Хуучирсан мэдээ: 2016.06.08-нд нийтлэгдсэн

УИХ-ын 2016 оны сонгуульд өрсөлдөхөөр батламжаа аваад байгаа нэр дэвшигчдээс хэн, хаана ялах магадлалтай вэ гэсэн улс төрийн шинжээчдийн дүгнэлт дээр үндэслэн “News” агентлаг өдөр бүр сонгуулийн өнгийг тойрог тус бүрээр тоймлон хүргэж байгаа билээ.

ДАРХАН-УУЛ: ГУРВАН МАНДАТТАЙ. УИХ-ЫН СОНГУУЛИЙН 43, 44,45. Тус аймагт нийтдээ 14 хүн УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байна. Тэднээс тав нь эмэгтэйчүүд. Дархан-Уулын  тойргуудийг тун эвгүй гэж тодорхойлж болно. Нам гэхээсээ илүү хүнийг нь сонгосон сонгууль болох болов уу.

“Босоо” тойрог

УИХ-ын 43 дугаар тойрог буюу Дархан сумын 4, 5, 6, 7, 8, 9 дүгээр баг, 17  дугаар  багт  МАН-аас Б.Баттөмөр, АН-аас М.Сономпил, ТТЭН эвслээс Х.Цагаанбаатар, МАХН-аас  Л.Мөнхсайхан, Эх орончдын нэгдсэн эвслээс С.Ганбаатар, Ард түмнээ хайрлая намаас Н.Наранцогт нар нэр дэвшиж буй. “Сант Марал”-ын өнгөрсөн жилийн судалгаагаар С.Ганбаатар рейтингээрээ улстөрчдийг манлайлсан. Гэвч, хуурамч диплом болон ХҮН-ын хэрүүлээс болоод түүний рейтинг өнгөрсөн хавар навс унасан. Өнгөрсөн дөрвөн жил С.Ганбаатарын хувийн тоглолт эдийн засгийн хямралд багагүй нэрмээс болсныг шүүмжлэх хүмүүс ч бий. Ямар сайндаа Ч.Сайханбилэг эдийн засгийн форумын үеэр босоо Ганбаа хэвтлээ гэж хэлэх дээрээ тулах вэ дээ. Оюутолгойгоор занималдсан түүний улс төр хол явахгүйг ойлгосон уу, ямар ч байсан ХҮН-ын дарга болж, хөөгдөж гарснаасаа хойш тэрбээр нам жим болсон.

Х.Цагаанбаатарын хувьд жүдо бөхийн Дэлхийн аварга.  Гэхдээ УИХ-ын чуулганы танхим дээр хууль хэлэлцэх нь татами дээр барилдахаас  тэс өөр. Уг нь, “Ороо нь ороогоороо, жороо нь жороогоороо байвал дээр”.  Гэхдээ Үндсэн хуульд зааснаар насанд хүрсэн л бол УИХ-д өрсөлдөх бүрэн эрхтэй.

АН-аас нэр дэвшсэн М.Сономпил  Шинэчлэлийн засгийн Эрчим хүчний сайд байсан. МҮАН-аас гарч, АН-ын нэр дээр өрсөлдөж байгаа. Өмнөх сонгуулиар  УИХ-д жагсаалтаар орж ирсэн энэ хүнийг  “Залуу Монгол”группын эзэн гэдгээр нь дарханчууд сайн танина.

Харин МАН-ын Б.Баттөмөр бол өмнө нь Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан. Эдийн засгийн ухааны доктор.  Одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2012 онд 5000 орчим компани, аж ахуйн нэгжийн захирал, нягтланг Нэмүү өртгийн албан татварын тухай хууль зөрчсөн гэдгээр АТГ-аас шалгахдаа түүнийг мөн давхар шалгаж байсан.  У.Хүрэлсүхийн хүн гэдэг.

43-Р ТОЙРОГ /ДАРХАН-УУЛ АЙМАГ/

1

Баагаагийн БАТТӨМӨР

Монгол Ардын Нам

УИХ дахь
Монгол Ардын Намын бүлгийн зөвлөх

2

Мишигийн
СОНОМПИЛ

Ардчилсан Нам

УИХ-ын гишүүн,
 АБГББ-ын хорооны дарга

3

Хашбаатарын ЦАГААНБААТАР

"Тусгаар тогтнол
эв нэгдэл" эвсэл

Монгол Улсын Ерөнхийлөгчийн спортын орон тооны бус зөвлөх

4

Лхагваагийн МӨНХСАЙХАН

Монгол Ардын
Хувьсгалт Нам

Тосонцэнгэл чацаргана
ХХК-ийн захирал

5

Сайнхүүгийн ГАНБААТАР

Эх орончдын нэгдсэн эвсэл

УИХ-ын гишүүн

6

Нямгаагийн НАРАНЦОГТ

Ард Түмнээ Хайрлая Нам

Монвуд ХХК-ийн ерөнхий захирал

МАН уу, МАХН уу?

Дархан сумын 10, 11, 12, 13, 14, 15, 16 дугаар  багийн нутагт буюу УИХ-ын сонгуулийн 44 тойрогт найман хүн өрсөлдөж байна.  Тус тойрогт Болдын Жавхлан нэртэй хоёр хүн нэр дэвшиж буй. Нэг нь МАН-ынх, нөгөө нь Монголын Уламжлалын нэгдсэн намынх. МАН-ын саналыг хуваах зорилготойгоор АН-ынхны сэдсэн “ажил” гэж хардах нэгэн байна.  МАН-ын Б.Жавхлан аймгаа эртнээс усалсан. Сайн эдийн засагч. Улс төрийн бохир зүйлтэй холбогдоод байдаггүй. Улс төр дэх өв залгамжлагч биш. МАХН-аас нэр дэшвсэн Ж.Сүхбаатарт шаанс бий. Н.Энхбаярыг л "дагасан" нь тиймхэн болохоод уг нь боловсролтой ч, мэдлэгтэй ч залуу.  Ардчилсан намаас тус тойрогт Н.Мөнхдаш  нэр дэвшиж байгаа. Морь уяач.  Дархан-Уулын Ардчилсан намынхан түүнийг эсэргүүцэж, өлсгөлөн хүртэл зарлаж байсан. Дархан-Уулынхан Дашууд гэдгээр нь сайн танина. Аймгийнхаа ИХ-ын хуралдаан дээр салаавч  гаргаж “томорсон”.  Улс төр дэх “салаавч” үзүүлдэг “хүнд гарууд”-ын нэг.

44-Р ТОЙРОГ /ДАРХАН-УУЛ АЙМАГ/

1

Болдын
ЖАВХЛАН

Монгол Ардын Нам

Монгол Ардын Намын
Бага хурлын гишүүн

2

Намсрайн
МӨНХДАШ

Ардчилсан Нам

Бурхан халдун группын ерөнхий захирал

3

Цогийн
ИВЭЭЛТ

"Тусгаар тогтнол
эв нэгдэл" эвсэл

УИХ-ын дэд даргын бие төлөөлөгч, туслах

4

Болдын
ЖАВХЛАН

Монголын Уламжлалын Нэгдсэн Нам

Монфрут Гранд ХХК-ийн гүйцэтгэх захирал

5

Пүрэвдашийн МӨНХТОГТ

Бүгд Найрамдах Нам

Инфрасистемс ХХК-ийн захирал

6

Тогтохын
АМГАЛАН

Иргэний Хөдөлгөөний Нам

БЛЕСС ХХК-ийн захирал

7

Жамъянхорлоогийн СҮХБААТАР

Монгол Ардын
Хувьсгалт Нам

Монгол Ардын Хувьсгалт Намын
ерөнхий нарийн бичгийн дарга

8

Михлайн
ИДЭРПҮРЭВ

Ард Түмнээ Хайрлая Нам

Хувиараа хөдөлмөр эр

Бие даагч гарч ирэх үү?

Дархан-Уул аймгийн 45 дугаар тойрогт  дөрвөн хүн өрсөлдөж байгаагаас нэг эмэгтэй нь Р.Бурмаа. Ардчилсан намаас нэр дэвшиж байгаа. Хүнс, хөдөө аж ахуйн сайд. Өнгөрсөн хаваржингаа тариаланчидтайгаа хэрүүл хийсэн. “Давхар дээл”-ийг эсэргүүцэж, экс намын даргаа унагах кноп дарж байгаад дараа нь өөрөө “давхар дээл”-тэй болсон.

Түүнтэй МАН-аас Д.Хаянхярвааг өрсөлдүүлж байна. Хонгор сумын цианит натрийн хэрэгт түүнийг буруутгадаг. Сангийн сайд байхдаа эх орны хишиг 500 мянган төгрөгийг эрх мэдлээ хэтрүүлэн тойргийнхондоо тараасан гэх шүүмжлэлд өртөж байсан. Жагсаалтад орно гэж горьдсоноос  болоод тойргоо төдийлөн тордож, услаагүй хүн. Тэдэнтэй хамт “оймс шиддэг” хочтой болоод байгаа Л.Наранбаатар өрсөлдөж байгаа. Баянголын 70 дугаар тойрогт З.Энхболдтой өрсөлдөнө гэж байгаад дараа нь Дархан-Уулыг сонгосон.  Уул уурхайг дэмжигч. Улс төрд байх ёстой фигур мөн үү гэвэл мөн.

45-Р ТОЙРОГ /ДАРХАН-УУЛ АЙМАГ/

1

Дамдины ХАЯНХЯРВАА

Монгол Ардын Нам

УИХ-ын гишүүн

2

Раднаагийн
БУРМАА

Ардчилсан Нам

УИХ-ын гишүүн,
Хүнс, хөдөө аж ахуйн сайд

3

Дашнямын
АРААЖАВ

Монгол Ардын
Хувьсгалт Нам

АСОН ХХК-ийн зөвлөх

4

Лүндэгийн
НАРАНБААТАР

Бие даан нэр дэвшигч

Гложекс ХХК-ийн
ерөнхий захирал


 Ж.НЯМСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж