Бондын хөрөнгө хөрөнгө оруулалт болсон

Хуучирсан мэдээ: 2016.06.09-нд нийтлэгдсэн

Бондын хөрөнгө хөрөнгө оруулалт болсон

Монгол Улс 2012 онд анх удаа бонд босгож олон улсын зах зээлээс хөрөнгө оруулалт хийсэн. Гэвч бондын эргэн төлөлт болоод зарцуулалтын талаар зөрүүтэй ойлголт нийгэмд үүсээд байгаа юм. Өнөөдөр энэ талаар “Шангрилла” зочид буудал томоохон хэлэлцүүлэг болсон юм. Энэ үеэр Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбатаас цөөн асуултад хариулт авсан юм.

-Монгол Улс олон улсын хөрөнгийн зах зээлд бонд амжилттай арилжаалах болсон. Гэхдээ   зарим хүмүүс өр тавилаа гэж буруутгадаг. Ингэхэд бонд гаргаж, зээл авах нь эдийн засагт хэр ашигтай байдаг юм бэ?

-Аливаа улс хөгжиж дээшлэхийн тулд зээл тусламж, гадаадын хөрөнгө оруулалт хараад суух нь утгагүй. Харин ч дотоодод барьж байгаа бодлого шийдвэрийн дагуу бонд босгож хэрэгжүүлэх нь зөв алхам. Өөрөөр хэлбэл хөгжиж буй орнууд санхүүжилтийн эх үүсвэрээ дотоодоос босгож чаддаггүй. Олон улсын санхүүгийн зах зээл дээрээс босгодог. Монгол Улсын хувьд бонд босгох нь шинэ зүйл. Гэтэл дэлхий дахинд 19-р зууны сүүлчээс эхлээд хэрэглэж ирсэн байдаг. Америк гэхэд Англи, Францаас зээл авч далайн эргээс нөгөө далайн эрэг хүртэл бүтээн байгуулалт хийсэн байдаг. Хөгжлийн оргил үе дээрээ явж байна гэж хардаг Герман, Япон ч мөн адил дэлхийн хоёрдугаар дайны дараа зээлийн хөрөнгөөр улсаа болгосон. Монгол Улс бонд босгохын тулд 2012 оноос өмнө дэлхийн банкны ангилалаар хаалттай байсан. Харин 2012 оноос боломж нээгдсэн. Цаашид хэрэгцээтэй бүтээн байгуулалтаа барьж, хийж дууссаны дараа дотооддоо хуримтлал үүсгэж, өөрөө бусад улсын бондод санхүүжилт хийдэг улс болно. Энэ бол хөгжилд хүрсэн улс орны давж гардаг зүйл. Гол анхаарах зүйл нь олон улсын зах зээлээс бонд босгоод нийгмийн халамж, иргэдэд мөнгө тараахад зарцуулж болохгүй. Хэрэв тэгвэл Грекийн замаар орно. Бондын хөрөнгийг зөвхөн эдийн засгийн үр ашигтай, дотооддоо хуримтлал үүсгэж байгаа ажлуудыг санхүүжүүлэх бодлого барьсан. Тухайлбал зам барихад бизнес эрхлэгчид цаг алдахгүй бүтээгдэхүүнээ эх орныхоо өнцөг булан бүрт хүргэх боломжтой болсон. Ингэснээр татвар төлөлт, эдийн засгийн өсөлт сайжирна. Бондын хөрөнгийн 2/3-ийг өөрийн гэсэн бизнесийн орлоготой, хувийн болон төрийн өмчит компаниудад зээлээр өгсөн.

-Бондын хөрөнгөөр өнгөрсөн гурван жилд ямар бүтээн байгуулалт хийгдэв. Олон улсын хөрөнгө оруулагчдаас зээлсэн мөнгөөр юу хийсэн бэ гэдэг олон нийтийн анхаарлыг татах байна?

-Үндсэндээ 2015 оны байдлаар буюу гурван жилийн дотор 4,9 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдсэн. Үүгээр 1700 орчим төсөл хөтөлбөрт хөрөнгө оруулж чадсан. Эдгээр төсөл хөтөлбөрт ажил хийж оролцсон 1000 гаруй компани байдаг. Өөрөөр хэлбэл эдийн засагт олон сувгаар эерэг нөлөө өгсөн. Дээрх төсөл хөтөлбөрийг чиглэл чиглэлээр хуваагаад үзэх юм бол нэгдүгээрт, авто зам, инженерийн дэд бүтэц. Хоёрдугаарт, олон жил ганцсан төсөл хөтөлбөрт зарцуулагдсан. Жишээ нь “Эрдэнэс Тавантолгой”, Баруун цанхийн шинэ төмөр зам, 3,4-р цахилгаан станц, “Амгалан” ДЦС, МИАТ-ын Боинг 767 онгоц гэх мэт. Гуравдугаарт, хувийн хэвшлийн төслийг санхүүжүүлсэн. Ингэхдээ арилжааны банкуудын шалгуур хангасан аж ахуй нэгжид арилжааны банкаар дамжуулан таван жилийн хугацаатай, 7-9 хувийн хүүтэй зээл олгосон. Нарийвчлан яривал 1700 гаруй төсөл, чиглэлээр нь хуваах юм бол дэд бүтэц, улсын хөгжлийн томоохон төсөл, хувийн хэвшлийн үйлдвэрийн төсөл гэсэн гурван багцад хувааж болно. Хувийн хэвшлийн төслүүд дотор оцнлох хэд хэдэн төсөл байна. Жишээ нь 888 төслөөр дамжуулан экспортыг дэмжих, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорьсон. Тухайлбал нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай гурван том үйлдвэр барьсан. Хоёр нь бүрэн ашиглалтанд орж борлуулалт эхэлсэн. Нэг нь тун удахгүй ашиглалтанд орно. Үүний ачаар дотоодын хэрэгцээг бүрэн хангахаас гадна, ОХУ-д цемент экспортлох асуудлыг ярилцаж эхэлсэн. Цементтэй болсноор бид өөрсдөө дотоодын бүтээн байгуулалтаа хийж чадвартай болсон. Үүнээс гадна монголчууд өөрсдөө 30 гаруй км төмөр зам барьсан. Манайхан ойрын нэг, хоёр жилийн хугацаатай бизнесээ төлөвлөөд сурчихсан. Гэтэл дунд болон, урт хугацааны бизнесийн загварт шилжихэд санхүүжилтийн гол зорилго оршиж байгаа юм. Ингэснээр бондын хөрөнгө оруулалтын үр өгөөж дор хаяж 5-10 жилийн дараа харагдана. Өнөөдөр санхүүжилт хийчихээд, маргааш ашиг олдог бизнест хөрөнгө оруулалт хийхгүй.

-Улстөрчид, ялангуяа сөрөг хүчнийхэн “Чингис” бондын зарцуулалтаар популизм хийх, буруутгах тохиолдол цөөнгүй гардаг. Бондоор улстөржихийн сөрөг тал юу вэ?

-Бондын хөрөнгөөр 2012 онд санхүүжүүлээд гурван жилийн дараа үр дүн гарсан олон ажил бий. Жишээ нь гудамж төсөл, ДЦС, зам дэд бүтэц гэх мэт. Хоёрдугаарт Хөгжлийн банкны үйл ажиллагааг өнгөрсөн гурван жилийн турш Монгол Улсад хяналт хийдэг бүх байгууллагууд шалтгасан байдаг. Үндэсний аудитын газар гэхэд хоёр удаа шалгасан, олон улсын санхүүгийн аудит хагас жил тутамд ордог. Энэ бүх хяналт шалгалтын үр дүнд бидний ажил улам сайжирч байна.

-Бондын эргэн төлөлтийн хугацаа ойртож байна. “Чингис” бондын хүүг төлж эхлэхэд бэлэн үү?

-Гол баримтлах ёстой зарчим нь бондын хөрөнгөөр дотооддоо үр ашигтай хөрөнгө оруулалт хийгээд, дотооддоо хөрөнгө үүсгэх ёстой. Ингэж чадсан тохиолдолд үр өгөөж нь яг тэр хугацаандаа эргээд орж ирдэг. Тухайлбал нийт санхүүжилтийн 1/3 орчим нь хувийн компанид, 1/3 нь төрийн өмчит том компанийн төслийг санхүүжүүлсэн. Эдгээр компаниуд өөрсдийн олсон орлогоороо зээлээ эргэн төлөөд явж байна. “Эрдэнэс Тавантолгой” 50 сая ам.долларын зээлээ эргэн төлөөд эхэлсэн. Арилжааны банкуудаар дамжуулаад олгосон зээл мөн адил эргэн төлөгдөж байгаа. Хамгийн гол нь ирээдүйд орлого олдоггүй, нийгмийн халамжид зарцуулагдсан бол бид санаа зовох байсан. Гэтэл нөхцөл байдал өөр, үр ашигтай хөрөнгө оруулалт хийсэн учраас харьцангуй тайван байна. Би түрүүн хэлсэн Монгол Улс анх удаа бонд авсан учраас хугацаа тулчихлаа гэж санаа зовох нь аргагүй. Гэвч энэ бол онцлог үйл явдал биш. Гол нь зарчмаа зөв баримтлах нь чухал.           

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж