Хүүхдийн спортын наадмын төлөөлөгчид зочиллоо

Хуучирсан мэдээ: 2016.06.09-нд нийтлэгдсэн

Хүүхдийн спортын наадмын төлөөлөгчид зочиллоо

ОХУ-ын Саха улсын Якутск хотод болох “Азийн хүүхдүүд” олон улсын спортын VI их наадмын Зохион байгуулах хорооны удирдлагууд өнөөдөр Улаанбаатар хотод зочилж байна. Долдугаар сарын 6-17-нд болох тус наадамд 39 орны 4500 тамирчин оролцох бөгөөд Монголын талаас 18 спортын төрөлд 160 орчим тамирчин оролцохоор бэлтгэж байгаа юм. 

Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн дарга Д.Жаргалсайхан өнөөдөр өглөө "Азийн хүүхдүүд-2016" олон улсын хүүхдийн спортын наадмыг Зохион байгуулах хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Сергей Александрович Хатылыковыг хүлээн авч уулзлаа. 

Төлөөлөгчид Улаанбаатар хотын Засаг дарга Э.Бат-Үүл, ЭМС-ын сайд С.Ламбаа, МҮОХ-ны удирдлагуудтай уулзаж, “Азийн хүүхдүүд-2016” наадамд оролцох Монголын баг тамирчдын бэлтгэлтэй танилцана. Мөн Биеийн тамир спортын хөгжлийн төв, Спортын төв ордон, Биеийн тамир спортын дунд сургууль, Буянт-Ухаа спортын ордны үйл ажиллагаа, барилга байгууламжийг үзэж сонирхохоор хөтөлбөрт тусгагдсан байна. 

Дашрамд дуулгахад, Монгол Улс энэхүү наадмыг 2020 онд зохион байгуулах санаачилга гаргаад байгаа билээ. 

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж