
Үндэсний их баяр наадмын тасалбарыг өчигдрөөс худалдаалж эхэлжээ. Тасалбарыг “Соёлын төв өргөө” болон “Бөхийн өргөө”-ний кассаар худалдаалж байна. Төв цэнгэлдэх хүрээлэн 12 мянга 680 хүний суудалтай. Эдгээр суудлын 50 хувийг сүүдрэвчтэй хэсэг эзэлдэг. Энэ жилийн наадмын тасалбар сүүдрэвчтэй хэсгийнх нь 24 мянган төгрөгийн үнэтэй байгаа бол сүүдрэвчгүй талын тасалбар 13-15 мянган төгрөг байх ажээ. Жилийн жилд тасалбар авсан хэрнээ наадмын нээлтийг үзэж чадахгүй үлдэх тохиолдол гардаг. Энэ байдлыг давтахгүйн тулд энэ жилээс бүх суудлыг дугаарласан байгаа. Дашрамд дуулгахад, энэ жил Төв цэнгэлдэхэд наадам үзэхээр ирсэн 5-аас дээш насны хүүхдүүдийг заавал тасалбартай байхыг шаардаж байгаа бөгөөд хүүхдүүд том хүнтэй адил буюу 13-24 мянган төгрөгөөр тасалбар авах шаардлагатай юм.
С.Отгон