2016 оны 6 дугаар сарын 9-ний өдөр
Сүүлийн үед олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, сүлжээгээр зарим байгууллагын зүгээс УИХ-ын 41 дүгээр тойрогт нэр дэвшигч Б.Гарамгайбаатар миний нэр хүндэд илтэд халдсан, гүжирдлэгийн чанартай, хуулийг буруу тайлбарласан, бусдыг төөрөгдүүлсэн, хууль, төрийн байгууллагын үйл ажиллагаанд нөлөөлөхийг оролдсон, тэдгээрийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулах зорилготой мэдээлэл гарсанд харамсаж байна.
Миний бие Б.Гарамгайбаатар “Тэс петролиум” ХХК-тай аливаа эрх зүйн харилцаанд ороогүй бөгөөд “Тэс петролиум” ХХК-тай ямар нэгэн гэрээ, хэлцэлд гарын үсэг зураагүй, зээл, шатахуун аваагүй ба түүнд аливаа өр, төлбөргүй болно.
Түүнчлэн надад шүүхийн шийдвэрээр тогтоосон төлбөл зохих зээл, барьцаа, батлан даалтын өр байхгүй ба миний зүгээс Сонгуулийн ерөнхий хороог хуурч мэхлээгүй. Үүнийг нотлох албаны баримтуудыг олон нийтэд хүргэж байна.
Сонгуулийн тухай хуулийн 125.4.1-т “банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа, батлан даалтын өргүй байх” гэсэн шаардлага нэр дэвшигч буюу иргэн Б.Гарамгайбаатарыг хэлж байгаа болно.
Гэтэл “Тэс петролиум” ХХК нь “Монроуд” ХХК-тай холбоотой иргэний маргааны асуудлаа өөр хувь хүнд тохох, Б.Гарамгайбаатар авсан мэт гүтгэн гүжирдэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хууль зөрчиж буй үйлдэл юм.
Компани нь үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаварыг эд хөрөнгөөрөө хариуцдаг хуулийн этгээд. Сонгуулийн ерөнхий хороо нь Сонгуулийн тухай хуулийн 128.2-т заасны дагуу хуулийн хүрээнд холбогдох байгууллагаас гаргасан лавлагаа, тодорхойлолтыг үндэслэн нэр дэвшигчийг бүртгэдэг бөгөөд хуульд заасан шаардлгагыг хангаагүй тохиолдолд бүртгэхээс татгалздаг хуультай. Эдгээр лавлагаа, тодорхойлолтыг даар хавсаргав.
Дээрх бодит баримтуудаар нотлон мэдэгдэхэд миний бие нэр дэвшигчид тавигддаг хуулийн шаардлагыг хангасан учраас Сонгуулийн ерөнхий хороо намайг бүртгэсэн гэж ойлгож байна.
Монгол Улсын Эрүүгийн хуулийн 111.1-т “Хүний нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор илт худал гүжирдлэг тараасан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хориос тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.”, 111.2.-т “Гүтгэлгийг олон нийтэд тараасан, эсхүл доромжлох, гүтгэх гэмт хэрэгт урьд ял шийтгүүлсэн этгээд үйлдсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.” гэж тус тус заасан бөгөөд Иргэний хуулийн 21.2-т заасны дагуу “иргэний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотлох үүрэгтэй” ба тус хуулийн 511 дүгээр зүйлд заасны дагуу тухайн иргэний хохирлыг барагдуулах үүргийг хүлээдэг.
Тиймээс дээрх худал мэдээллийг гаргасан, түгээсэн, тараасан этгээдийг хуулийн байгууллагаар шалгуулахаа үүгээр мэдэгдэхийн зэрэгцээ Хэвлэл мэдээллийн байгууллагууд, цахим мэдээллийн сайтууд бэлтгэн гаргаж буй мэдээллийн бодит байдлыг нягтлан шалгаж, хуулийн хүрээнд хэн нэгний хууль ёсны эрх, ашиг сонирхолыг зөрчихгүй байхыг уриалан сануулья.
УИХ-ЫН СОНГУУЛИЙН 41 ДҮГЭЭР ТОЙРОГТ АРДЧИЛСАН НАМААС НЭР ДЭВШИГЧ
БАТХҮҮГИЙН ГАРАМГАЙБААТАР