Аврагч нар газрын гүнд 13 цаг ажиллажээ

Хуучирсан мэдээ: 2016.06.08-нд нийтлэгдсэн

Аврагч нар газрын гүнд 13 цаг ажиллажээ

Нийслэлийн Налайх дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баялагийн хонхорт үйл ажиллагаа явуулдаг иргэн Д-гийн уурхайд өчигдөр хоёр хүн дарагдсан хэрэг гарчээ. Дуудлагын дагуу өчигдөр өдрийн 15:20 цагаас эхлэн  ОБЕГ-ын Уул уурхайн аврах ангийн аврагч нар уурхайн гүнээс хүмүүсийг аврахаар ажилласан байна.

Уурхайн ам 26 орчим градусын налуутай, 28 метрийн урт тунельтэй, мөргөцөг хүртэл 32 метр, уурхайн гүн 60 метр  байсан бөгөөд эрэн хайх ажлын явцад хүчилтөрөгч 18 хувьтай, ажлын мөргөцөг нурсан, дахин нурал үүсэх аюултай, ажиллах нөхцөл хүнд байсан байна. Нэмэлтээр ОБЕГ-ын Аврах тусгай ангийн  бүрэлдэхүүн ажилласан бөгөөд аврагчид аврах ажиллагааны явцад 83 метр.куб уулын цулыг зөөвөрлөж, рам, бэхэлгээ тавьж аюулгүй байдлыг хангаж ажиллажээ.

Аврах ажиллагаа 13 цаг үргэлжилсэн байна. Нурангид дарагдсан иргэн Г /42 настай, эрэгтэй/-г, 18:25 цагт, иргэн А /28 настай, эрэгтэй/ нарын цогцсыг шөнийн 03:55 цагт уурхайн гүнээс гарган Налайх дүүргийн эрүүл мэндийн нэгдэлд хүлээлгэн өгсөн байна.

Дуудлагаар Аврах тусгай анги, Уул уурхайн аврах ангиас нийт 37 албан хаагч, дөрвөн автомашин болон бусад шаардлагатай  техник хэрэгсэлтэйгээр ажиллажээ.

Эх сурвалж: ОБЕГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж