Бусдын техник хэрэгслийг санаатай устгасан хэрэгт буруутгагдан цагдан хоригдож буй “Онги гол” хөдөлгөөний тэргүүн Ц.Мөнхбаярыг өмгөөлөх өмгөөлөгч олдохгүй байгаа аж. Тиймээс өмгөөлөгчгүй учир түүнтэй хэнийг ч уулзуулахгүй байх шийдвэр гарсан байна. Иргэдийн шударга шүүх ТББ-ын тэргүүн, хуульч Х.Бат-Ялалт өчигдөр Ц.Мөнхбаяртай уулзахаар очсон ч зөвшөөрөл өгөөгүй аж. Хөдөлгөөний гишүүд “Ц.Мөнхбаярыг гэр бүлийнхэнтэй нь, бас бидэнтэй уулзуулахгүй байгаа нь хүний эрхийг дээд зэргээр зөрчиж байгаа явдал. Түүнийг зодож, биед нь гэмтэл учруулсан байхыг ч үгүйсгэхгүй. 2008 оны долдугаар сарын 1-ний үймээний дараа зодож, тамласан хүмүүсийг ар гэрийнхэнтэй нь уулзуулахгүй байсан биз дээ. Аливаа эрүүгийн хэрэг үүсэхэд нэг талыг барьдаггүй. Энэ бүхэн цаанаа зохион байгуулалттай, улс төрийн шинэтэй үйлдэл. Өнгөрсөн хугацаанд Засгийн газар, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий прокурорт удаа дараа хүсэлт, шаардлага өгөхөд бөөрөнхийлсөн, үл тоомсорлосон утгатай хариу өгч, ард түмнийг басамжлан доромжилсон” гэлээ.
Мөн тэд цаашид тэмцлийн дараагийн хэлбэрт шилжиж, шударга үнэний төлөө амиа өгөхөөс буцахгүй гэсэн мэдэгдэл хийж байна.