Тамирчдыг дэмжих “Team Мongolia” аяныг эхлүүлжээ

Хуучирсан мэдээ: 2016.06.07-нд нийтлэгдсэн

Тамирчдыг дэмжих “Team Мongolia” аяныг эхлүүлжээ

Олимпын хөгжлийг дэмжих сан, ЭМСЯ, МҮОХ хамтран өнөөдөр/2016.06.07/мэдээлэл хийж, "Team Mongolia" аяныг хэрэгжүүлэх болон олимпын бэлтгэл ажлын талаар мэдээлэл өглөө. Энэхүү хэвлэлийн хуралд Олимпын хөгжлийг дэмжих сангийн УЗ-ийн дарга Ч.Наранбаатар, ЭМСЯ-ны Нийтийн биеийн тамир, спортын Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Х.Бакытжан, МҮОХ-ны мэргэжилтэн П.Тунгалаг нар оролцлоо.

2015 оны наймдугаар сарын 5-ны өдөр байгуулагдсан Олимпын хөгжлийг дэмжих сангаас Олимпт зориулсан хандивын аяныг зохион байгуулж эхэлсэн билээ. Тус сангийн цомын аян 2015 оны арваннэгдүгээр сараас эхлэн 20 аймаг, Улаанбаатар хотын дөрвөн дүүрэг, 10 банк, 30-аад байгууллага аж ахуйн нэгжүүдээр аялж, 144.7 сая төгрөгийн хандив цуглуулж, үүнээс 66 сая төгрөгийг зарцуулаад байна.

Олимпын хөгжлийг дэмжих сангийн УЗ-ийн дарга Ч.Наранбаатар хэлэхдээ:

  • БНХАУ-ын Хэбэй мужид болох РИО-2016 зуны олимпын наадмын эрх авах тэмцээний өмнөх БНХАУ-ын боксын үндэсний шигшээ багтай долоо хоног хамтарсан бэлтгэл сургуулилт хийх 15 тамирчин, дасгалжуулагчийн зардалд 15 сая төгрөг
  • Рио-2016 олимпын эрх олгох Колумб улсын Маделлин хотноо болсон дэлхийн цомын тэмцээнд байт харвааны 6 тамирчин, 2 дасгалжуулагчийн зардалд 5 сая төгрөг
  • Хөнгөн атлетикийн тамирчин Б.Сэр-Одын Кенийн тамирчидтай Японд өндөр уулын бүсэд хийх бэлтгэл сургуулилтын зардалд 8 сая төгрөг
  • Чөлөөт бөхийн тамирчин О.Насанбурмаагийн хөлийн эмчилгээний зардалд 2.7 сая төгрөг
  • Мөн хөнгөн атлетик болон паралимпын тамирчдад тус тус туслалцаа үзүүлсэн гэдгийг дуулгалаа.

Одоо Олимпын хөгжлийг дэмжих санд хандивын 88.2 сая төгрөгийн үлдэгдэл байгаагаас эмчилгээний тоног төхөөрөмж, тэмцээний үеэр шаардлагатай шарлагын аппарат зэргийг авахаар төлөвлөж байгаа аж.

Мөн "TEAM MONGOLIA" аяныг эхлүүлж байгаагаа өнөөдөр албан ёсоор зарласан. Аяны хүрээнд бид "TEAM MONGOLIA" гэсэн бичигтэй футболк, аяга бусад дурсгалын зүйлсийг худалдаалахаар болжээ.

Бразилын Рио-де-Жанейро хотноо наймдугаар сарын 5-нд эхлэх зуны Олимпын XXXI наадамд Монголын 37 тамирчин спортын есөн төрлөөр оролцох эрхээ баталгаажуулаад байна. Зарим спортын төрлүүдэд олимпын эрхийн тэмцээн дуусаагүй байгаа учир долдугаар сарын 2-ноос хойш эцсийн байдлаар олимпт оролцох тамирчдын нэр, тоо тодорхой болохыг мэдэгдлээ. Мөн өнгөрсөн долоо хоногт Олон улсын Олимпын хорооноос цайвар өнгийн хувцас өмсөхийг хамгийн түрүүнд анхааруулж, жирэмсэн эхчүүдийг аль болох зорчихгүй байх зөвлөмжийг МҮОХ-д ирүүлснийг дуулгасан.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж