Шадар сайд МХЕГ болон ШӨХТГ-ын удирдлагууд, байцаагч нартай хамтран өнөөдөр /2016.06.08/ Туул голын бодит байдалтай газар дээр нь танилцсан юм.
“Би Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо буюу Шувуун фабрикт 10 гаруй жил амьдарч байна. Энэ хавьд сүүлийн жилүүдэд карьер олборлодог болсноос хойш иргэдэд амьдрахад хүндрэл учирч байна. Энэ асуудлаар иргэд ганц нэгээрээ тэмцэж үр дүнд хүрэхгүй байгаа учраас бид нэгдээд “Шинэ суурьшил ба эрүүл аюулгүй орчин” ТББ-ыг байгуулж энэ компаниудтай тэмцэхээр замыг хаагаад 22 хонож байна. Сүүлдээ эдгээр компаниуд иргэдийн суурьшлын бүсэд нэвтэрч, хашаа худалдаж аваад, ухаж эхэллээ” хэмээн тус ТББ-ын тэргүүн Ч.Үүрийнжин бухимдан ярилаа. Мөн эдгээр компаниуд Туул голд цутгадаг Бөхөг голын гольдролыг нь ухаж, ширгээсэн гэдгийг иргэд хэлж байлаа. Хөдөө ах ахуй эрхэлж буй иргэдийн хороолол үүсгэчихээд элс, хайрганы компаниудад лиценз өгч байгаа удирдлагуудыг шүүмжилж, хууль бус зөвшөөрлөө цуцлахыг шаардсан юм.
Шалгалтын багийнхан Харгиа цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцаж, мэргэжилтнүүдтэй уулзлаа. МХЕГ-ын дэд дарга П.Ангараг “Туул голд тулгараад байгаа аюулын талаар хэвлэл мэдээллээр байнга ярьдаг. Энэ талаар мэргэжлийн томоохон байгууллагууд нэгдэж, өргөн хэмжээний судалгаа, шинжилгээ хийх хэрэгтэй байна” гэв.
Харин “Хатан Туулаа хамгаалах үндэсний хөдөлгөөн”-ий зохицуулагч Б.Жагар “Туул голын сав газраас хайргаа олборлож байгаа компаниуд бага зардлаар их ашиг орлого олох сонирхолтой учраас эндээс хайрга олборлож байна. Энэ нь иргэдийн амьдрах орчинд харшилж, эрүүл мэндэд хортойгоор нөлөөлж байна” гэж ярилаа.
Карьеарын компаниуд голдуу Хан-Уул дүүргийн Биокомбинат, Шувуун фабрик, Өлзийт хорооны нутаг дэвсгэрт хайрга, дайрга олборлодог.Тэдгээр 84 компани зөвшөөрөлтэй хэдий ч усны эх үүсвэр дээр үйл ажиллагаа явуулах нь хууль бус үйлдэл гэж ТББ-ынхан хэллээ. Нөхөн сэргээлт хийдэггүй 20 гаруй компанийн зөвшөөрлийг цуцлахыг албаны хүмүүсээс хүслээ. “Туулын урсгал шөнөдөө сайхан” хэмээх дууны утга өнөөдөр алдагдахад хүрч, Туул голын урсгал хэд хэдэн газарт тасарсанд харамсаж байгаагаа иргэд хэлж байна.
Холбоотой мэдээ