“Шийдвэрлэх үед Атилла хаан шиг байх ёстой”

Хуучирсан мэдээ: 2016.06.08-нд нийтлэгдсэн

“Шийдвэрлэх үед Атилла хаан шиг байх ёстой”

Байт харвааны оюутны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсад анх удаа болж, дэлхийн 24 орны 250 орчим тамирчин Компаунд болон Рекурв гэсэн хоёр төрөлд өрсөлдсөн. Энэхүү тэмцээнд БНСУ-ын харваачид дэлхийд хүчтэй гэдгээ дахин харуулж, боломжит 10 алтын 8-ыг нь өөрийн болгосон бол ОХУ, Энэтхэгээс тус бүр нэг аварга төрсөн. Тэгвэл мөнгөн медалийн тоогоор БНХАУ-ын Тайваны баг тэргүүлж, ОХУ, Туркийн багууд удаалсан юм.  Энэхүү тэмцээний үеэр шинэхэн Европын аварга багийг авчирсан Туркийн оюутны шигшээ багийнхан анхаарал татаж байсан бөгөөд дасгалжуулагч Актэр Курсаттай ярилцсанаа хүргэж байна.

-Юуны өмнө Улаанбаатарт тэмцээний талаарх таны сэтгэгдлийг сонсмоор байна?

-Бидний хувьд анх удаа Монгол Улсад ирлээ. Энэ удаа Туркийн оюутны багийн хувьд зургаан тамирчинтай оролцсон. Тамирчдын хувьд бүгд  50 метрээс харвах Компаунд төрөлд өрсөлдлөө. Бид ганцаарчилсан эрэгтэй болон холимог багийн төрлөөс мөнгөн медаль хүртсэн. Хэдийгээр үүнээс том зорилготой ирсэн ч энэ бол тийм ч муу амжилт биш юм. Өрсөлдөгч нар бүгд хүчтэй байсан. Үнэхээр олон орноос шилдэг тамирчид ирлээ. Дараа дараагийн дэлхийн аварга, олимпийн наадамд өрсөлдөх тамирчид шүү дээ. Бидний хувьд дажгүй./инээв/

Өрсөлдөгч нар бүгд хүчтэй байсан. Үнэхээр олон орноос шилдэг тамирчид ирлээ. Дараа дараагийн дэлхийн аварга, олимпийн наадамд өрсөлдөх тамирчид шүү дээ. Бидний хувьд дажгүй.

-Харвааны үед бороо орсон. Цаг агаарын нөхцөл байдал хэрхэн нөлөөлсөн бэ?

-Багийн харваанд бид медалийн төлөө өрсөлдсөн. Тэр харваанаас эхлээд тэмцээний тактикт өөрчлөлт орсон. Эхийн өдөр эрэгтэй, эмэгтэй багууд IV, V байрт ороход тийм ч таатай байсангүй. Тиймээс дараагийн өдрүүдийн харваанд ихээхэн найдлага тавьж байлаа. Хоёр дахь өдөр бороо орсон ч  энэ бол байдаг л зүйл. Ганцхан манай багт биш бүгд ийм байдалд бэлэн байх ёстой. Бидний хувьд илүү хянуур байж, хоёр төрөлд мөнгөн медалийн болзол хангасан. Шигшээд хүрэх зам амар байсангүй. Зөвхөн тухайн нөхцөлд хэн сайн ажиллаж чадсан нь урагш явах боломжтой. Баг бүрд өөрсдийн арга, техник байдаг. Сэтгэл, зүрхээ зөв л удирдаж чадах юм бол бүгд л амжилтанд хүрнэ шүү дээ. Тиймээс бид сайн ажиллаж чадсан гэж үзэж байна. Шийдвэрлэх үед ч гэсэн бүгд итгэлтэй байх ёстой. Яг Атилла хаан шиг л.

-Харин финалын харвалтын тухайд?

-БНСУ-ын багтай хоёр удаа финалд таарлаа. Тэд энэ удаа сайн байсан.

Баг бүрд өөрсдийн арга, техник байдаг. Сэтгэл, зүрхээ зөв л удирдаж чадах юм бол бүгд л амжилтанд хүрнэ шүү дээ. Тиймээс бид сайн ажиллаж чадсан гэж үзэж байна. Шийдвэрлэх үед ч гэсэн бүгд итгэлтэй байх ёстой. Яг Атилла хаан шиг л.

-Туркийн эмэгтэй багийн хувьд Улаанбаатарт ирэхийн өмнө Европын аварга цолыг авсан байсан?

-Тиймээ тэдний хувьд амжилт ахиж байна. Европын аварга цолыг авахын тулд бид сайн ажиллаж чадсан. Энэ удаа тэднээс их зүйл хүсэж байлаа.

-Бразилд олимпийн наадам болоход хоёр сарын хугацаа үлдлээ. Туркийн олимпийг зорих багт байт харвааны тамирчид багтаад байна?

-Тиймээ манай байтын баг тамирчдаас хоёр тамирчин Бразилийг зорино. Тэд энэ жил 16 настай. Манай чөлөөт бөх, хүндийн өргөлтийн баг тамирчид олимпийн наадмаас олон медаль авсан түүхтэй. Сүүлд жүдо бөх, бокс, хөнгөнатлетик, таэквондогийн тамирчид олимпийн медальтан болоод байна. Байтын тамирчдын хувьд олимпийн наадмаас медаль авч чадаагүй байгаа. Энэ жил залуу тамирчид Рио-2016-д харвах гэж байна.   

-Таны байт харвааны спорттой холбогдсон түүхийг сонсмоор байна?

-Намайг дунд сургуульд сурч байхад байт харваагаар хичээллэх хүсэлтэй сурагчдын дунд шалгаруулалт явагдсан. Тэр үед өөрийгөө шалгуулаад тэнцсэн. Ингээд л энэ спорттой холбогдсон түүх маань эхэлнэ. Тэр цагаас хойш 10 жил болсон байна. Би одоо Аксарай их сургуульд багшилдаг. Байтын спортын тухай гурван ном бичсэн бөгөөд шинжлэх ухааны талаас нь хичээлийг заадаг.

Байтын спортын тухай гурван ном бичсэн бөгөөд шинжлэх ухааны талаас нь хичээлийг заадаг.

-Та бүхний хувьд дараагийн тэмцээн хэзээ байгаа вэ?

-Ирэх долоо хоногт Анталя хотод Дэлхийн цомын тэмцээн болно. Бидний хувьд энэ тэмцээн маш хариуцлагатай тэмцээн. Эх орондоо болж байгаа гэдэг үүднээс бидэнд маш их итгэл найдвар тавьж байна. Энэ дашрамд, Улаанбаатарт бид анх удаа саатлаа. Бас дэлхийн оюутан шилдэг тамирчидтай өрсөлдлөө. Сайхан тэмцээн болж өнгөрсөнд талархаж байна. Та бүхэнд баярлалаа.

-Сүүлийн асуултыг хөлбөмбөгийн спортоор дуусгамаар байна. “Евро-2016” тэмцээн энэ долоо хоногт эхэлнэ. Туркийн баг шилдэг 24 багт үлдэхийн тулд сүүлийн боломжийг ашиглаж байсан орсон шүү дээ?

-Тиймээ урьдчилсан шатны тоглолтууд их хүнд болсныг бүгд мэднэ. Одоо тэр зүйлийг яриад яахав. Европын шилдэг 24 багийн тоглолт ихээхэн сонирхол татаж байна. Туркийн хөлбөмбөгийн шигшээ баг 2002 онд ДАШТ, 2008 онд Европын аваргаас хүрэл медаль авсан. Тиймээс багтаа ихээхэн найдлага тавьж байна. Бразилийн олимпийн өмнө “Евро-2016”-с олон сонирхолтой тоглолтууд гарна гэдэгт итгэлтэй байна.

Ч.БОЛОРЧУЛУУН


"УЛААНБААТАР-2016" оюутны дэлхийн аваргын ДҮН: /Компаунд, Рекурв/

  • БНСУ – 8 алт, 1 мөнгө
  • ОХУ  – 1 алт, 2 мөнгө, 3 хүрэл
  • БНХАУ-Тайвань – 3 мөнгө, 1 хүрэл
  • Турк – 2 мөнгө
  • Франц – 1 мөнгө, 1 хүрэл
  • Белги – 1 мөнгө
  • АНУ – 3 хүрэл
  • Япон, Энэтхэг, Малайз – 1 хүрэл

Туркийн баг тамирчид холимог хос болон эрэгтэй ганцаарчилсан төрлөөс МӨНГӨН медаль хүртлээ.

Туркийн эмэгтэй баг тамирчид. Улаанбаатар болсон оюутны дэлхийн аваргад Туркийн баг КОМПАУНД /50 м/ төрөлд өрсөлдсөнөөс холимог баг, эрэгтэй ганцаарчилсан төрөлд МӨНГӨН медаль хүртлээ. Эмэгтэй багийн хувьд Улаанбаатарт ирэхийн өмнө Европын аваргаас алтан медаль хүртээд байсан юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж