Хотын гудамжинд шөнө болдоггүй

Хуучирсан мэдээ: 2016.06.09-нд нийтлэгдсэн

Хотын гудамжинд шөнө болдоггүй

Шинэ үеийн залуусын сонголт өөрчлөгдөөд удаж байгаа. Шоудахаас татгалзсан шинэ үеийнхэн үдшийг хэрхэн өнгөрөөдөг вэ. Ухаалаг утсаа маажиж, өрөөндөө бүгсэн шигээ үдшийг өнгөрөөдөг гэж бодож байна уу, үгүй.

Шөнийн 00.00 цаг болсон ч Чингисийн талбай залуусын хөлд дарагдсан хэвээр. Гэхдээ хүүхдээ  хөтөлсөн залуу гэр бүлүүд төв талбайд салхилсан шигээ явж харагдах. Нар эгц төөнөх зуны өдрийн аагим халуунаас халширсан эцэг эхчүүд үдшээр ирж хүүхдээ салхилуулдаг бололтой юм. Үүнийг дагаад багачуудыг хөгжөөх хэдэн төрлийн тоглоомыг ч талбайн голд байрлуулжээ. Энд ихэвчлэн бага насны хүүхдүүдэд зориулсан гэмээр үйлчилгээ харагдана. 10 минут нь 3000 төгрөгөөр суулгах машин, мотоцикль, 2500 төгрөгийн үнэтэй үлээдэг хөөс, гэрэлтдэг даруулгахнаар л талбайн үйлчилгээ хязгаарлагдана. Харин залууст зориулсан ганц үйлчилгээ нь хос болон нэг хүний дугуй юм. Хосууд, залуус талбайд ирвэл ихэвчлэн элдвийг ярьж суух, алхах, дугуй унахаас өөрөөр цагийг өнгөрүүлэх үйлчилгээ харагдсангүй.

Чимгээ нэрийг нь өөрчлөв гэх 30 гаруй насны эмэгтэй талбай дээр худалдаа эрхлээд долоо хонож байгаа хэмээн өөрийг танилцуулав. Улаан, ягаан, ногоон өнгөөр гэрэлтэх даруулга, үлээдэг хөөс, нум сум гэх гурван төрлийн худалдаа эрхэлж байгаа аж. Түүний хэлж буйгаар төв талбай дээрээ худалдаа эрхлэх нь хориотой байдаг учраас залууст чиглэсэн онц, содон үйлчилгээ нэвтрүүлдэггүй гэлээ. Цагдаад хөөгдөж, торгуулахгүйгээр хэдэн тоглоом худалдахаа л бодохоос нас насныхны тав тухыг хангаж, хөгжөөх үйлчилгээ нэвтрүүлэх тухай саналт ч үгүй хэмээн хуучилсан юм. Чимгээгийн хэлж буйгаар нэгэнт л залуус шөнөөр цагийг зугаатай өнгөрөөх хүсэлтэй байдаг учраас тэдэнд зориулсан, олон сонирхолтой үзвэр, үйлчилгээ бүхий талбай гаргаж тохижуулах хэрэгтэй хэмээн хэлж байв.  Хосууд оройдоо Зайсангаар алхахаас өөр сонголтгүй байсан үед цэцэрлэгт хүрээлэн гэх шинэ маршрут нээгдэж байв.

Үнэхээр залуус, гэр бүл, хосууд шөнийн намуун оройг эрүүлээр өнгөрүүлэх газраар “цангаж” буйг илтгэх дүр зураг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд харагдана. Шөнийн 01.00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээр орлоо.

Сайн зүйл нь тэнд залуус пиг, муу нь яг “хар зах” шиг л элдэв янзын бараа дэлгэсэн худалдаачдаар дүүрчээ. Эгээ л наадмын талбайн их хөл энд ноёлоо юу гэлтэй дүр зураг Улаанбаатарын зуны нэгэн орой эндээс харагдана.

Өнгөцхөн харвал энд залууст цагийг эрүүлээр өнгөрүүлэх, хийх зүйл их бий. Гэхдээ хийе гэвэл шинэ, содон зүйл тунчиг ховор аж. Талбайн ихэнх хэсгийг бяцхан жаалуудыг сатааруулах тоглоом, мотоцикль, галт тэрэг эзэлжээ. Харин хоёр талаар нь павьелонуудад хуушуур, бууз, шорлог, ундаа, аарц, кофе, пицца, хотдогноос эхлээд бүх л төрлийн идэж, уух зүйл өрөөтэй. Талбай дээгүүр ч худалдаачид “Халуун аарц”, “Амттай шорлог”, “Халиартай хуушуур” хэмээн ам уралдан хашхиралдана.

Харин залуус ихэвчлэн хосоороо хөтлөлцөн хөгжилтэй яриа өрнүүлэн сууна. Нэг хэсэг нь гиеүрэн алхана, нөгөө хэсэг нь сумаар шаар хагалж, чихмэл бэлгэнд нь авах өнөө л улиг болсон тоглоомыг дуртай дургүй тоголж харагдана. Энд дугуй унаж, тойрон аялах нь л хамгийн кайфтай мөч аж.

Цэцэрлэгт хүрээлэнгийнхэн тогоо хэмнэв үү, ажилладаггүй олон гэрэлтэй юу гэж бодмоор ч хэсэг байна. Учир нь талбайн зүүн хойно сагсны талбай харанхуй. Гэвч утасныхаа гар чийдэнг тусгаж, гэрэлд нь гандан буурахгүйгээр тоголсоор харагдав. Мөн дугуйн тойрог замын гэрлүүд ихэнх нь унтраалттай, харанхуй харагдана.

Ийнхүү Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг орхин дараагийн газрыг зорив. Шөнийн 1.40 цаг, Зайсан толгой… Энд хаашаа л харна хөтлөлцөн алхах хосууд их юм. Аргагүй л дурлалт хосуудын болзоот газрын нэг гэлтэй. Хөтлөлцсөн хосууд дээш, доош зөрөлдөн алхана, эсвэл хаа нэгтээ хотынхоо шөнийн төрхийг ажин бодол болон сууцгаана. Гэхдээ тэд архи уугаагүй, шоу цэнгээний хойноос яваагүй, зүгээр л шөнийн Улаанбаатараар зугаалж явна.

Зайсан толгойн эгц урагш харвал хосууд энд тэндгүй хадан дээр суун юуг ч юм нухацтайхан, сэтгэлээсээ, инээлдэн ярилцаж сууна. Ойрд уулзаагүй найзууд, ангийнхан ч олноороо цугларчээ. Хэсэг охид гар утсаараа селфи хийж, нөгөө талд нь залуус нэгнээ шоолон чанга дуугаар пирхийтэл инээлдэнэ. Нэг үеэ бодвол Зайсан толгой цэвэрхэн, цэмцгэр болжээ. Булан, тохой бүрд нь архины шил, тамхины иш харагддаг үеийг бодвол өнөөдөр лав илүү цэмцгэр ажиглагдана. Зайрмагаа задлаад найз охиныхоо цаасыг өөрийнхтэйгөө хамт халаасандаа хийж буй тохиолдлыг хоёр ч удаа харж суусан юмдаг.

Уул руу чиглэсэн шатнаас өөр сонирхох зүйлгүй байсан Зайсан толгой нэг үеэ бодвол өөрчлөгджээ. Шатны амрах хэсэг бүрд сандал, хогийн сав, дунд хэсэгт сүүдрэвч, шорлогны асар гээд тохижилт нэмэгдсэн байна.

Гэхдээ л шоу, цэнгээнээс татгалзсан залууст хөгжилдөх шинэлэг зүйл үгүйлэгдсээр байгаа нь тэдний ярианаас ажиглагдав. “Одоо юу хийх вэ”, “Ингээд алхаад л байх уу”, “Наад шаарыг чинь нүдээ аниад ч ононоо” гэх залхсан, гиеүрсэн үг ч залуусын амнаас гарч байсныг энд нуух юун.

Гэрэл зургийг: Н.БАТМӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж