РИО-г зорих тамирчид дуутай боллоо

Хуучирсан мэдээ: 2016.06.08-нд нийтлэгдсэн

РИО-г зорих тамирчид дуутай боллоо

Бразилийн Рио-де-Жанейро хотноо зуны XXXI олимпийн наадамд оролцох Монголын баг тамирчдаа дэмжих хүрээнд Олимпийн хөгжлийг дэмжих сангаас “Бид эх оронтойгоо хамт” дууг бүтээсэн билээ. Энэхүү уран бүтээлийг “Увертюра” хамтлагийн уран бүтээлчид дуулсан бөгөөд тэд өнөөдөр /2016.06.08/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

“РИО 2016” оны зуны олимпод оролцох Монголын баг тамирчдад дэмжлэг үзүүлэх хандив цуглуулах аяны хүрээнд “Олимпийн хөгжлийг дэмжих сан”, Монголын Үндэсний олимпийн хороо,  Монголын байт харвааны холбоо, “Анир” студи хамтран “Бид эх оронтойгоо хамт” хэмээх тамирчдын албан ёсны сүлд дууг бүтээжээ.

“УВЕРТЮРА” хамтлаг уран бүтээлчид хэлэхдээ “Олимпийн наадам болоход хоёр сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Монголын баг тамирчид энэ удаагийн олимпийн наадамд урьд оролцож байгаагүй өргөн бүрэлдэхүүнтэй оролцох гэж байна. Бид залуу уран бүтээлчид. Тиймээс баг тамирчдаа дэмжих зорилгоор “Бид эх оронтойгоо хамт” дууг дуулсан. Монголын мянга мянган тамирчид, тэр дундаа олимпийн наадамд оролцох тамирчдаа алдаршуулах, ирээдүйд оролцох тамирчдаа дэмжих зорилготойгоор энэхүү уран бүтээлээр дамжуулан тамирчдаа дэмжих аяныг эхлүүлээд байна. Дууг үүрэн телефоны “Скайтел”, “Мобиком”, “Юнител”, “Жи мобайл” компаниудтай хамтран олон нийтэд хүргэж байна. Ямар нэгэн ашиг сонирхол хайсан зүйл байхгүй. Та бүхэн дууг татаж авахад таны мөнгө тамирчдад зориулагдах болно. Өнөөдөр та бүхэн энэхүү клипжүүлсэн дууны анхны сонсогчид боллоо. Монголын тамирчид дэлхийд мандан бадрах болтугай”  гэсэн юм.

“Бид эх оронтойгоо хамт” тамирчдын сүлд дууны шүлгийг СТА  А.Эрдэнэ-Очир бичиж, аялгууг СТА Ц.Эрдэнэбат бичсэн бол хөгжмийн найруулгыг “Анир” студи, видео клипийг “Face” студийн хамт олон бүтээжээ.

“Бид эх оронтойгоо хамт” тамирчдын сүлд дууг Hitone 129964, Unimusic 1129964, До ре ми 0000007846, Sky melody 150120020168 кодоор авна. Энэхүү дууг гар утсандаа татаж авсны бүх төлбөрийг  “Рио-2016” зуны олимпийн наадамд оролцож буй Монголын баг тамирчдад зориулах юм байна.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж