- УИХ-ын сонгуулийн сурталчилгаа эхлэх өдөр нь зургадугаар сарын 11-нээс эхэлж, 17 өдөр үргэлжлэх юм. Энэ хугацаанд телевизүүд өдөр бүр 1 цаг буюу 60 минутад багтаан УИХ-ын сонгуулийн сурталчилгаа, орон нутгийн сонгуулийн сурталчилгааг мөн 1 цагт багтаан хийх үүрэг хүлээжээ.
- Гэвч Монголын Телевизүүдийн холбооныхон өчигдөр /2016.06.08/ Сонгуулийн ерөнхий хорооны байранд хүрэлцэн ирж, УИХ-ын сонгуулийн сурталчилгааг олон нийтэд тэнцвэртэй хүргэж чадахгүй болсноо мэдэгдлээ. Мөн тус холбоо Харилцаа холбооны зохицуулах хороог Захиргааны хэргийн шүүхэд өгсөн байна. Шүүхэд хандах болсон үндэслэлээ Сонгуулийн тухай хуулийг давсан журам гаргасан гэж үзэж байна.
- Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах хүүхдийн зуслангууд өчигдрөөс амрагч хүүхдүүдээ авч эхэллээ. Энэ жил нийслэлд 22 зуслан үйл ажиллагаа явуулах юм. Сүхбаатар дүүргийн Хараацай, Хандгайт, Маргаашийн хөгжил, Ундраа, Янзага, Сэлбэ зуслан энэ сарын 10-наас эхлэн эхний ээлжийн амрагч хүүхдүүдээ хүлээн авна. Үнийн хувьд нэг ээлжинд 140-160 мянган төгрөгөөр амрах боломжтой. Хүүхдүүд зусланд амрахын тулд child.gov.mn сайтаас эрүүл мэндийн хуудсыг татан авч, харьяа дүүргийн Эрүүл мэндийн төвөөр бөглүүлэн, дотор, арьс өнгө, сүрьеэ, цагаан хорхой болон шээсний шинжилгээ өгнө.
- Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны Ерөнхийлөгч Зинь Люцинийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Азийн бүс дэх дэд бүтцийг хөгжүүлэх, Ази-Европын холбосон эдийн засгийн корридор байгуулах боломж бололцоо, авто замын салбарын хөрөнгө оруулалтын талаар хөндөж ярилцжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ Монголын дэд бүтцийн салбар сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжин авто замын сүлжээ өргөжин тэлж байгааг онцлоод цаашид ч энэ салбарын хөгжилд анхааран ажиллахаа илэрхийлсэн байна.
- Буянт Ухаа-II хорооллын хоёрдугаар ээлжийн бүтээн байгуулалтын ажил өчигдрөөс эхэлж байна. Ингээд 2018 он гэхэд хоёрдугаар ээлжийн бүтээн байгуулалт бүрэн дуусч, ашиглалтад орох юм байна. Энэ удаад 19.32 га талбайд 3900 айлын цогцолбор хороолол босох юм.. 3900 айлын 60 блок орон сууц, 240 хүүхдийн багтаамжтай гурван цэцэрлэг, худалдаа үйлчилгээний хэсэг, зам талбай, ногоон байгууламж, кинотеатр, газар доорх нэгдсэн зогсоол, амралт чөлөөт бүсийн иж бүрэн цогцолбортойгоор шийджээ.
- 2016 оны УИХ-ын сонгуульд 12 нам, гурван эвсэл болон бие даагч 69 хүн нийлээд 498 хүн нэр дэвшиж байна. СЕХ-ноос Улсын дээд шүүхэд бүртгүүлсний дагуу Монгол ардын намын нэр дэвшигчдэд эхлээд батламжийг нь гардуулсан бол дараа нь Ардчилсан намын нэр дэвшигчдэд өчигдөр нэр дэвшигчийн үнэмлэхийг нь гардуулсан билээ.
Харин өчигдөр /2016.06.08/ МАН УИХ-ын 2016 оны сонгуульд нэр дэвшигчдэдээ батламжийг нь гардуулан өглөө. Тус нам сонгууль булхай, луйваргүй, хуулийн хүрээнд болох ёстой гэдэг зарчмыг баримталж буй ажээ. Түүнчлэн энэ удаагийн сонгуульд МАН-аас нэр дэвшигчид шударга өрсөлдөж, ялбал уналтад орсон эдийн засгийг сэргээж, иргэдэд ээлтэй эрх зүйн орчинг боловсруулж, тэдний төлөө ажиллана гэлээ.
- УИХ-ын сонгуулийн 41 дүгээр тойрог буюу Хэнтий аймагт Ардчилсан намаас нэр дэвшигч Б.Гарамгайбаатар хууль зөрчлөө гэж Монголын Уламжлалын Нэгдсэн Нам/МУНН/-ын гишүүд өчигдөр /2016.06.08/ мэдээлэл хийжээ. МУНН-ын гишүүн Д.Одгэрэл “УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар нь 2016 оны тавдугаар сарын 26-29-ний өдөр 3 хоногийн турш Налайх дүүргийн нутаг дэвсгэр дэх Тэрэлжийн Улаанбаатар-II амралтын газарт Хэнтий аймгийн иргэд сонгогчдыг цуглуулан хүлээн авалт зохион байгуулан дайлж, архидуулж, амруулан хууль зөрчсөн үйл ажиллагаа зохион байгууллаа. Б.Гарамгайбаатар Сонгуулийн хуулийг уландаа гишгэж, хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан гэж мэдэгдсэн юм.