АНУ-ын шинэ лидер дэлхийд хэр нөлөөлөх вэ?

Хуучирсан мэдээ: 2016.06.09-нд нийтлэгдсэн

АНУ-ын шинэ лидер дэлхийд хэр нөлөөлөх вэ?

АНУ-ын ерөнхийлөгч хэн болохоос ОХУ, Хятад, Энэтхэгтэй худалдаа наймаа, эдийн засгийн харилцаанд өөрчлөлт орно. Ялангуяа ирэх намар эхлэх АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн онцгой анхаарал татаж байна. Ардчилсан намаас анх удаа эмэгтэй хүнийг ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн. Тэр нь АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга асан Хиллар Клинтон. Хатагтай Хиллари Клинтон нам доторх өрсөлдөөнд ялалт байгуулж, ерөнхийлөгчид нэр дэвших эрхээ баталгаажуулсан. Харин Бүгд найрамдах намд тэрбумтан Дональд Трамп тунаж үлдсэн бөгөөд бусад нэр дэвшигчид өрсөлдөөнийг орхисон юм. Тэдний хувьд ирэх долдугаар сард намаас албан ёсоор ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр зарлахыг хүлээх л үлдсэн билээ. Хэрэв Дональд Трамп ерөнхийлөгч болвол Хойд Америкийн чөлөөт худалдааны гэрээг /NAFTA/ шинэчлэн байгуулах эсвэл цуцлана гэдгээ мэдэгджээ. Харин Ардчилсан намын нэр дэвшигч Хиллари Клинтон Транс-Номхон далайн орнуудын түншлэлийн (TPP) гэрээг эсэргүүцэж байгаа аж.

Хятад

2000 оны нэгдүгээр сард ерөнхийлөгч Билл Клинтон Бээжинг Дэлхийн худалдааны байгууллагад (WTO) оруулснаар АНУ-ын компаниуд Хятадын зах зээлд нэвтрэх үүд хаалгыг нээнэ хэмээн мэдэгдэж байв. Гэвч Дэлхийн худалдааны байгууллагад Хятад улс нэгдсэнээс хойш АНУ-д 50 мянган үйлдвэр хаалгаа барьж, 10 сая хүн ажлын байраа алджээ. Өдгөө АНУ-ын Хятадтай байгуулсан худалдааны гэрээнүүдийг “ашиггүй” хэмээн хоёр намын нэр дэвшигчид шүүмжилж байна. АНУ өнгөрсөн онд Хятадтай байгуулсан худалдааны гэрээндүүдэд 365 тэрбум ам.долларын алдагдал хүлээнэ хэмээн нэр дэвшигчид шүүмжилжээ. Хятадын эдийн засгийн өсөлт удааширч, энэ оны эхний сард экспорт 11.2 хувиар буурсан. Мөн Хятадын импорт өнгөрсөн нэгдүгээр сард 18.8 хувиар буурсан нь 15 сар дараалсан хасах үзүүлэлт юм.


ОХУ

Цагаан ордны тэргүүн солигдсоноор АНУ-ын ОХУ-тай дипломат болон эдийн засгийн харилцаа өөрчлөгдөнө. Хэрэв нэр дэвшигч Дональд Трамп АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдвол ОХУ-ын эсрэг эдийн засгийн хоригийг цуцлах магадлал өндөр. Эдийн засгийн хоригийн улмаас өнгөрсөн онд АНУ-ын ОХУ-тай хийх худалдааны эргэлт 38,2 тэрбум ам.доллараас 23,6 тэрбум ам.доллар болж буурсан байна. АНУ болон Европын холбоо нь Украины улс төрийн зөрчил, хямралд Москваг буруутган ОХУ-ын эсрэг эдийн засгийн хориг тавьсан юм. Харин нэгэн цагт Владимир Путиныг Адольф Гитлертэй зүйрлэж байсан Хиллари Клинтон АНУ-ын ерөнхийлөгч болвол ОХУ-тай харилцаа улам муудах магадлалтай.


Энэтхэг

АНУ-ын ерөнхийлөгч хэн ч болсон Энэтхэгт хамгийн бага нөлөө үзүүлнэ. Дэлхийн банкнаас Энэтхэгийн эдийн засаг ирэх гурван жилийн хугацаанд хамгийн өндөр өсөлт үзүүлж, Хятадыг давахыг таамагласан. Энэтхэгийн хувьд АНУ-тай худалдаа наймааг сайжруулах гэж хичээх шаардлага бараг байхгүй аж. Газрын тосны үнэ унасан нь импортлогч орны хувьд Энэтхэгт ашигтай. Мөн Энэтхэгт ажлын байр нэмэгдэж, засгийн газраас цалин хөлсний доод хэмжээг өсгөжээ. Гадаадын хөрөнгө оруулагчид Энэтхэгийн технологийн салбарт анхаарал хандуулж, шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх явц түргэсэж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж