Сонгуулийн дараа ЭЗ ямар байх вэ?

Хуучирсан мэдээ: 2016.06.09-нд нийтлэгдсэн

Сонгуулийн дараа ЭЗ ямар байх вэ?

Инфляци хэдийгээр хамгийн нам төвшинд очсонч эдийн засгийн гол гол үзүүлэлтүүд уруудсаар байгаа билээ. Тодруулбал, эдийн засгийн өсөлт саарсан, гадаадын хөрөнгө оруулалт тэгтэй тэнцсэн энэ хүнд үед УИХ-ын ээлжит сонгууль явагдах гэж байна. Хэдийгээр намууд сонгуульд ялах гэж улайрч буй ч, чухамдаа ялсан тохиолдолд улсын төсөв нь улайсан, мөнгөгүй болсон улсаа хямралаас гаргах тун хүнд ачаатай нүүр тулна. Тиймээс сонгуулийн дараа эдийн засгийн нөхцөл байдал ямар байх вэ гэсэн асуултад хариулсан эдийн засагчдын байр суурийг хүргэж байна.

Сонгуулийн өмнө гадны хөрөнгө оруулагчдыг оролдохгүй байх хэрэгтэй

Эдийн засагч М.Чимэддорж

УИХ-ын 2008, 2012 оны сонгуулийн дараах байдлыг ажиглаад байхад улсын төсөвтэй холбоотой хүндрэл гардаг байсан. Сонгуулийн жилд улсын төсвийг өндөр батлаад, сонгууль болохын өмнө төсвийн зарцуулалтыг нэмэгдүүлчихдэг байсан. Энэ нь улсын төсвийг нэлээд хүндхэн байдалтай болгосон. Харин өнөө жилийн төсөв харьцангуй тооцоо судалгаатай батлагдсан учир улс төрийн зорилготой төсөв баталсан гэж хэлэхгүй. Шууд эдийн засгийн утгаар нь авч үзвэл 2012 оны сонгуулийн өмнө хэтэрхий их популизм хийсэн. Тухайлбал уул уурхайн салбарт хөрөнгө оруулж байсан гадныханд зориулж хууль баталсан. Ингэснээр хөрөнгө оруулагчид дайжих хандлага бий болсон. Энэ удаагийн УИХ-ын сонгуулийн өмнө улс төрчид харьцангуй бага популизм хийлээ гэж харагдсан. Харин ч эдийн засагтай холбоотой хууль эрх зүйн орчинг эргэн харж нэмэлт өөрчлөлт оруулсан, Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт хөдөлж эхэлсэн, гадаадын хөрөнгө оруулагчид монголчуудад итгэх хандлага нэмэгдсэн эерэг нөлөө ихтэй байна. Гэхдээ экспортын хэмжээ нэг нам доор түвшинд байгаа учраас эдийн засагт өөрчлөлт гарахгүй. Эцэст нь хэлэхэд одоогийн хүндхэн нөхцөл байдал цаашид ч үргэлжилнэ. Тиймээс хөрөнгө оруулагчдад зориулсан бодлого шийдвэрийг сонгуулийн өмнө битгий гаргаасай гэж хүсэж байна.


Шинэ Засгийн газар зоригтой алхам хэрэгтэй

Эдийн засагч Ц.Даваадорж

Сонгуульд ялалт байгуулсан нам, эвслүүд ямар бодлого хэрэгжүүлэхээс эдийн засгийн нөхцөл байдал шалтгаална. Тиймээс би хэлж мэдэхгүй байна. Хамгийн гол нь мал аж ахуйгаа түшиглэж эдийн засгаа солонгоруулах, дотоодын аж ахуй нэгжээ дэмжих хэрэгтэй. Одоогийн Засгийн газар бүх асуудлыг өөр дээрээ төвлөрүүлэх гэж оролдоод байгаа учраас зах зээлийн горимдоо орж чадахгүй байсан. Иймэрхүү байдлаар удаан үргэлжилвэл тун хэцүү байдалд хүрнэ. Тиймээс ялалт байгуулсан улс төрийн намууд өмнөх Засгийн газрын эхлүүлсэн сайн ажлуудыг үргэлжлүүлж, саар зүйлийг арилгах үүднээс зоригтой алхам хийх хэрэгтэй.


Улс төрийн залгамж халаа чухал байна

Эдийн засагч Л.Оюун

Сонгуулийн дараа ямар улс төрийн хүчин гарч ирэхээс ихээхэн хамаарна. Өнгөрсөн дөрвөн жилд ажилсан Засгийн газар бол эдийн засаг хөгжих үндэс суурийг тавьсан. Жишээ нь далд эдийн засгийн илрүүлэх, НӨАТ-ын урамшуулал олгох, зээлийн хүүг бууруулах, инфляци буурсан гэх мэт эерэг хандлага ажиглагдаж байна. Тиймээс улс төрийн залгамж халаа хэрэгтэй. Нэг үгээр хэлбэл өнгөрсөн дөрвөн жилд хийж хэрэгжүүлсэн зарим арга хэмжээг үргэлжлүүлэх нь чухал юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж