөн ярилцлагадаа “Оффшорыг өмгөөлдөг хуульч байхад олноо өмөөрөх хуульч бас байна аа” гэсэн нь өрсөлдөгчдөө дайсан үг хэмээн олон нийт таамаглаж байгаа юм.
Ц.Мөнх-Оргил бол МГИМО-гийн фракцийн урдаа барьдаг улстөрчийн нэг. Ц.Мөнх-Оргилын нэрний ард сайн, муу тодотголын аль аль нь бий. Ерээд оны дундуур Харвард төгссөн гялалзсан залууг эх орондоо ирмэгц нь улс төр руу шүүрч орхисон Орост төгсөгчдийн овсгоог бахархууштай. Түүнээс хойш улс төрөөс хөндийрөөгүй Ц.Мөнх-Оргилын хамгийн давуу тал дэлхийг дэлдийлгэсэн хоёр ч сургуулийн диплом өвөртөлсөн явдал. Номыг нь сонсож, ногоотой шөлийг нь уусныхаа хувьд хууль эрхзүйн шинэчлэлийн талаар дуугарч, түүнийхээ буянаар сайдын сэнтийд заларсан ч сайдын суудал нь саар нэрийн эхлэл болсон харамсалтай түүх түүнд бий.
60 дугаар тойргийн хувьд МАНАН-гийн хоёртой ана мана үзэлцэх нэгэн бол Бүгд Найрамдах Намаас нэр дэвшиж буй А.Отгонболд. Хатагтай эмнэлгийн зөвлөх эмч А.Отгонболдыг эмэгтэйчүүд, ээжүүд бол андахгүй. Эх, хүүхдийн эрүүл мэндийн төлөө сэтгэл гаргахын зэрэгцээ эмоцио нуулгүй илчилж, шар бор хэвлэлүүдэд багагүй матарлуулсан түүний хувьд улс төрийн халуун тогоонд чанагдахаар зориглосон нь санаандгүй хэрэг биш.
60-Р ТОЙРОГ /СҮХБААТАР ДҮҮРЭГ/ | |||
1 | Цэндийн | Монгол Ардын Нам | Монгол Ардын Намын |
2 | Хишигдэмбэрэлийн ТЭМҮҮЖИН | Ардчилсан Нам | УИХ-ын гишүүн |
3 | Авирмэдийн ЛХАМДЭГЭД | "Тусгаар тогтнол | Монголын Ногоон Намын |
4 | Амарын | Иргэний Зориг Ногоон Нам | Би Ар Эйч ХХК-ийн ерөнхий захирал |
5 | Алтанхуягийн ОТГОНБОЛД | Бүгд Найрамдах Нам | Хатагтай эмнэлгийн зөвлөх эмч |
6 | Жамбын | Монголын Социал Демократ Нам | Олон Улс Судлалын Дээд Сургуулийн багш, профессор |
7 | Рэнцэндоржийн УУГАНБАЯР | Иргэний Хөдөлгөөний Нам | Хувиараа хөдөлмөр эрхлэгч |
8 | Лхагважавын СЭЛЭНГЭ | Монгол Ардын | Монгол Ардын Хувьсгалт Намын |
9 | Ганбатын | Бие даан нэр дэвшигч | Эко капитал ББСБ-ын ерөнхий зөвлөх |
10 | Цэрэнбадамын | Бие даан нэр дэвшигч | Хувиараа хөдөлмөр эрхлэгч |
УИХ-ЫН 61 ДҮГЭЭР ТОЙРОГ
2016 оны сонгуулийн түүхэнд хамгийн сонирхолтой үзэгдэл болон бичигдэх тойрог бол 61. Тус тойрогт Ардчилсан намаас УИХ-ын гишүүн Р.Амаржаргалыг сойхоор намын удирдлагууд тогтсон ч Р.Амаржаргал эмэгтэй нэр дэвшигчид, тэдэн дундаас УИХ-ын гишүүн М.Батчимэгт байр сууриа тавьж өгсөн нь санаандгүй сонголт байгаагүй. М.Батчимэг бол Монголын парламент дахь эмэгтэйчүүдийн нэрийн хуудас болсон бүсгүй билээ. Түүний зарчимч байр суурь, зорилгодоо үнэнч, тууштай зан, зарчмын зөрүүтэй асуудалд өөрийн намаа ч шүүмжилж орхидог эрс шийдлүүд нь намын листээр сонгогдсон гэдгийг нь мартуулж орхидог. Эрчүүд олонтой парламентын эрс хатуу шийдвэрийг эмэгтэй хүний мяндсан ухаанаар нарийвчлан шүүж, зөөллөж, бас зөв тийш залж чаддаг мэргэжлийн судлаачийн хувиар Сүхбаатарчууд түүнд итгэл хүлээлгэхэд гайхах хэрэггүй юм.
М.Батчимэгийн хамгийн хүчтэй өрөлдөгч нь нэг ангийн парламентч Сү. Батболд. Сү. Батболд 2004, 2208 оны сонгуульд нийслэлийн Сүхбаатар дүүргээс УИХ-д сонгогдсон, 2012 оны сонгуульд МАН-ын жагсаалтаар гишүүн болсон, олны хувьд хэдийнэ танил улстөрч. Төр түших үйлд хэдэнтээ зүтгэж, засаглаж ч амжсан улстөрчийн бас нэгэн тодотгол Монголын толгой баячуудын нэг. МАН доторх МГИМО-гийн загалмайлсан эцэг гэх нь бий. Сү.Батболд олон улсын эдийн засагчаас гадна дипломатч мэргэжилтэй. Тэр утгаараа түүний тэргүүлсэн Засгийн газар хамгийн урт хугацаанд тогтвортой, эв нэгдэлтэй байжээ. Эвдрэлцэл бус, эвлэрлийг илүүд үздэг Сү.Батболдыг “зөвшилцлийн зууч” гэж зүгээр нэг хочлоогүй болов уу.
М.Батчимэг, Сү.Батболд хоёртой зэрэгцэн зургаан өрсөлдөгч нэр дэвшсэний дотор зурхайч хүртэл багтаад амжжээ.
61-Р ТОЙРОГ /СҮХБААТАР ДҮҮРЭГ/ | |||
1 | Сүхбаатарын БАТБОЛД | Монгол Ардын Нам | УИХ-ын гишүүн |
2 | Мигэддоржийн БАТЧИМЭГ | Ардчилсан Нам | УИХ-ын гишүүн |
3 | Бат-Очирын | "Тусгаар тогтнол | Монголын Ногоон Намын |
4 | Санжаагийн ЭРДЭНЭЧИМЭГ | Иргэний Зориг Ногоон Нам | МУБИС-ийн Хүмүүнлэг, |
5 | Пүрэвийн | Бүгд Найрамдах Нам | Бүүвэй ээж ХХК-ийн захирал |
6 | Жадамбын | Иргэний Хөдөлгөөний Нам | ГХХХ Төв ТББ-ын тэргүүн |
7 | Индэрээгийн ЭНХТҮШИГ | Монгол Ардын | Верт интернэшнл ХХК-ийн захирал |
8 | Минчиндоржийн НАМСРАЙ | Монгол Консерватив Нам | Монголын үндэсний чөлөөт зурхайчдын |
УИХ-ЫН 62 ДУГААР ТОЙРОГ
62 дугаар тойрогт Ардчилсан намын төдийгүй далаад оныхны далбаа болон нэр дэвшсэн хүн бол Л.Гантөмөр. Дан, давхар дээлтнүүд дунд түүн шиг салбараараа овоглосон сайд олонгүй. Боловсрол, соёл, шинжлэх ухаан гэх гурван тулгуур баганыг ганхаахгүй байх үүргээ амжилттай биелүүлэхийн зэрэгцээ хувь улстөрчийн сурталчилгаа хийхээргүйгээр мэдээлэл түгээдэг энэ сайдын санаачлагаар хүүхэд бүр авьяасаа хөгжүүлж, “Зөв Монгол хүн” болон төлөвшиж эхэлж байгааг дурдахгүй өнгөрөх аргагүй. Өнгөрсөн хаваржин шуугисан Мүүний давалгаанд нэр дурдсагдсаныг эс тооцвол бариад авах балаг багатай улстөрч. УИХ-ын гишүүн Л.Гантөмөрийн нэр дэвшсэн тойрог нийт 10 өрсөлдөгчтэй ч тэдний зургаа нь эмэгтэйчүүд гэдгээрээ бусдаас ялгаатай.
62 тойрогт өрсөлдөх зургаан эмэгтэй дундаа МАН-ын нэр дэвшигч Ц.Цогзолмаа угаасаа Сүхбаатар дүүргийн хүн. Дүүргийн даргаар ажиллаж байхаасаа тойргоо усалчихсан энэ эмэгтэйд сурталчилгаа бараг хэрэггүй дээ. Харин түүний амьдаа болох Бадраагийн Цогзолмаа гэх бүсгүйг Иргэний хөдөлгөөний намаас нэг тойрогт нэр дэвшүүлсэн нь сонгогчдыг баахан будилуулахыг үгүйсгэхгүй. Б, Ц гэх овгоос илүүтэй сонгуулийн хуудас дээрх хамгийн эхний байрлал нь МАН-ын Цогзолмаад илүү санал хүртээх боломж байж мэдэх юм.
Цогзолмаагийн эсрэг Цогзолмааг өрсөлдүүлж буй намуудын арга заль ганц 62 дугаар тойрогт байгаа хэрэг биш. Хоёр Уянга, хоёр Нямдоржтой тойрог ч бий. Овог нэрийг нь андуурсан гэдгээс эхлээд дуулиан шуугиан дагуулж мэдэх 16 оны сонгууль сонгогчдын “оюуны бяд”-ыг илүүтэй сорьж ч мэднэ.
62-Р ТОЙРОГ /СҮХБААТАР ДҮҮРЭГ/ | |||
1 | Цэдэнбалын ЦОГЗОЛМАА | Монгол Ардын Нам | Монгол Ардын Намын |
2 | Лувсаннямын | Ардчилсан Нам | УИХ-ын гишүүн, БСШУ-ны сайд |
3 | Нанзадын НАРАНЦЭЦЭГ | "Тусгаар тогтнол | Монголын Ногоон Намын |
4 | Цэдэвсүрэнгийн ЭРДЭНЭСАЙХАН | Иргэний Зориг Ногоон Нам | Миний цалин ТББ-ын тэргүүн |
5 | Адъяагийн ЦОЛМОНТУЯА | Бүгд Найрамдах Нам | Голденфайл ТИН ХХК-ийн ерөнхий захирал |
6 | Алгаагийн | Монголын Социал Демократ Нам | МУИС-ийн ШУС-ийн багш, профессор |
7 | Бадраагийн ЦОГЗОЛМАА | Иргэний Хөдөлгөөний Нам | Монголын залуучуудын |
8 | Цэрэндамбын БАЯРХҮҮ | Монгол Ардын | Пирамид констракшн ХХК-ийн захирал |
9 | Мишигдоржийн ЧИМГЭЭ | "Эх орончдын нэгдсэн эвсэл" | Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн удирдлагын багийн ахлагч |
10 | Наранцэцэгийн ЖАМБАЛДОРЖ | Бие даан нэр дэвшигч | Хувиараа хөдөлмөр эрхлэгч |