Монголчууд арга, билгийг эрхэмлэдэг хүмүүс. Холын аянд гарах, хурга ишгээ хөнгөлөх, унагаа тамгалж, уул усаа аргадахдаа өдрийн сайныг сонгодог. Хотын бид ч гэр байшингийн суурь тавихаас эхлээд, гэзэг үсээ засуулахдаа ч зурхай хардаг болсон. Эд мөнгөө арвижуулах, эрүүл энх байхыг хүсэхгүй хэн байх вэ. Ингэхээс ч аргагүй. Гэхдээ одоо иргэдийн эд мөнгө арвижиж, хөрөнгийнх нь үнэлгээ хэд дахин өсөхөд зурхай биш нийслэлийн Засаг даргын бодлого шийдвэр л нөлөөлдөг болчихлоо. Хүн хүрэхийн эцэсгүй уулын орой дээр шон хатгаж хашаа тойруулан төвхнөж байсан олон айл бий. Тэнд явган хүний зам, гэрэлтүүлэг, үерийн ус зайлуулах хоолой бүхий засмал зам хүрэв. Энэ зам тэдэнд хашаандаа улам сайхан амьдрах хүслийг аваачиж өглөө. Хэзээ ч хэнээс хамаарахгүйгээр ухаалаг худгаас усаа авчихна. Заримынх нь хашааны газрыг орон сууцаар сольж байна. Хотын хөдөөгийнхөн гэж шоовдорлуулах биш харин ч хувьтай хүмүүс болж өөрчлөгдлөө. Ер нь өдөр нь ажлаа хийгээд орой сэтгэл амгалан гэртээ харих гэдэг хүний амьдралын утга учир юм биш үү. Харин боломжийг Танд ойртуулахын тулд нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн баг ингэж ажиллаж байна. Боломжгүй, бүтэхгүй ажил гэж байдаггүйн жишээ энэ.
АХМАДЫН ОРОН СУУЦ
Сүхбаатар дүүрэг, 100 айл орчим “Ахмадын хотхон” гэх 15 давхар хоёр орон сууц бий. Энд ахмад настай, хөгжлийн бэрхшээлтэй, байгалийн давагдашгүй хүчин зүйлээс болж орон гэргүй болсон 300 өрх амьдарч байна. Тэдэнд банкнаас зээл аваад байранд орох боломж үгүй. Тиймээс нийслэлийн удирдлагууд “Түрээсийн орон сууц” хөтөлбөр хэрэгжүүлсэн. Дээрх 300 айл сарын зах зээлийн үнээс дөрөв дахин хямд буюу 150 орчим мянган төгрөгийн түрээс төлж тохилог орон сууцанд амьдарч байна.
ХАУС ХОРООЛОЛД АМЬДАРМААР БАЙНА УУ
Монголчууд нүүдэлчин ард түмэн. Цэлгэр тал, цэнгэг агаар тэдэнд хэрэгтэй. Дээр нь буурлууд маань ясны хөдөлмөрч хүмүүс. Тэд орон сууцны дөрвөн хананы дунд гиеүрч сууж чадахгүйгээ мэднэ. Тиймээс хашаандаа сайхан амьдрах хүсэлтэй. Тэдний хүсэлд дараах шийдвэр яг таг нийцнэ. Хан-Уул дүүрэг дэхь ганцхан жишээг дурдъя. Тодруулбал, Хан-Уул дүүргийн IV хороонд хоногт 20 мянган м.куб ус олборлох хүчин чадалтай хоёр усан сан байгуулсан. Олборлосон усаа шахах 5.3 км хоолойноос гадна ийм хэмжээний усыг өдөрт цэвэрлэх чадал бүхий цэвэрлэх байгууламжийг ч шийдсэн. Одоо Нисэх, Яармагийн гэр хорооллын дундуур бохир усны 15 км шугам тавьж байна. Цэвэр, бохирын асуудлыг үндсэндээ шийдсэн байгаа биз. Одоо “Сайн хашаа” хөтөлбөрт хамрагдаж 10 сая хүртэлх төгрөгийн зээл аваад гудамжинд байгаа дэд бүтцэд өөрийнхөө хашааг холбоод л боллоо. Та хүсвэл Яармаг, Нисэх хаус хороолол болно.
ЛИЗИНГ ТӨЛӨХГҮЙ БАЙРТАЙ БОЛОВ
“Рашаантын-18” тоот хашаа байшингаа тохилог дулаан орон сууцаар солиход нэг хүн ихэд дургүйцсэн нь С.Зоригтбаатарын дөрвөн настай зээ хүү. Амралтын өдрөөрөө ирж шороо ухаж, шалбааг туулан гүйж харайдаг хамгийн дуртай газар байсан болохоор тэр. Одоо хөвгүүн олон янзын тоглоом бүхий зориулалтын талбайд тоглох болсон. Өвөөгийн хашаанд тоглох сайхан ч олон жилийн хур хог, бохирдсон хөрс, гудамжны ноход гээд хүүхдэд сөргөөр нөлөөлөх зүйлс гэр хороололд даанч их. Гэвч энэ бүхэн ард хоцорчээ. Учир нь Рашаантын гудамжуудын суурь дээр орчин үеийн тохилог орон сууцны хороолол босч буй. “Хонх” хамтлагийн дуучин С.Цогтбаатар агсан эндэхийн XVIII гудамжинд амьдарч “Рашаантын 18” дуугаа бичиж, дуулж явсан цаг саяхан. Харин өнөөдөр Рашаант гудамжныхан орон сууцны хорооллын оршин суугчид болсон. Тэд сар бүр зээл төлөхгүй, сэтгэл амар жарган суугаа.
САЙН ГУДАМЖ
Гэр хороолол хумигдаж утаа гаргах яндан цөөрнө гэдэг зөвхөн гэр хорооллын асуудал биш. Яндангийн тоо орон сууцныханд хамгийн хамаатай. Учир нь Улаанбаатарынхан бүгд нэг агаараар амьсгалж байгаа. Мөн орон сууцныхан гэрэл, дулаанаа хэмнэж чадвал цахилгаан станцуудыг утаа багасна. Хотын амьдрал үргэлж бие биеэсээ харилцан хамааралтай байдгаараа онцлог. Тиймээс орон байраа дулаалахаас эхлээд тэдний үүрэг оролцоо их. Үүнд зориулан “Сайн гудамж” хөтөлбөр хэрэгжихэд бэлэн болж байна. Энэ нь бүгдээрээ, нийтээрээ нэгдэж гудамж талбайгаа тохижуулахад зориулсан ажил. Байрны 30 айл нийлээд орон сууцаа дулаалж, шугам сүлжээгээ шинэчилж болно. Хуучирсан орон сууцанд амьдардаг 60 айл нийлж хуучин барилгаа буулган шинээр орон сууц барих боломжтой. Заавал бусдын гар харах биш өөрийнхөө төлөө өөрөө хийх боломжийг нь нээж өгч байгаа хэрэг.
Энэ мэт боломж олон байна. Одоо иргэн таны оролцоо идэвх, зүтгэл л үлдлээ. Энэ бүх ажил танд, танай гэрт тав тух болон очих ёстой. Гэр орон, амьдрах орчин хэр эрүүл, тав тухтай болно тэр хэрээр таны өв хөрөнгийн үнэ цэнэ өссөөр байгаа. Таны амьдралын чанар ч нэмэгдэнэ. Эд хөрөнгөө арвижуулахад зурхай биш, зорилго тань туслана.