Төөрөлдсөн сонгогчид

Хуучирсан мэдээ: 2016.06.08-нд нийтлэгдсэн

Төөрөлдсөн сонгогчид

УИХ-ын сонгууль болоход ердөө гуравхан долоо хоног дутуу байна. Шинэчилсэн сонгуулийн хуулиар УИХ-ын сонгууль жижиг 76 буюу мажоритар системээр явагдахаар блсон билээ. Түүнчлэн хуульд заасны дагуу өчигдөр буюу зургаадугаар сарын 7-нд нэр дэвшигчид үнэмлэхээ гардан авсан билээ. УИХ-ын сонгуульд 12 нам, гурван эвсэл, бие даагчдын нийлсэн 498 нэр дэвшигч үнэмлэх гардан аваад байна. Нэр дэвшигчдийн129 нь эмэгтэйчүүд. Хэдийгээр нэр дэвшигчид тодорч, батламжаа авсан ч аль тойрогт хэн хэн нэр дэвшиж байгаа талаарх мэдээлэл дутмаг байгааг иргэд шүүмжиллээ. Ингээд уншигч танд зарим иргэдийн байр суурийг хүргэж байна.


Улстөрчдөд итгэх итгэл буурсан

Баянзүрх дүүргийн иргэн Ж.Энхмаа

-Манай тойрогт ямар нэр дэвшигч өрсөлдөж байгаа талаар би сайн мэдээлэлгүй байгаа. Ер нь улстөрчдөд итгэх итгэл буурсан гэж болно. Тиймээс сонирхож, мэдээлэл цуглуулахыг хүсэхгүй бгүй байна. Сонгуулийн өдөр саналаа өгнө. Сурталчилгааны материал тараавал харж байгаад нэгийг нь сонгоно доо. Гэхдээ намыг бус хүнийг нь харж сонгоно гэж бодож байна.  


Интернэтээс мэдээлэл авч байгаа

Сүхбаатар дүүргийн иргэн Т.Марат

-Өмнө нь тараах материал их ирдэг байсан. Энэ жил мэдээлэл бага байна. Интернэтээс бага зэрэг мэдээлэл олж авсан. Манай Сүхбаатар дүүрэгт Р.Амаржаргал, Л.Гантөмөр хоёр дэвшиж байсан. МАН-аас хэн өрсөлдөж байгааг мэдэхгүй байна. Өнгөрсөн парламентыг дүгнэж хэлэх юм бол гарсан хүмүүс нь өөрийнхөө хэмжээнд ажил хийсэн байх гэж бодож байна. Харин сүүлийн үед залуучууд сонгуульд идэвхгүй оролцдог болсон. УИХ-ын гишүүд ажил хийхгүй байлаа гээд саналаа өгөхгүй байх нь утгагүй. Би хувьдаа тухайн хүний боловсрол, намын хөтөлбөр зэргийг харж байгаад сонголтоо хийнэ. Түүнээс аль нэг намыг дэмждэггүй.


Намыг нь харж сонголт хийнэ

Улаанбаатар хотын иргэн /нэрээ хэлэхийг хүссэнгүй/

-Манай тойрогт хэн нэр дэвшиж байгааг мэдэхгүй байна. Тийм асуудлыг сонирхоогүй. Заавал мэдэж байх шаардлагагүй гэж боддог. Ер нь би намыг нь харж дэмжинэ. Тиймээс санал өгөх өдөр миний сонгох нэр дэвшигч тодорхой гэж хэлж болно.


Сонгуульдаа оролцоно

Баярзүрх дүүргийн иргэн Ч.Намуунбайгаль

-Манай тойрогт хэн нэр дэвшиж байгаа талаар одоохондоо мэдээлэл алга. Сонгуулийн сурталчилгаа зургадугаар сарын 11-нээс эхэлнэ. Түүнээс хойш мэдээлэл тараах байх гэж бодож байна. Нэгэнт сурталчилгааны материал тараах хугацааг хуулиар заачихсан  учраас хуулийн хугацаанд мэдээд авахад болохгүй зүйлгүй. Би сонгуулиар саналаа өгнө. Хамгийн гол нь хүнийг нь харж сонгох нь чухал гэж бодож байна.  


Улс эх орондоо  хэрэгтэй зүйл хийх хүнийг сонгоно

Чингэлтэй дүүргийн иргэн Д.Бямбасүрэн

-Аль намаас хэн нэр дэвшиж байгаа талаар ёстой мэдэхгүй байна. Сурталчилгаа, танилцуулга  материал тарааж ирээгүй. Эгч нь саналаа өгнө. Хүнийг нь харж сонгоно. Улс эх оронд хэрэгтэй, ажил хийж чадах хүнийг сонгоно. Сүүлийн үед залуучууд сонгуульд идэвхгүй оролцох болсон гэж телевизээр гараад байдаг. Гэхдээ энэ удаагийн сонгуульд залуучууд идэвхтэй оролцоно байх гэж бодож байна. Улс эх орны байдал хөгшин залуугүй бүх хүний сэтгэлийг зовоож байгаа болохоор бүх нийтээрээ саналаа өгөх байх.

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж