-ХААН банк энэ оны долдугаар сарын 1-нээс Улаанбаатар хотын нэлээд олон хороодод эх орны хишиг хувийг олгох үйлчилгээ үзүүлэхгүй байх тухай мэдэгдлийг албан ёсоор ирүүлсэн. Тиймээс эдгээр хороодод Хадгаламж банкаар дамжуулан зөвхөн хүний хөгжлийн сангийн мөнгө олгох кассын төвүүдийг нээж, ажиллуулахаар урьдчилсан байдлаар манайтай тохироод байгаа. Тэгэхээр долдугаар сарын 18-ны ажлын өдрөөс эхлэн Эх орны хувь хишгийн мөнгийг Хадгаламж банкны эдгээр кассын төв болон тооцооны төвүүдээр дамжуулан саадгүй олгоно.
-Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам Хадгаламж банкийг Хүний хөгжлийн сангийн мөнгийг дангаараа хариуцаж олгох тухай санал тавьсан гэсэн үнэн үү. Яагаад зөвхөн нэг банкинд төвлөрүүлж байгаа юм бэ?
-НХХЯ эх орны хишиг хувь олгох асуудлыг ганцхан Хадгаламж банкинд тавиагүй. Сүүлийн жилүүдэд нийгмийн халамжийн тэтгэвэр тэтгэмж, Хүний хөгжлийн сангаас олгож байгаа мөнгөн тусламж, тэтгэмжийн хэмжээ хэд дахин өсч, ялангуяа энэ оны эхнээс Хүний хөгжлийн сангаас иргэдэд сар бүр 21 мянган төгрөг олгох болсонтой холбогдон банк болон иргэдийн үйлчилгээнд нэлээд хүндрэл гарсан. Нэг талаас банкуудад ачаалал үүсч, нөгөө талаас иргэдэд дараалал үүсч, бухимдал бий болсон. Үүнээс шалтгаалан эх орны хишиг хувийг олгож байсан банкууд ялангуяа ХААН банк энэхүү үйлчилгээг үзүүлэх нь тус банкны хувьд ихээхэн хүндрэлтэй байгаа талаар удаа дараа мэдэгдэж, уг үйлчилгээнээс бүхэлд нь татгалзах болсноо албан ёсоор мэдэгдсэн. Эдгээр нөхцөл байдалтай холбогдуулан Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамнаас хүний хөгжлийн сангийн мөнгийг банкуудаар дамжуулан олгох асуудлыг зохицуулах талаарх саналыг Засгийн газарт танилцуулж, Засгийн газраас Хүний хөгжлийн сангаас олгож байгаа хишиг хувийг олгох асуудлаар бүх арилжааны банкуудтай хэлцэл хийж, гэрээ байгуулан ажиллахыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Сангийн сайд нарт үүрэг болгосон. Уг үүрэг, чиглэлийг хэрэгжүүлэх зорилгоор Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд, Сангийн дэд сайд нар 13 арилжааны банкны удирдах албан тушаалтнуудтай уулзалт хийж, хамтран ажиллах санал тавьсан юм. Уулзалтын үеэр арилжааны банкууд аймаг, сум, дүүрэг, хороодод салбар нэгж цөөнтэй, дотоод сүлжээ хангалтгүй, энэ үйлчилгээг үзүүлэх бэлтгэл ажлыг хангахад хамгийн багаар бодоход 4-өөс дээш сарын хугацаа зарцуулах шаардлагатай байгаагаа илэрхийлсэн. Иймд улсын хэмжээнд салбар нэгжтэй, сүлжээнд бүрэн холбогдсон ХААН, Хадгаламж зэрэг томоохон банкуудтай гэрээ байгуулан ажиллах саналыг дахин тавьсан боловч ХААН банк уг гэрээнд гарын үсэг зураагүй. Харин Хадгаламж банкнаас энэ асуудалд нааштай хариу өгч, хамтран ажиллах талаар хэлцэл хийж байна.
-Хадгаламж банкны орон нутаг дахь салбарын тоо хүрэлцэхгүй. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?
-ХААН банкны үйлчилгээ үзүүлэх боломжгүй гэсэн хороодод Хадгаламж банк хүний хөгжлийн сангийн хишиг хувийг олгох салбар кассын төвүүдийг ажиллуулах, 2011 оны долдугаар сарын 18-наас эхлэн эх орны хишиг хувийг бүх иргэдэд хөнгөн шуурхай, чирэгдэлгүй олгох асуудлаар санал тавьж, хамтран ажиллаж байна.
-Эх орны хувь хишгийн мөнгийг иргэдэд чирэгдэл багатайгаар, техник технологийн дэвшил ашиглан олгох тухай яригдаад удаж байна. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх гэж байна вэ?
-Эх орны хишиг хувийн мөнгийг иргэдэд чирэгдэл багатайгаар, техник технологийн дэвшил ашиглан олгох боломжуудыг эрэлхийлж, тодорхой үр дүнд хүрч байна. Монголбанкнаас бүх иргэдийг картжуулах асуудлыг судлан үзсэн боловч энэ нь цаг хугацаа, хөрөнгө мөнгө шаардсан үр ашиг багатай гэж үзсэн. Харин Хадгаламж банк иргэд болон банкны ачааллыг багасгах зорилгоор хишиг хувийн мөнгийг картжуулах үйлчилгээг нэвтрүүлж байна. Тухайлбал, иргэн бүрт нэрийн данс нээж, уг дансанд мөнгийг байршуулна. Ингэснээр иргэн банкинд ирж нэг удаа дансаа нээлгээд цаашид уг данснаасаа мөнгөө ямар ч үед авах боломж бүрдэж байгаа. Мөн хишиг хувиа картандаа авах хүсэлтэй иргэдтэй гэрээ байгуулж, картын данс руу шууд шилжүүлэх, картнаасаа аль ч АТМ-ээр дамжуулан авах боломжийг тус тус бүрдүүлж эхлээд байна.
Салбар, тооцооны төвийн нэр ХААН банкаар олгох дүүрэг, хорооны дугаар
Яармаг тооцооны төв Хан-Уул дүүрэг 4,5-р хороо
Туул тооцооны төв Хан-Уул дүүрэг 13-р хороо
Хонхор тооцооны төв Баянзүрх дүүрэг 11-р хороо
Гачуурт тооцооны төв Баянзүрх дүрэг 20-р хороо
Зүүнсалаа тооцооны төв Сонгинохайрхан дүүрэг 25-р хороо
Андууд тооцооны төв Баянгол дүүрэг 2-р хороо
Дархан плаза тооцооны төв Баянгол дүүрэг 10-р хороо
Сонсголон тооцооны төв Баянгол дүүрэг 20-р хороо
Налайх тооцооны төв Налайх дүүрэг 2,4,6-р хороо
Хаан банк цаашид зөвхөн дараах салбар төвүүддээ эх орны хувь хишгийг олгоно.