Н.Энхбаяр Говь-Алтайн малчидтай уулзлаа

Хуучирсан мэдээ: 2010.04.19-нд нийтлэгдсэн

Н.Энхбаяр Говь-Алтайн малчидтай уулзлаа

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр “Хөдөөгийн хөгжлийн төв” төрийн бус байгууллагын тэргүүнээр ажиллаж байгаа. Н.Энхбаяр төрийн бус байгууллагынхаа ажлын шугамаар Говь-Алтай аймгийн хаваржилт хүндрэлтэй байгаа зарим суманд ажиллаж байна.
Говь-Алтай аймаг  жилийн жилд өвөлжилт хүндэрч, хавар шар усны үерийн  аюул иргэдийг түгшээж байна. Судалгаанаас үзэхэд 2000-2008 онд зудад малаа барсан есөн иргэн амиа хорлож, 57 хүн зүрхний шигдээс, даралт харвах өвчнөөр нас баржээ.  Өнгөрсөн өвлийн эхээр уулынхаа ар руу гарч Алтайн нурууг давж чадсан малчид малаа тоо толгой бүрэн авч гарсан бол үлдсэн нь хүндхэн өвөлжжээ.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд зургаан сая гаруй тоо, толгой мал хорогдсон байна. Говь-Алтай аймаг 2009 онд 2.2 сая мал тоолуулснаас  576  мянган толгой мал зудад алдаж, 3500 орчим өрхийн  амьжиргааны баталгаажих төвшин алдагдсаныг аймгийн удирдлагууд ярилаа.
“Хөдөөгийн хөгжлийн төв” ТББ-ын тэргүүн, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр өнгөрсөн хоёрдугаар сард Өвөрхангай, Архангай, Хөвсгөл аймгийн зарим сумын өвөлжилтийн байдалтай танилцаж,  малчдын санаа бодлыг  төр, засагт хүргэхэд гүүр болно гэдгээ илэрхийлж байсан. Энэ удаа хаваржилт хүндэрсэн сумын малчдын амьдралтай биечлэн танилцах, зудад малаа барсан иргэдийг малжуулахад туслах, гарын авлага,  зөвлөмж хүргүүлэхэд  анхаарч байгаагаа онцоллоо.  Говь-Алтай аймаг малжуулах ажил эхлүүлэхээр Засгийн газар, олон улсын байгууллага, зарим ТББ-д хандсан бөгөөд “Хөдөөгийн хөгжлийн төв” ТББ тэдний хүсэлтийг эхний ээлжинд хүлээн авч 18 сая төгрөгийн тусламж үзүүлэхээр гэрээнд гарын үсэг зурлаа.  
Н.Энхбаяр өчигдөр Говь-Алтай аймгийн удирдлагуудтай уулзсаны дараа Төгрөг сумын малчин О.Дашцэрэн, О.Гэрэлмаа, Бугат  сумын нутаг Алагнуурын говьд хаваржиж буй Л.Галбадрах, Г.Насан нарын хот айлаар орж  амьдрал, ахуйтай нь танилцлаа. Өнөөдөр орой Тонхил сум,  “Алтан соёмбо” бригадын бага сургуулиар орж иргэдийн төлөөлөлтэй уулзана. Маргааш Ховд аймгийн удирдлагуудтай уузаж, Алтай, Үенч, Булган сумын малчидтай уулзах юм байна. 

А.АНУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж