Бүтээлч сэтгэлгээ нь сайн хөгжсөн хүний амьдрал баялаг, сонирхолтой байдаг. Ялангуяа хором бүрт шинэчлэл, дэвшил явагдаж байгаа 21 дүгээр зуунд нийгэм маань хүмүүсийг байнга бүтээлч сэтгэлгээтэй байхыг шаарддаг. Иймээс та бүхэн хүүхдээ хүмүүжүүлэхдээ дараах аргуудыг давхар ашиглахыг зөвлөж байна.
1. Хүүхдийнхээ архитектурын чадварыг хөгжүүл
Тоглоомын талбай дээр элсээр байшин барих, чулуу өрөх, легогоор дүрс эвлүүлэх, баримлын шавар ашиглах зэргээр хүүхдийнхээ чөлөөт сэтгэлгээг хөгжүүл. Заавал ямар нэг тодорхой дүрс бий болгохыг битгий шахаарай. “Хайрцагнаас гадуур сэтгэх” нь энэ мэтчилэн энгийн зүйлсээс эхэлдэг. Өөрийнх нь хүссэнээр ямар нэг юм бариулан, дараа нь тайлбарлаж өгөхийг хүсээрэй. Ингэснээр хүүхдийн төсөөлөн бодож ярих чадвар ч давхар хөгжинө.
Мөн цэцэрлэгт хүрээлэн, тоглоомын талбай, хотоор зугаалахдаа өөрөөс нь хэрвээ энэ гулсуур ямар байсан бол илүү өөрт нь таалагдах, байшинг ямар хэлбэр дүрс өнгөтэй байлгавал эвтэйхэн байх зэргийг асуугаарай. Мөн энийгээ цуг зурахыг урьж болно. Дараа нь цаас, хайрцаг зэргийг ашиглан биежүүлж болно.
2. Өөрийн гэсэн супер баатар бүтээхэд нь туслаарай
Хүүхэд болгон ямар нэг супер хүч чадалтай байхыг мөрөөддөг. Хүүхдээсээ ямар супер чадалтай болмоор байгааг, ямар өнгө загвартай өмсгөлтэй байхыг нь асуун хамт бүтээлцээрэй. Нэрнийх нь эхний үсэг энгэр нь томоос том бичээстэй байх зэрэг загвар гаргаж болно. Өөрийн гэсэн логотой байвал бүр янзтай. “Та бол хүүхдийнхээ анхны багш” номын зохиолч Rahima Baldwin “Хүүхэд бүхэн ямар нэгэн дүрд орж төсөөллийн ертөнцдөө амьдарч байгаа мэт жүжиглэдэг. Үүнийг нь дэмжиж өгвөл бүтээлч сэтгэлгээ нь хөгжинө” гэсэн байдаг.
3. Өөрсдийн комик ном бүтээгээрэй
Ямар ямар зан ааштай дүрүүд байх, ямар үйл явдал болох зэргийг хоорондоо ярин комик ном бүтээж болно. Хамт дүрүүдээ зуран ярианы хэсэг дээр юу гэж хэлэхийг хүүхдээсээ асуун бичээрэй. Хүүхэд бичих нь харилцааны нэг чухал хэлбэр гэдгийг ухаарч эхлэх үедээ маш их зүйлийг илэрхийлж эхэлдэг. Өдрийн тэмдэглэл хөтлөх, зохиож бичих зэрэг нь өөрсдийгөө илүү ухаж, гүнд байгаа бодлуудаа ил гаргахад тусална.
4. Гэр бүлийн номын клубтэй бол
Долоо хоног бүр хүүхдүүдийнхээ насанд тохирсон ном сонгон хамт уншицгаан ярилцаарай. Хамгийн гол нь хүүхэддээ санаагаа тулгах хэрэггүй. Харин тэдний гаргасан санааг ярилцан, өөрийн саналаа бас хэлж тайлбарлаж болно. Мөн бусад гэр бүлийн найзууд, хүүхдүүдийнхээ найзуудыг урьж илүү хөгжилтэй болгож болно.
5. Мэтгэлцээний уралдаан зохио
Хүүхдүүдийнхээ хооронд, эсвэл хүүхдийнхээ найзуудыг урин өөрсдийнх нь дуртай сэдвээр мэтгэлцүүл. Өөрийн санаагаа хэлэн, тэгийгээ батлах баримтуудтай тайлбарлана, бие биендээ найрсаг хандана гэх зэрэг дүрмүүдийг зааж өгнө. Ном унших, утсаар тоглох хоёрын аль нь сонирхолтой вэ, зайрмаг тараг хоёрын аль нь илүү вэ зэрэг сэдвүүд сонгоно. Гэр бүлийнхэн, найзуудыг нь үзэгч болохыг уриарай.
6. Гэр бүлийн кино хий
Гэртээ кино зохиолч, жүжигчид, найруулагч, зураглаач болцгоож яагаад болохгүй гэж. Өөрсдөө ярилцан ямар зохиолтой, ямар ямар дүр, ямар нүүр хувиралттай байх зэргээ хоорондоо ярилцан кино бүтээж болно. Хөгжилтэй бас дурсгалтай биш гэж үү?
ЭХ СУРВАЛЖ: WWW.PARENTS.COM