Боловсон 00-с боловсон амьдрал эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2016.06.08-нд нийтлэгдсэн

Боловсон 00-с боловсон амьдрал эхэлнэ

-Манай улсын нийт  хүн амын 72.7  хувь нь шаардлага хангаагүй  жорлон ашиглаж байна. Үүнээс гэр хорооллын нийт өрхийн  94,8 хувь  бохир, эрүүл ахуйн хувьд  аюултай нүхэн жорлонтойгоо зэрэгцэн амьдарч байна- 

Нийслэлд гэр хорооллоор дамжаагүй хүн цөөн. Олонх нь гэр хороололд өсөн торнисон болохоор гэр хорооллын орчныг бохир гэж бодохоо больтлоо дасан зохицсон байдаг. гэтэл олон жил суурьшсан гэр хорооллын хөрс, агаар улам бүр бохирдож, бие засах газраа шинэчлэх зайгүй болтлоо бохирдсон байдаг нь харамсалтай.

Суурин соёл иргэншил хүрээгээ тэлж, хот тосгон  өргөжихийн хэрээр  хүнээс гарч байгаа бохир ялгадсыг хэрхэн эрсдэл аюулгүй зайлуулах вэ гэдэг асуудал хүн төрөлхтөний өмнө тулгарч иржээ. Энэ асуудлыг улс орон бүр өөр өөрийн онцлогт тохируулан шийдэж ирсэн туршлагатай. Ганц монголчуудын асуудал биш гээд үл тоосоор явтал гэр хороололд аж төрж буй хүмүүсийн эрүүл мэнд харанга дэлдэхэд хүрээд байна. Манай улсын нийт  хүн амын 72.7  хувь нь шаардлага хангаагүй  жорлон ашиглаж байна. Үүнээс гэр хорооллын нийт өрхийн  94,8 хувь  бохир, эрүүл ахуйн хувьд  аюултай нүхэн жорлонтойгоо зэрэгцэн амьдарч байна.  Боловсон амьдрал боловсон 00-с эхэлдэг гэдгийг Эрүүл мэнд спортын яамнаас  онцоллоо. Гэр хорооллын 00 гэмшил дагуулах хэмжээнд хүрснийг ч мөн тодотгов.

Мэдээж, хүн бүр  илүү ая тухтай эрүүл орчинд амьдрах, тохилог бие засах газартай болохыг хүсдэг ч үүнийгээ яаж бий болгох, одоо байгаагаа хэрхэн сайжруулах,  ямар төрлийн бие засах газар байдаг тухай ойлголт дутмаг байгаа юм. Энэ оны хоёрдугаар сарын 29-ний өдрөөс эхлэн улс даяар дагаж мөрдөж эхэлсэн Эрүүл ахуйн тухай хуулийн дагуу “Нүхэн жорлон, угаадасны нүх. Техникийн шаардлага MNS 5924:2008” стандартыг шинэчлэн баталжээ. Энэхүү стандартыг мөрдүүлэх үүднээс агааржуулагчтай сайжруулсан нүхэн жорлон, бордоожуулах, бага хэмжээний усаар зайлуулах, хуурайшуулах жорлон зэрэг олон төрлийн  ариун цэврийн байгууламжийг иргэдэд санал болгож байгаа юм байна.   Хүмүүст мэдээлэл өгөх зорилгоор монгол, англи хэл дээр шинэ  стандартыг хэвлүүлж, ААН, иргэд байгууллага болон хорооны ажилтан, сайн дурын идэвхтэн нарт зориулж,  дөрвөн  хувилбар бүхий жорлонгийн загварыг танилцуулж эхэлжээ. Зардал чирэгдэл багатай хэрнээ амьдрах орчинд тустай эдгээр стандартыг дагаж мөрдөх үүрэг Эрүүл ахуйн хуулиар иргэдэд ногдож байгааг дашрамд дуулгая. Нийтээрээ боловсон 00-той болж байж амьдрах орчин сайжрах билээ.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж