Иран улстай харилцаагаа гүнзгийрүүлнэ

Хуучирсан мэдээ: 2016.06.07-нд нийтлэгдсэн

Иран улстай харилцаагаа гүнзгийрүүлнэ

Долоо хоног бүрийн Пүрэв гаригт Гадаад хэргийн яамнаа болдог өнөөдрийн “Мэдээллийн цаг”-ийн үеэр Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн “Өнгөрсөн өдрүүдэд Лалын Бүгд Найрамдах Иран Улсын Гадаад хэргийн дэд сайд Ибрахим Рахимдур манай улсад айлчилсан. Иран улс нь  түүх соёлын хувьд Монголтой холбоотой. Жишээ нь, Ил хаадын үе гэх мэт бидэнтэй холбоотой түүх Ираны архив, номын сангуудад байдаг. Миний бие өнгөрсөн арванхоёрдугаар сард мөн Иран улсад ажлын айлчлал хийсэн. Одоогоос гурван жилийн өмнө МУ-ын Ерөнхийлөгч Иран улсад айлчилсан тэр цагаас хойш манай талаас Шинжлэх ухааны академийн оролцоотойгоор Ираны их сургуулиуд болон архивт байгаа Монголын түүхтэй холбоотой түүхэн баримт бичгүүдийг хамтран судалж эхлээд байна. Цаашдаа бид өөрсдийн түүхээ авч үлдэх, хойч үедээ өвлүүлэхийн тулд Ирантай ойр харилцаатай байх болно” гэдгийг онцоллоо.

Түүнчлэн Л.Пүрэвсүрэн сайд Ираны талаас Монголоос хонины мах, тариа зэрэг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээс гадна уул уурхайн бүтээгдэхүүн авах саналтай байгааг дурдсан бөгөөд хоёр орны гадаад хэргийн яамд энэхүү асуудлыг судалж байгаа юм байна. Мөн хоёр улсын судалж буй түүхийн баримт бичгийн дээжээр Үндэсний түүхийн музейд үзэсгэлэн нээсэн байна.

Г.СҮМБЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж