Үе тэнгийн зөвлөгчдийг бэлтгэнэ

Хуучирсан мэдээ: 2016.06.07-нд нийтлэгдсэн

Үе тэнгийн зөвлөгчдийг бэлтгэнэ

“Жайка”-гаас өсвөр үеийнхний эрүүл мэндийн чиглэлээр нөхөн үржихүй, эрүүл мэндийн томоохон төслийг 2016-2019 онд Монгол Улсад хэрэгжүүлэхээр болжээ. Энэ талаар БСШУ-ны Суурь, бүрэн дунд боловсролын хэлтсийн мэргэжилтэн С.Болормаа хэлэхдээ “Энэхүү арга хэмжээний эхний жилийн сургалтын ажлууд явагдаж байна. Өнөөдөр төслийг зохицуулагч нар илтгэх сургалт хийж байна. Японы улсын “Жичи” Анагаах ухааны их сургуулийн Нийгэм, эрүүл мэндийн тэнхимийн профессор, доктор Такамүра, Харүяма сургалтыг удирдаж байгаа” гэв.

Уг сургалтад Боловсрол, Соёл, шинжлэх ухааны яам, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, нийслэлийн Эрүүл мэндийн газар, нийслэлийн Боловсролын газар, Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төв, Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын 71-р сургуулийн багш нарын төлөөлөл нийтдээ 30 гаруй хүн оролцож байна. Монгол Улсын нийт хүн амын 65 орчим хувийг 35-аас доош насны залуучууд, өсвөр үеийнхэн бүрдүүлж байна. Сүүлийн жилүүдэд өсвөр үеийнхний эрүүл мэнд, тэр дундаа нөхөн үржихүйн эрүүл мэндтэй холбоотой тулгамдсан асуудлууд ихсэж байна. Нийслэлийн СБД-ийн гэр хороололд гэхэд өсвөр насны охидын жирэмслэлт болон бэлгийн замын халдварт өвчнөөр өвчилсөн тохиолдол харьцангуй олон бүртгэгдсэн, хүүхдүүд сургууль дээрээ нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаар болон хэрхэн эрүүл аж төрөх талаар хүссэн мэдээллээ авах боломж хомс, зөвхөн өсвөр үеийнхэн төдийгүй тэдний гэр бүлийнхэн болон тухайн хэсэгт оршин суугчдын хувьд ч гэсэн эрүүл мэндийн зөв боловсрол олгох нэгдсэн тогтолцоо байдаггүйгээс эрүүл аж төрөхтэй холбоотой боловсрол, мэдээлэл авах боломж хязгаарлагдмал байдаг байна.

Үе тэнгийн зөвлөхийн үйл ажиллагаа гэдэг нь өсвөр үеийнхэн өөрсдөө гол субьект байж, амьдралын зорилго мөрөөдлөө өөрөө тодорхойлж, тухайн зорилго мөрөөдлийнхөө төлөө өөрийн нөхөн үржихүй ба хувийн амьдралтай холбоотой асуудлыг бие даан, оновчтой шийдвэрлэх чадварыг нь хөгжүүлэх зорилготой боловсролын шинжтэй үйл ажиллагаа юм. Үүний тулд олон нийт болоод сургууль, боловсрол, эрүүл мэнд гэх мэт олон янзын байгууллагуудын дэмжлэг уялдаа холбоо, хамтын ажиллагаа хамгийн чухал юм. Хамтын ажиллагаанд гол үүрэг гүйцэтгэх “Key person” бол “Peer coordinator” буюу үе тэнгийн зөвлөхийн үйл ажиллагааны зохицуулагчид билээ.

Энэ сургалтаар дамжуулан, зохицуулагчид хэн болох ямар үүрэг хариуцлага хүлээдэг, төслийн харьяа нутаг дэвсгэрт байгаа олон байгууллагуудыг хэрхэн үйл ажиллагаандаа хамруулж татан оролцуулах, үйл ажиллагааны сүлжээг хэрхэн байгуулах талаар тодорхой мэдлэг, чадвар олгох юм байна.

Э.ДАРХИЖАВ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж