Эрвээхэй шиг нисэх Мухаммед Али

Хуучирсан мэдээ: 2016.06.09-нд нийтлэгдсэн

Эрвээхэй шиг нисэх Мухаммед Али

Боксын спортын дэлхийн хамгийн алдартай од, хүнд жингийн дэлхийн гурван удаагийн аварга Мухаммед Али нь  рингэн дээрх амжилтуудаасаа гадна нийгмийн байр суурь болоод паркинсоны өвчинтэйгөө удтал тэмцэж ирснээрээ алдартай нэгэн юм. Харамсалтай нь, өнгөрсөн долоо хоногт буюу зургаадугаар сарын 3-ны Баасан гаригт тэрээр энэ хорвоог үүрд орхин одож, спортын ертөнцийг гунигт автуулсан юм. “Намайг дийлэх хүн одоохондоо төрөөгүй байна” хэмээх омголон шударга үгний эзэн “Агуу” хэмээн цоллуулсан боксчин Мухаммед Алигийн амьдрал карьерийн талаар хүргэж байна.

  • Бүтэн нэр: Кассиус Клэй
  • Төрсөн он сар өдөр: 1942 оны нэгдүгээр сарын 17
  • Төрсөн газар: АНУ-ын Кентаки мужийн Луисвиль.

Багаасаа л ямар ч тулаанаас, хэнээс айхгүй зоригтой чанар түүнд байсан хэмээн түүний бага насыг мэдэх хүмүүс дурсжээ. Хүүхэд насаа өнгөрөөсөн газар нь тусгаарлагдсан маягийн суурин байсан учраас Кассиус балчир наснаасаа эхлэн арьс өнгөний ялгаварарлалтыг биеэр мэдрэн өсчээ.

Хувь заяаг нь өөрчилсөн өдөр

Кассиусийг 12 настай байхад тэрээр амьдралыг нь өөрчлөх хамгийн чухал хүнтэй танилцсан нь цагдаагийн офицер, хожмоо түүнд боксын суурь мэдлэгийг зааж өгсөн Жое Мартин байжээ. Унадаг дугуйгаа хулгайд алдсан хүү Жое дээр очоод хийсэн эзнийг нь олоод “балбах” хүсэлтэй байгаагаа хэлэхэд “Чи хэн нэгэнтэй хүч үзмээр байгаа бол эхлээд өөрөө сайн тулалдаж сурах хэрэгтэй шүү дээ” гэж хэлсний дагуу Кассиус Жое Мартины ажиллуулдаг залуу боксчдын дамжаанд явж эхэлжээ.

Ингээд 1954 онд 12 настай жаал хүү анхны сонирхогчийн түвшний тэмцээндээ оролцож сонирхогчийн карьерийн гараагаа эхлүүлсэн Кассиус түүнээсээ хоёр жилийн дараа Алтан Бээлий болон Сонирхогчдын тэмцээнүүдийн аварга болжээ.

Түүний дараагийн сорилт нь Олимп байв.  18 настай залуу 1960 онд Италийн Ром хотноо болсон анхны Олимпоосоо алтан медалийг нь авчээ. Тэр цаг үеэс эхлэн тэрээр Америкийн баатар хэмээн цоллуулж эхлэв. Гэхдээ тэрээр цаашид мэргэжлийн боксчин болох замыг сонгож, өрсөлдөгч гэсэн хүн бүхнээ л буулгаж авсаар байжээ. Тэрээр Английн аварга Хэнри Күүпер, Сонни Листон зэрэг дэлхийн хүнд жингийн аваргуудыг бүгдийг нь ялж байв.

190 сантиметрийн өндөртэй тэрээр гэрэл шиг хурдан хөдөлгөөн болон хөлийн ажиллагаагаараа бусдаас ялгарч үзэгчдийн үзэх дуртай тулаануудыг толилуулсаар Америкчуудын маргашгүй “агуу” тулаанч нь болжээ. Үргэлж хамгийн агуу нь хэмээн цоллуулж ирсэн Али тулаан болгоныхоо өмнө микрофон барин зогсох сурвалжлагч нарт үргэлж өвөрмөц утга бүхий үг хэлж тэмцээнээ нээдэг байснаас хамгийн алдартай үг нь: “Эрвээхэй шиг нисч, зөгий шиг хатгана” хэмээх үг нь юм.

Нэрээ солих болсон түүх

1964 онд Кассиус шашны зарим үзлийг судалсны үндсэн дээр “хар Муслим” нэртэй бүлэглэлд элсэхээр шийджээ. Энэ шийдвэрээсээ болж тэрээр нэрээ “Кассиус Икс” гэх мэтээр сольж үзсэн боловч эцэст нь Мухаммед Али нэрэн дээрээ тогтжээ. Харин 1970 онд тэрээр Исламын шашинд бүэн утгаараа элсэн орсон байдаг байна. Өөрийн итгэн үнэмшдэг шашны урсгалаасаа болж шоронгийн хаалга татаж явсан түүх Алид бий. Жишээ нь, 1967 оны дөрөвдүгээр сард 25 настай Алид  Вьетнамын дайнд явахаар сонгогдсон зарлан ирсэн боловч тэрээр шүтлэгийнхээ нэрийг барин эсэргүүцэж баривчлагдаж байжээ. Үүнээсээ болж хамаг цол хэргэмээ золтой л хураалгачихаагүй байна. Энэ хэргээс болж цэргийн сонгогдмол байх тухай хуулийг зөрчсөн хэмээн буруутгагдаж таван жилийн ял авчээ. Хожим нь 1970 онд шүүх шийдвэрээ өөрчилсөн боловч тэрээр энэ гурван жилийн хугацаанд мэргэжлийн бүх тэмцээнүүдээсээ хоцорч, хөндийрсэн байв.

Боксдоо эргэн ирсэн нь

1970 он. Тэрээр эхний өрсөлдөгч Жерри Куйрриг ялсан боловч түүнийг эзгүй үед “Зууны тулаанч” хоч авсан Жое Фразиертэй халз тулжээ. Нийт 14 үеийн турш ана мана үзсэн хоёр боксчны тулаан 15 дахь үед Жое Алиг зүүн гарын хүчтэй цохилтоор нок-аутанд оруулснаар өндөрлөв. Хэдийгаар Али удалгүй босч ирсэн боловч шүүгч Алигийн гарыг өргөсөнгүй. Энэ бол түүний мэргэжлийн боксын рингэн дээрх 31 дараалсан ялалтын дараах анхны ялагдал байв. Хожмоо Али 1974 онд түүнтэй дахин таарч ялсан байдаг.

Үүний дараа удалгүй хоёр дахь ялалтаа Кен Нортонд алджээ. Энэ мэтээр тэрээр амьдралынхаа туршид нийт 5 удаагийн ялагдлыг амсаж байжээ.

Түүний бас нэгэн домогт ялалтаар “Ширэнгийн хүржигнээн” хочтой Жорж Формантай хийсэн тулааныг онцолж болно. Намйдугаар үе дээр нок-аут хийн, хүнд жингийн аварга цолоо гурав дахь удаагаа дахин хамгаалжээ.

Паркинсоны өвчнөөр оношлогдсон сайн санааны үйлстэн

Мэргэжлийн боксын нийт 61 тулаанаас 56-д нь ялсан амжилттайгаар 1981 онд 39 настай боксчин зодог тайлах шийдвэрээ гаргажээ. Тэр цагаас хойш Мухаммед Али сайн санааны үйлс хийхэд ихэнх цаг заваа зарцуулах болжээ. Энэ хугацаанд буюу 1984 онд толгойндоо гэмтэл авсны улмаас паркинсоны өвчнөөр оношлогдсон бөгөөд үүнээсээ болж өөрийн нэрэмжит паркинсоны өвчтэй хүмүүст зориулсан хандивын байгууллага байгуулж, нйигэмд өөрийн хувь нэмрээ оруулдаг болжээ. Тэрээр олон ч жилийн туршид пара- олимпуудад дэмжлэг үзүүлж, тусамж хэрэгтэй байгаа улс орнуудаар аялан тэтгэврийн насаа өнгөрүүлжээ.

Өвынийхөө тухай хэлсэн үгэндээ тэрбээр: “Бурхан намайг биш харин өөрийгөө агуу гэдгийг мэдрүүлэхийн тулд надад Паркинсоны өвчнийг өгсөн” гэжээ.

Мухаммеп Али амьдралынхаа туршид нийт дөрвөн бүсгүйтэй гэрлэсэн бөгөөд тэднээс нийт долоон охин хоёр хүүтэй.

Өөрийн төрсөн газар болох Кентакки мужид “Мухаммед Али Төв”-ийг нээж байхдаа Мухаммеп Али дараах үгийг хэлжээ:

-Би бол өөрт ноогдсон авъяас чадвараа шаргуу хөдөлмөрлөж сайжруулсан энгийн л нэгэн эр хүн. Олон шүтэн бишрэгчид маань миний амжилтуудыг мөнхөлсөн мүзей байгууагдахыг хүсэцгээдэг. Харин би миний амжилт, аваргын цомуудыг маань хадгалах байшин биш бүр барилгатай болохыг хүссэн. Энэ төв маань ямар ч хамагүй салбарт хүчин зүтгэж байгаа хүмүүст чадах бүхнээ хийхэд нь урам хайрласан, бусдаар хүндлэгдсэн нэгэн болгох итгэлийг хайрлаасай хэмээн хүсч байна” гэжээ.

Сүүлийн жилүүдэд биеийн байдал нь муудсаар байсан Али өнгөрсөн жилээс эхлэн уугшины хатгаа болон ялгаруулах системийн өвчлөлийн улмаас ойр ойрхон эмнэлэгт хэвтэх болжээ.

Зургаадугаар сарын хоёрны өдөр амьсгалын замын өвчин нь хүндэрсний улмаас дахин эмнэлэгт хүргэгдсэн боловч, маргааш нь буюу Баасан гаригт Арикона мужийн Феникс хотын эмнэлэгт амьсгал хураажээ.

Түүний амьдралын эцсийн мөч түүний 1986 онд гэрлэсэн дөрөв дэх эхнэр Ёланда болон тэдний хүү Асаад, өмнөх эхнэрээс нь төрсөн боксчин охин Лайла Али нараар хүрээлэгдэн өнгөрчээ. Түүний оршуулгын ажил маргааш төрсөн газарт нь болох бөгөөд өнөөдөр түүнийг хүндэтгэх цайллагыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Хэд хэдэн улс орны тэргүүнүүд агуу боксчны хорвоог орхисон явдалд эмгэнэл илэрхийлж буй бөгөөд Мухаммед Алигийн гэр бүл Ерөнхийлөгч Барак Обамаг оршуулгад урьсан боловч албан ёсны хариуг өгөөгүй байгаа юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж