Төлөвлөж, хэрэгжүүлж сурсан Хятад улс

Хуучирсан мэдээ: 2016.06.08-нд нийтлэгдсэн

Төлөвлөж, хэрэгжүүлж сурсан Хятад улс

Тэнгэр нь сааралтаж, цаг агаар бүүдгэрхэн байсан ч хотуудын дээгүүр онгоцоор зорчиход нэг л шугаманд жирийтэл харагдах барилга байгууламж, тариан талбай, ногоон бүс нүд баясгана. Төлөвлөлт… Энэ үгнээс л БНХАУ-ын Бээжин, Тианжин, Хөх хот, Ордос, Бугат гэсэн хотуудаар зорчсон аяны тэмдэглэлээ эхлүүлье.

ХӨГЖИЛ, ХЭМНЭЛТ ДАГУУЛСАН НАРНЫ ТОЛЬ

Аяллын эхний маршрут бол Бээжин хот.  Бээжинд хотын зах руугаа шинэ өнгө төрхтэй, загварлаг байшин барилга олон. Харин төв хэсэгтээ БНХАУ-ын түүхийг илтгэх 2-3 давхар намхан саарал байшингууд дүнсийх нь уйтгартай харагдана. 800 жилийн өмнө Бээжин хотыг байгуулахад барьсан түүхэн барилгууд хотын төв гудамжийг чимнэ. Сүүлийн жилүүдэд БНХАУ-ын удирдлага түүх, соёлын дурсгал болох хуучны барилгаа сэргээн засварлах, арчлах асуудалд ихэд анхаарлаа хандуулж эхэлжээ. Мөн барилга барих, хотыг ногооруулах, цэцэг навч тарьж, түүнийгээ арчилж,  хамгаалах нь хятадуудад зовлон биш болсон нь харваас илт.

Харин тэдэнд тулгамдаж буй асуудал нь цэвэр ус, агаарын бохирдол гэнэ. Усны хэрэглээгээ хэрхэн оновчтой болгож, дэлхийн байгаль орчны нөлөөллийн асуудлыг яаж зохицуулж, даван гарах вэ гэдэгт хариулт олохоор олон төрлийн судалгаа, шинжилгээний ажлыг БНХАУ-ын ШУА-ны эко орчны судалгааны төв хариуцан ажилладаг юм. Учир нь 2030 он гэхэд БНХАУ-ын иргэн бүр цэвэр ус ууна гэсэн нарийвчилсан төлөвлөгөөг гаргажээ. Монгол Улсын тухайд ч жил ирэх бүр ус нь бохирдож буй. Иймээс бид танай улстай ус цэвэршүүлэх, уул уурхай, үйлдвэрлэлээс болж бохирдсон гол мөрнийг цэвэршүүлэх, саарал усыг ашиглаж хэвшихэд хамтарна гэж БНХАУ-ын ШУА-ны эко орчны судалгааны төвийн удирдлага хэлж байлаа.

Агаарын бохирдлоо багасгахаар БНХАУ хотууддаа хэсэгчилсэн эко бүс байгуулах, замын хөдөлгөөнд оролцож буй автомашиныг дугаараар нь ангилж, хязгаарлан байгаль орчинд ээлтэйгээр эрчим хүч, үйлдвэрлэлээ явуулахаар бүтээн байгуулалтаа нарийвчилсан төлөвлөгөөний хүрээнд хийж байна. Тухайлбал, нарны гэрлийг ашиглан эрчим хүч, дулаанаа шийдэхээр Тианжин хотдоо тусгайлан эко бүсийг байгуулжээ. Нэг тэрбум  400 сая юаниар хааш хаашаа гурван километр талбайд нэг жилд 200 сая кВт цахилгаан үйлдвэрлэж, 68 мянган өрхийг тог, дулаанаар хангах нарны эрчим хүчийг ашиглах толин байгууламжтай болжээ. Ингэснээр нэг жилд 84  мянган тонн нүүрс хэмнэж, агаарын бохирдол 20 хувиар багасна гэж тооцжээ. Иргэдэд нэг кВт цахилгааныг 0.95 юань буюу манай улсын ханшаар 300 орчим төгрөгөөр худалдаалах юм. Найман жилийн дотор энэхүү нарны толиос бүтсэн эрчим хүчнийхээ үйлдвэрийг босгоход гаргасан нэг тэрбум 400 сая юанийн хөрөнгө оруулалтаа нөхнө. Мөн хэрэглэгчдэд хүрэх цахилгаан, дулааны үнэ цаашид жил ирэх бүр буураад явна. Энэ бүтээн байгуулалт бол агаарын бохирдлыг бууруулахаас гадна эдийн засгийн хэмнэлттэй гэж бүтээн байгуулалтыг гардан хийж буй Хонконгийн компанийн захирал Жен Гуан Ви ярив. Мөн босгосон нарны толиныхоо сүүдэр талд нь усан байгууламж барьж, загас тэжээнэ. Эсрэг тал буюу нар тусдаг хэсэгт нь ургамал, цэцэг тарихаар зураг төслөө гаргасан байлаа. Зөвхөн нарны энергийг ашиглах энэхүү бүтээн байгуулалтаас харахад хятадууд хэрэгжүүлж буй ажлаа  чамбай төлөвлөгөө, нарийн тооцоололтойгоор хийдэг нь харагдаж байлаа.

ОРШИН СУУГЧДАА ХҮЛЭЭСЭН ОРДОС ХОТ

Бээжингийн их сургуулийн профессор Жонатан Войцел, Жеффрей Тоусен нарын 2012 онд хэвлүүлсэн “Хятадыг нэг цагт” хэмээх номд “Удахгүй нэг тэрбум хятад иргэн хотдоо амьдарна, олон хүн хотжих тусам олон хот босно” гэж өгүүлжээ.  Зохиолчдын таамаглалаар бол 2025 он гэхэд Хятад нэг саяас дээш хүн амтай 220 хоттой болно. Харин Хятадад 2012 онд таван саяас дээш хүн амтай 14 хот байсан бол 2025 онд одоогийн Сан Франциско шиг 23 хоттой болох аж. Энэ таамаглал удахгүй биеллээ олох нь баараггүй. Жишээлбэл 100 жилийн дотор 15 сая хүн амьдрах Тианжин хотыг Хятадууд босгожээ. Дэлхийн эдийн засгийн өсөлт буурсан 2016 оны эхний улиралд Тианжин хотын дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/-ий өсөлт 9.5  хувиар нэмэгджээ. Энэ нь бусад бүх  хотын 6.9 хувийн эдийн засгийн өсөлтийг тэргүүлсэн тоо юм.

Ирээдүйд БНХАУ-ын ӨМӨЗО-ны нийслэл болох Ордос хот өнөөдөр ил хулихан байна. Хятадын засгийн газраас тусгайлсан төлөвлөгөө боловсруулж, Ордос хотод нарийвчилсан ерөнхий төлөвлөгөөний дагуу бүтээн байгуулалтыг явуулж буй аж. Гэхдээ сургууль, цэцэрлэг, үйлдвэрлэлийн  бүтээн байгуулалт нь хоцронгуй байгаагаас  Ордос руу очих  иргэд цөөхөн гэнэ. Иймээс ашиглалтад орсон барилгын тал хувь нь одоогоор хоосон. ӨМӨЗО-ны баруун хэсэгт оршдог, 87 мянган мКв нутагтай, дэргэдээ долоон хошуу, Дүшэн, Хияа багш гэсэн хоёр дүүрэгтэй. Уг хот нь хүн амыг төлөврүүлэх Хөх хот, Бугат, Юйшү хотуудын нэг нь. Мөн төрийн цэвэр эрчим хүч экспортлох чухал бааз, нүүрсний нөөц нь хятадын хотууд дотроо хамгийн их, илэрсэн нүүрсний нөөц нь одоо 193 тэрбум тонноор, ирээдүйд илрэх боломжтой нөөц нь 1000 тэрбум тонноор хэмжигджээ. Нүүрснээс гадна дэлхийн хамгийн том хийн орд Ордост байна. Байгалийн хийг өрөмдөн сорж авах туршилтын бүсийг ч хотоосоо баруун урагш байгуулсан байх. Өдөрт 30 мянган мКв шингэн эсвэл хийг шахан гаргадаг. Ингээд өрмийн амсар дээрээс шууд шахсан зардал багатай хийгээ шууд газ, шатахуун болгон ашиглаж байна. Удахгүй дулаан, цахилгаанаа 100 хувь байгалийн хийг ашиглан, шийдэхээр Ордосын удирдлагууд нарийн төлөвлөгөө боловсруулсан гэв. Туршилтаар байгалийн хийг шахан гаргаж эхэлсэн ч эхний ээлжинд Ордос хотод амьдардаг хоёр сая иргэн буюу айл бүрт газаар ажиллах зуухыг суурилуулжээ. Эхнээсээ айлууд нь газан зуухаа ашиглаж, халаалт, цахилгаанаа шийдсэн байна.

ЦӨЛЖСӨН ГАЗРЫГ ЭКОЛОГИЙН ҮЛГЭР ЖИШЭЭ БҮС БОЛГОЖЭЭ

ӨМӨЗО-ны Ордос хотын Далад хошууны нутагт, Хөвчийн цөлийн дунд хэсэгт оршдог 20 мянган га талбай атар эзэмшиж, малаа даацаас  хэтрүүлж өсгөснөөс болж, байгаль орчны тэнцвэр алдагдаж, цөлжжээ. Ингээд 1989 оноос цөлжилтийг цааш даамжруулахгүй, зогсоож сэргээхээр 20 гаруй жилийн турш ургамал сэргээх олон төрлийн туршилтыг хийсний үндсэн дээр, энэ газрын 70 хувьд нь өвс, ургамал эргэн ургажээ. Мэдээж нөгөө л нарийн төлөвлөгөөний дагуу хятадууд ажиллаж цөлжилтөө ийнхүү зогсоож, цөлжилтийн аж үйлдвэр буюу шинжлэх ухааны олон туршилтыг хийх, аялал жуулчлал, газар тариалан эрхлэх бүс нутаг болгон тусгайлан хөгжүүлж чадсан байна. “Энх бие” экологийн үлгэр жишээ бүс гэж нэрлэх тус газар 2015 онд Хятадын цэвэр агаартай 100 жижиг хотын жагсаалтыг тэргүүлжээ.

Бээжингээс инагш ӨМӨЗО-ны нутаг руу ормогц  л хятадын цаг агаар эрс өөрчлөгдөнө. Бүүдгэр саарал тэнгэр,  бүгчим халуун  агаар  сэрүүсч, борооны чийг хамар цоргин, сэвэлзүүр салхи хацар илбэх нь таатай. Яг л миний нутгийн үнэр шиг, сайхан гэдэг нь.  

Үргэлжлэл бий…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж