Олимпийн дамжуулалтыг дэмжих “MNB-Рио2016” цомын аялал Дорнодоос эхэллээ

Хуучирсан мэдээ: 2016.06.08-нд нийтлэгдсэн

Олимпийн дамжуулалтыг дэмжих “MNB-Рио2016” цомын аялал Дорнодоос эхэллээ

Хүн төрөлхтний  спортын их баяр цэнгэл зуны олимпийн 31-р наадам эхэлхэд 58  хоног үлдлээ. Дэлхийн 7 тэрбум хүнийг нэгэн дээвэр дор нэгтгэх  спортын их баяр цэнгэлийг эх орон даяар шууд дамжуулах онцгой эрхийг МҮОНРТ аваад байгаа билээ. Энэ ажлын хүрээнд олон үйл ажиллагаа зохион байгуулж байна. Үүний нэг нь олимпийн дамжуулалтыг дэмжих “MNB-Рио 2016” цомын аялал юм.Энэхүү цомын аялалыг эх орны наран ургах зүүн хязгаар Дорнод аймгаас эхлүүллээ. Нээлтийн үйл ажиллагаа 2016 оны 6 сарын 6-ны өдрийн 16 цаг 16 минутанд Дорнод аймгийн төв талбай Тусгаар тогтнолын талбайд болсон юм. Дорнод аймгийн удирдлагууд МҮОХ-ны е.н.б дарга МУСГЗ Ж.Отгонцагаан болон Дорнод аймгаас төрсөн  үе, үеийн тамирчдын төлөөлөл нутгийн  иргэд нээлтийн үйл ажиллагаанд оролцож “MNB-Рио 2016”  цомыг хүлээж авлаа.

“MNB-Рио 2016” цомыг аймгийн ИТХ-ын дарга Р.Зоригтбаатар хүлээж аван Дорнод аймаг  олимпийн дамжуулалтыг  дэмжиж байгаагаа зарласан.  

“MNB – Рио 2016” цом сарын хугацаанд Дорнод аймгийн төрийн болон хувийн хэвшлийн байгууллага , аж ахуй нэгжүүдээр аялана. Энэ  хугацаанд цом хүлээж авсан  байгууллагууд спортын уралдаан тэмцээн зохион байгуулж биеийн тамир, спорт олимпезмийг сурталчилах юм.

Ийнхүү олимпийн наадмын шууд дамжуулалтыг дэмжих цом наран ургах  Дорнод нутгаас буухиагаа эхэллээ. Цомын аялал бусад аймгуудаар үргэлжлэх юм.  

“MNB-Рио 2016” аяллыг эхлүүлсэн Дорнод аймгаас Боксын спортын төрөлд ОУХМ Д.Отгондалай, хөнгөн атлетикийн төрөлд ОУХМ Ц.Мөнхзаяа нар Рио 2016 олимпийн их наадамд оролцох эрхээ аваад байгаа юм. Тиймээс нутгийн тамирчид болон нийт Монголынхоо тамирчдын олимпийн медаль зүүх торгон агшинг  үзэх боломж олгосон МҮОНРТ-ын хамт олонд талархаж байгаагаа нутгийн иргэд  илэрхийлж байсан юм.

Дорнын их талаас  паралимпийн анхны аварга МУ-ын хөдөлмөрийн баатар, МУГТ Дамбадондогийн Баатаржав тэргүүтэй их спортын шилдэгүүд төрөн гарсан түүхтэй. Харин үндэсний спортын түүхэнд олон шилдэгүүд энэ нутгаар овголж ирсэн билээ. Тухайлбал сурын алтан шар зурхайгаас төрсөн анхны хөдөлмөрийн баатар Аюушийн Цэвээн, Даншиг наадмын Арслан Хас, МУ-ын арслан Хасын Өлзийсайхан, МУ-ын арслан Өлзийсайханы Эрдэнэ-Очир гээд гурван үеэрээ арслан цол хүртсэн бөхчүүд энэ л нутгийн хүчтэнүүд юм. Дорнын их талаас олимпийн медальтан төрж Монгол түмнээн цэнгүүлэх болтугай.

Олимпийн дамжуулалтыг дэмжсэн та бүхэнд баярлалаа.

О.БАЯНМӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж