Нэр дэвшигчид СЕХ-ноос эрхээ авлаа

Хуучирсан мэдээ: 2016.06.08-нд нийтлэгдсэн

Нэр дэвшигчид СЕХ-ноос эрхээ авлаа

  • Уул уурхайн салбарынхан өчигдөр авлигын эрсдэлээ тооцож, цаашид хэрхэн арилгах вэ гэдгээ Пума зочид буудалд хэлэлцэж байна. Энэ судалгаанд дурдсанаар Монголд уул уурхайн салбарт геологи хайгуул, ашиглалтын өмнөх, ашиглалтын болон уурхайн хаалтын үе шатуудад 15 төрлийн авлигын эрсдэл бий гэх үр дүн гарчээ. Ялангуяа хайгуулын тусгай зөвшөөрөл олгохдоо сонгон шалгаруулалт явуулах үед авлига ихээр үүсдэг байна. 


  • Зургадугаар сарын 29-нд болох УИХ-ын сонгуульд нийтдээ 498 нэр дэвшигч өрсөлдөхөөр СЕХ-ноос эрхээ авлаа. Нэр дэвшигчдийн сурталчилгааны ажил албан ёсоор зургадугаар сарын 11 буюу бямба гаригаас эхэлнэ. Энэ удаагийн сонгуульд нийтдээ 12 нам, 3 эвсэл, 69 бие даагчид нэр дэвших батламжийг нь СЕХ-ноос гардуулна.


  • Хэвлэлийн хүрээлэнгийн хурлын танхимд “Цаазлагдсан улс төрийн хэлмэгдэгчийн хүүхэд” ТББ-ын гишүүд мэдээлэл хийлээ. Хурлын үеэр тус ТББ-ын тэргүүн, судлаач Д.Дашдаваа “Улсаас 1998 онд баталсан Цагаатгалын тухай хуулийн дагуу хилс хэргээр цааздагдсан ба ял шийтгүүлсэн хэлмэгдэгчдэд нөхөн олговор гэж нэг сая төгрөгийг нэг удаа олгосон. Хамгийн сүүлд 2004 онд хэлмэгдэгчдийн ар гэрт 70 сая төгрөг өгнө гэж амласан боловч одоог хүртэл хийж байгаа ажил харагдсангүй. Тиймээс настай бидний сэтгэлээр тоглож, горьдлого төрүүлж байгаад гомдолтой байна. Бид улсаас тохь тухтай, дулаан байр л хүсч байна” гэж ярилаа.


  • Монгол, Япон улс хооронд “Эдийн засгийн түншлэлийн тухай” хэлэлцээр өчигдрөөс буюу зургаадугаар сарын 7-ны өдрөөс хүчин төгөлдөр болж, албан ёсоор хэрэгжиж эхэллээ. Ингэснээр Монгол Улсаас Япон руу экспортлогддог 5700, Япон улсаас Монгол Улс руу орж ирдэг 9300 орчим нэр төрлийн бараа бүтээгдэхүүн гаалийн албан татвараас чөлөөлөгдөж байна. Монгол-Японы худалдааны нэг жилийн эргэлт 300-500 сая ам.доллар байдаг аж. Энэ нь монголын нийт худалдааны 3-4 хувийг эзэлж буй юм. 


  • НИТХ-аас 83 байршилд “Цэцэрлэг-бага сургууль”-ийн цогцолбор барих байршлыг тогтоосон бөгөөд одоогийн байдлаар 16 байршилд энэхүү цогцолбор ашиглалтад орж, бага насны хүүхдүүд гэрээсээ хамгийн холдоо 500 метр алхаад  цэцэрлэг, сургууль руугаа орох боломжтой болжээ.


  • Ирэх зургадугаар сарын 29-ний өдөр товлогдсон УИХ-ын ээлжит сонгуультай холбогдуулан шилжилт хөдөлгөөнийг хуулийн дагуу санал авахаас 60 хоногийн өмнө буюу дөрөвдүгээр сарын 30-наас зогсоосон. Тэгвэл үүнтэй холбоотойгоор цахим үнэмлэх олголт зогссон гэх иргэдийн гомдол ирэх болжээ. Энэ талаар Бүртгэл, статистикийн ерөнхий газраас тодруулбал, шилжилт хөдөлгөөн зогсоосонтой холбоотой цахим үнэмлэх олголт саатсан зүйлгүй гэдгийг хэллээ. Цахим үнэмлэх шинээр олголт, сунгалт гээд бүх үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа гэдгийг иргэдэд сануулж байна.


  • Хуурамч хаяг нээж, улс төрийн шинжтэйгээр гүтгэлэг явуулж буй иргэнд эрүүгийн хэрэг үүсгэж, хаягийг нь блоклох эрх цагдаагийн байгууллагад бий болжээ. Тухайлбал, цагдаагийн байгууллага фэйсбүүкийн төв захиргаатай хамтарч ажиллах гэрээ хийжээ. Ингэснээр хуурамч хаягаар гүтгэлэг, улс төрийн явуулга хийсэн нь тогтоогдвол цагдаагийн байгууллага блоклох эрх үүсчээ.


  • Мүүний шашинтай хоёр иргэнийг баривчилсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдсан билээ. Энэ талаар “Цензургүй яриа” нэвтрүүлгийн хөтлөгч Л.Мөнхбаясгалан фэйсбүүк хуудсаараа дамжуулан “Монгол дахь МҮҮН-ий шашны эв нэгдлийн сүмийн загалмайлсан эцэг гэгдэх Мацумото болон Солонгос Улсын иргэн Кан нарыг баривчилсан” хэмээн бичсэн байв. Тэгвэл энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад, ташаа мэдээлэл гэв. Мүүний шашинтай холбоотой, толгойлогч нь гэж үзэх ямар ч хүн баривчлаагүй хэмээн мэдээлсэн юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж